Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 759

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2 дугаар гудамжны 64 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОО66072505, Акима овогт Нанжингийн Цэвэлмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Н.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа амжилт гарган аймгийн аварга саальчин болж “Сайн малчны 3 дугаар зөвлөгөөн”-д явж байлаа. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоход бичиг баримт дутуу, сумын архив шатсан учраас шүүхэд хандаж байна. Аймгийн архивын газраас цалингийн тодорхойлолтоо шүүлгэж авсан болно. Иймд миний 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Цэвэлмаа нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үхэр маллаж сааль сааж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоход бичиг баримт дутуу, сумын архив шатсан учраас шүүхэд хандсан. Аймгийн архивын газраас цалингийн тодорхойлолтоо шүүлгэж авсан болно. Мөн хамт ажиллаж байсан Т.Нансал, Ж.Насан нарыг гэрчээр асуулгасан. Иймд Н.Цэвэлмаагийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Цэвэлмаа нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн Нанжингийн Цэвэлмаагийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн ХААХҮУ газраас 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Н.Цэвэлмааг шагнасан “Баярын бичиг”

3. Итгэмжлэл,

4. Гэрч Т.Нансалын шүүхэд өгсөн: “Би 1962-1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Би Н.Цэвэлмааг 2, 3, 4 дүгээр бригадад отор нүүдэл хийж байсныг санаж байна. Тэгэхэд манай нөхөр суурийн ахлагч нь байсан юм. Түүний ээж нь намайг нэгдлийн агент хийж байхад манайд сүүгээ ирж тушааж, бараагаа авдаг настай хүн байж байгаад 1980 оны сүүлээр нас барсан байхаа. Тухайн үед Н.Цэвэлмаа ээжийгээ дагаад мал маллад явдаг, ээжийгээ нас барахад малаа бие даан маллаж 1990 он гарсан юм. Би Н.Цэвэлмааг сайн ажиллаж байсан, эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд надтай хамт явж байсан учраас сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ж.Насангийн шүүхэд өгсөн: “Би 1971-1992 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд боловсон хүчний эрхлэгч, нярав, нягтлан бодогч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан тул Н.Цэвэлмааг багаасаа ээжийн хамт мал маллаж байсныг сайн мэднэ. Н.Цэвэлмаагийн ээж нь 1980 оны өвөл нас барахад 1981 оны 1 дүгээр сараас эхлэн өөрөө бие даан ээжийнхээ малыг маллаж эхэлсэн санагдаж байна Улмаар 1990 оны сүүл 1991 оны хувьчлал явагдах хүртэл ажилласан байхаа. Би Н.Цэвэлмааг нэг нутгийн хүмүүсийн хувьд, түүний ээжийг нь сайн таньдаг байсан, намайг нэгдлийн боловчсон хүчин хийж байхад ээж нь нас барж, нэгдлээс тусламж дэмжлэг үзүүлж байсан учраас сайн мэддэг юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Т.Нансал, Ж.Насан нарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Н.Цэвэлмаа нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн Н.Цэвэлмаагийн цалингийн тодорхойлолт, малчнаар ажиллаж байхдаа шагнуулсан “Баярын бичиг”, гэрч Т.Нансал, Ж.Насан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Акима овогт Нанжингийн Цэвэлмаагийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР