Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 0318

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч У.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-т холбогдох эрүүгийн 1925006430402 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, У.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадаа 2019 оны 09 сарын 07-ны орой иргэн Б.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч У.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би ер нь архи нэг их уудаггүй. Бааранд нэг эгч надтай бүжиглэж байтал нэг залуу ирээд над руу дайраад байсан. Тэр ах нилээн согтуу байсан. Надад миний эмэгтэйг авч явах гэлээ гээд дайраад байсан. Би сандарсандаа нэг цохисон. Бид 2 зууралдсан. Хамарнаас нь цус гарч байсан. Энэ үйлдэл миний буруугаас болсон. Ойлгож гэмшиж байна. Надаас хохирол нэхэмжлээгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 09 сарын 07-ны орой хамт ажилладаг Баасанбат, Ганбаяр, Даваасүрэн нарын хамт “Богд гол” бааранд орсон. Ороод 2 шил архи хувааж уугаад байж байтал тус бааранд үйлчлүүлж байсан үл таних нэг залуутай маргалдсан. Тэгээд бид хоёр баарнаас гарах гээд үүдээр гарахад тэр залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай баарны үүдэнд зууралдаад ноцолдсон. Удалгүй тэр залуу яваад өгсөн. Намайг тэр залуутай маргалдаж байхад нэг махлаг залуу салгаж байсан санагдаж байна. Надад одоо гомдол санал байхгүй. Би тэр залуугаас нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь би тэр залуутай маргалдах болсон шалтгаан нь надаас болсон. Би нэлээн согтуу биеэ муухай авч явсан байна лээ гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/

 

-Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 09 сарын 07-ны өдөр ажлынхаа Ганхуяг, Даваасүрэн, Нямсонгууль нартай “Богд гол” бааранд архи ууж байгаад Ачит буудалд найз дээрээ очоод гараад буцаад “Богд гол” баарлуу орох гэтэл үүдэн дээр Ганхуяг ахыг хар өнгийн цамц, өмдтэй залуу газар унагаачихсан зодож байсан. Би улмаар салгасан чинь хамт явсан найз нь намайг чулуугаар цохисон. Тэд нар нилээн олуулаа явсан. Ганхуяг ахыг зодсон залууг зүс танина нэрийг нь мэдэхгүй, хүмүүсээс сурахад олдоно. Тэр залуу Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын бааз дээр ажиллаж байсан. Би сүртэй бэртэл гэмтэл аваагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Гол нь Ганхуяг ахыг миний зүс таних залуу зодож байгаад намайг хараад зугтаад бараан захын ардуур буюу худалдааны гудамжаар гүйгээд явсан. Миний зүс таних залуу зодож байсан. Ганхуяг ахын царай танигдахын аргагүй болсон байсан. ...“Богд гол” баарны яг уүдэнд газар унагаагаад өөрөө дээр нь гараад зогсоод нэг гараараа цамцнаас нь бариад нэг гараараа нүүр лүү нь гараараа цохиж байсан гэсэн мэдүүлэг /хх 15- 16, 17-18, 19-20 ху/,

 

-Гэрч Ж.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...40 орчим насны эрэгтэй хүн болон Энхболдтой уулзсан Батхуяг гэх залуу гарч ирээд хоорондоо муудалцаад зодолдох гээд байхаар нь би салгах гээд голоор нь ортол ахимаг настай эрэгтэй хүн Батхуягийг цохих гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад ноцолдоод байсан. Батхуяг нүүрэн тус газар нь цохисон үеэс цустайгаа холилдсон гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/

 

-Яллагдагч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Богд гол” бааранд 22 цаг өнгөрч байхад очсон. Би очоод найзуудтайгаа сууж байгаад бүжиглэхээр боссон. Тэгсэн чинь нэг эмэгтэй хүн надтай бүжиглээд байсан чинь гэнэт нэг үл таних хүн ирээд уурлаад байсан. Би тэр үед нь энэ эмэгтэй надад хамаагүй ээ, би зүгээр л бүжиглэсэн гэж хэлтэл учир зүггүй уурлаад үг хүлээж авахгүй байсан. Би надтай хамт бүжиглэж байсан эмэгтэйг огт танихгүй анх удаа бааранд харсан. Тэгээд тэр үл таних хүн намайг гадагшаа дагуулаад гарсан. Би урд нь алхаад баарны үүдээр гарсан чинь тэр ах араас учир зүггүй дайраад намайг цохих гээд байсан. Эхлээд нэг удаа цохих гэтэл би бултсан. Дараа нь дахиад цохих гээд дайраад байхаар нь Хашбат бид хоёрын дундуур ороод салгах гэж оролдсон. Тэр үед би уурандаа үл таних ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр ахын хамарнаас цус гарсан чинь тэр ах надтай зууралдаад байсан. Би тэр ахыг тавих юм болбол намайг цохих гээд байсан. Тэгээд би тэр ахад зодуулахаас айгаад зугтаагаад явсан

гэсэн мэдүүлэг /хх 21-22, 61-62 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 599 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Г-н биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, баруун зүүн тохой, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Нүдний ухархайн хананы, нүдний алимны доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 2019 оны 09 сарын 07-ноос 08-ны хооронд үүссэн байж болно.

5. Шинэ гэмтлүүд байна.

6.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 34 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 615 дугаартай дүгнэлтэнд:

1. У.Б-ийн биед зүүн шилбэнд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Гэмтэл нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр үүссэн байж болно. Баруун гарын ядам хурууны өөрчлөлт нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт / хх 38 ху/,

 

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 3 ху/

            -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6 ху/

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/

            -Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 24-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх 50-54 ху/,

-У.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57, 61-62 ху/  зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч У.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадаа 2019 оны 09 сарын 07-ны орой иргэн Б.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Бааранд нэг эгч надтай бүжиглэж байтал нэг залуу ирээд над руу дайраад байсан. Тэр ах нилээн согтуу байсан. Надад миний эмэгтэйг авч явах гэлээ гээд дайраад байсан. Би сандарсандаа нэг цохисон. Бид 2 зууралдсан. Хамарнаас нь цус гарч байсан. Энэ үйлдэл миний буруугаас болсон. Ойлгож гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ганхуягийн “...Ороод 2 шил архи хувааж уугаад байж байтал тус бааранд үйлчлүүлж байсан үл таних нэг залуутай маргалдсан. Тэгээд бид хоёр баарнаас гарах гээд үүдээр гарахад тэр залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай баарны үүдэнд зууралдаад ноцолдсон. Удалгүй тэр залуу яваад өгсөн. Намайг тэр залуутай маргалдаж байхад нэг махлаг залуу салгаж байсан санагдаж байна. Надад одоо гомдол санал байхгүй. Би тэр залуугаас нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь би тэр залуутай маргалдах болсон шалтгаан нь надаас болсон” гэсэн /хх 8-9 ху/, гэрч А.Баасанбат /хх 15-20 ху/, гэрч Ж.Хашбат /хх 23-24 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүр, баруун зүүн тохой, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 599 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч У.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй, “Би тэр залуугаас нэхэмжпэх зүйл байхгүй. Учир нь би тэр залуутай маргалдах болсон шалтгаан нь надаас болсон” гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч У.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                                              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Б нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд

сард 100.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА