Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 0328

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч З.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-д холбогдох эрүүгийн 1925005190353 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, З.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч З.Б нь 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 сарын 25-ны өдрүүдийн хооронд иргэн П.Г-ийг Дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгнө гэж хуурч 1.550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч З.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргахгүй. Гомбодоржийг ажилд оруулна гэж 1.550.000 төгрөг авсан нь үнэн. Би тоглож байгаад өрөнд орсон байсан юм. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би машинаа зараад хохирлыг төлсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 28-ны өдөр Бавуудорж гэдэг зүс таних залуутай таарсан. Бавуудорж хаана ажиллаж байгаа вэ гэж асуусан. Би Ора метал гэдэг төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би ажил асуусан чинь түгээлтийн жолооч хийх үү би ажил олж өгч чадна шүү таньж мэддэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би ажил мэдэж байгаарай дүү гээд утасны дугаараа өгсөн. Тэгээд 3 минутын дараа Бавуудорж над руу залгаад манай хуурай ах Дамба гэдэг хүн Эрдэнэт дулааны цахилгаан станцад ажилладаг юм. Тэтгэвэрт гарч байгаа юм та бичиг баримтаа бүрдүүлж ирээд ажилд орох уу гэж надад хэлсэн. Тэгээд би бичиг баримтаа аваад Бавуудоржийн Соната-6 маркын тээврийн хэрэгсэлтэй Дулааны цахилгаан станц орсон. Дулааны станц орсон чинь Бавуудорж сууж бай би орж уулзаад өгчихөөд гараад ирье гэж надад хэлсэн. 2019 оны 07 сарын 01-ний өдөр над руу Эрдзнэт дулааны цахилгаан станцын хүний нөөц Эрдэнэболд гэх хүн надруу залгасан. Тэгээд ковшны үнэмлэх аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь надад ковшны үнэмлэх байхгүй гэсэн чинь би аргалаад өгье үнээ хэлчих гэсэн тэгэхээр нь би хэлээгүй юм. Тэгсэн чинь 3 орчим минутын дараа 500.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд миний данс хяналттай байдаг би өөр хүний данс өгье тэр данс руу явуулчихаарай гэсэн. Тэгээд 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Эрдэнэболд гэх хүн надруу залгаад дүү мөнгө орсон шүү маргааш үлдсэнийг нь авъя гэсэн. 2019 оны 07 сарын 03-ны өдөр дахиж Эрдэнэболд гэх хүн залгаад бас өөр хүний данс өгөөд 200.000 төгрөг өгсөн. 2019 оны 07 сарын 06-ны өдөр Дамба гэх хүн залгаад ковшны үнэмлэхээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд Бавуудорж би Дамбыг аргалж байя та ажилд орохоосоо өмнө үнэмлэхтэй бол гээд би сургалтын төвтэй ярьчихлаа, 850.000 төгрөг гэж байна, наадмын дараа гаргаж болох юм байна гэж хэлээд 850.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би одоохондоо боломжгүй байна, миний дансанд 600.000 төгрөг байна компаний орлогоос 200.000 төгрөг нэмээд өгье гээд 2019 оны 07 сарын 13-наас өмнө олоод өгчихөөрэй гэсэн. Тэгээд маргааш нь ажил дээр нь Хар пизза гэдэг газар 200.000 төгрөг өгсөн. Маргааш нь Бавуудорж залгаад 600.000 төгрөг авах хэрэгтэй байна гээд Булган аймгийн Хангал суманд байдаг төрсөн аав Пүрэвжаваас 600.000 төгрөг аваад Бавуудоржид ажил дээр нь бэлнээр өгсөн. ...Бавуудорж надаас нийт 1.550.000 авсан. ...Миний хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/,

 

-Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 29-ний өдөр манай нөхрийн утас руу хүний нөөцөөс ярьж байна гээд яриад байсан. Тэгээд тэр хүний нөөцөөс ярьсан хүн нь 300.000 төгрөг шилжүүлчих гээд Хаан банкны Ганбат гэх хүний 5094410885 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Хүний нөөцийн хүн болохоор өөр хүний данс ашиглахгүй бол болохгүй гэж хэлсэн. 2019 оны 06 сарын 30-ны өдөр Ганнэмэх гэсэн хүний Хаан банкны 5095122206 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

 

-Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...танил Бавуудорж дансны дугаараа өгөөч надад хүн мөнгө шилжүүлэх ёстой юм  гэж хэлээд миний 5094410889 дугаарын дансыг авсан. Удаагүй Хаан банкны 5094549733 гэсэн данснаас 300.000 төгрөг шилжиж орсон.  Тэгээд Бавуудоржид мөнгө чинь орсон байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

 

-Яллагдагч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гомбодорж ах надаас ажил асуухад нь манай ээжийн төрлийн нэг ах Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажилладаг, тэр хүн уг нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад өөрийнхөө оронд хүн оруулах байх гэж хэлсэн. Тэгээд би Гомбодорж ахад цахилгаанчин мэргэжлээр суралцах юм бол миний оронд Эрдэнэт дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Гомбодорж ах намайг ажилд оруулж өгвөл гомдоохгүй шүү гэж хэлсэн юм. Би 1 цагийн дараа Гомбодорж ах руу залгаж яриад бичиг баримтаа аваад гараад ир гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 2-13-р байрны нотариат орж бичиг баримтын канондуулсан. Тэгээд бид хоёр тэндээсээ Эрдэнэтийн дулааны цахилгаан станц дээр очсон. Станцын гадна очоод би Гомбодоржийг машиндаа сууж бай гэж хэлж үлдээгээд өөрөө машинаас буугаад дулааны цахилгаан станц руу орж байгаа юм шиг яваад үүдэнд орж хэсэг зогсож байгаад эргээд гарч ирсэн. Эргэж гарч ирээд Гомбодоржид ямар нэгэн хэлээгүй явья гээд хамт хотын төв рүү орж ирээд Есөн-Эрдэнэ захын орчим Гомбодорж бид хоёр салсан. Гомбордожоос ахаас салж яваад нэг цагийн дараа Гомбодорж ах руу утсаар яриад танд 200.000 төгрөг байна уу хэрэв байвал надад мөнгө зээлээч гэсэн чинь за за гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа Гомбодорж ах над руу залгаад Есөн-Эрдэнэ зах дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь Гомбодорж ах ганцаараа надтай уулзаад 200.000 төгрөг надад өгсөн. Маргааш нь байна уу нөгөөдөр өдөр нь байна уу би таксинд явж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь өөрийнхөө үйлчилж байсан хүнээс та манай нэг ахтай яриад өгөөч “...та Эрдэнэтийн станцын хүний нөөцийн ажилтан болоод яриад өгөөч манай ах байгаа юм би дараа нь учрыг нь олоод хэлнэ” гээд тэр хүнд ярих үгийг нь зааж өгсөн. Тэгээд би тухайн үйлчлүүлж байсан эрэгтэй хүнд өдөр таксинд явсан орлого 32.000 төгрөг бэлнээр өгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-14-р байрны гадна буулгасан. Тэгээд би мөнгөө манай хар пизза гэдэг газар ажилладаг Эрдэнэжаргалын нөхөр Ганбатын 5094410885 дугаарын хаан банкны дансыг авч 300.000 төгрөг авсан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Гомдоржыг ажилд оруулж өгөх зорилгоор 200.000 төгрөг Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-р байрны Бадрах гэдэг хүнсний дэлгүүрийн 5095122206 дугаарын дансаар 200.000 төгрөг шилжүүлж авсан. Маргааш нь кобши дээр явж дадлага хийх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би наадмын талбайн урд замыг засаж байсан кобши дээр очсон чинь 30 орчим насны эрэгтэй залуу байсан. Тэгхээр нь би манай танил ах кобши унаж сурах хэрэгтэй байна та сургаад өгч болох уу гэж асуусан чинь болно гэж хэлсэн. Тэгээд би ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй би Гомбодорж ахыг 30.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд хэд хоног дадлага маягаар явсан. 2019 оны 07 дугаар сарын 05-наас 06-ны өдөр Гомбодорж ах руу залгаад Кобши үнэмлэх гаргаад өгөх хүн олсон та 800.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Удаачгүй манай ажлын гадаа ирээд надаа бэлнээр 800.000 төгрөг надад өгсөн юм. Надад Эрдэнэт дулааны цахилгааны станцад ажилладаг танидаг хүн байхгүй гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,

 

-З.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-23 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/

              -Хохирол төлсөн баримт /хх 45 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч З.Б нь 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 сарын 25-ны өдрүүдийн хооронд иргэн П.Гийг Дулааны цахилгаан станцад ажилд оруулж өгнө гэж хуурч 1.550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргахгүй. Гомбодоржийг ажилд оруулна гэж 1.550.000 төгрөг авсан нь үнэн. Би тоглож байгаад өрөнд орсон байсан юм. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Гийн “2019 оны 06 сарын 28-ны өдөр Бавуудорж гэдэг зүс таних залуутай таарсан. Бавуудорж хаана ажиллаж байгаа вэ гэж асуусан. Би Ора метал гэдэг төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би ажил асуусан чинь түгээлтийн жолооч хийх үү би ажил олж өгч чадна шүү таниж мэддэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би ажил мэдэж байгаарай дүү гээд утасны дугаараа өгсөн. Тэгээд 3 минутын дараа Бавуудорж надруу залгаад манай хуурай ах Дамба гэдэг хүн Эрдэнэт дулааны цахилгаан станцад ажилладаг юм. Тэтгэвэрт гарч байгаа юм та бичиг баримтаа бүрдүүлж ирээд ажилд орох уу гэж надад хэлсэн.... Бавуудорж надаас нийт 1.550.000 төг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/, гэрч Б.Цэрэнханд /хх 11 ху/, гэрч Ч.Ганбат /хх 15-16 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 1.550.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч З.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Б нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА