Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 704

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Шонтуул овогт Чундын Алтанбаатар холбогдох эрүүгийн 1905026870000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар  сарын 16-ны өдөр Улаанбаатар төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, газар тариалангийн ажил эрхэлдэг,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн  хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 96 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Сумын гурван удаагийн аварга тариаланч, аймгийн тэргүүний тариаланч, Шонтуул овогт Чундын Алтанбаатар /РД:МО83031610/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.А- нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейд ХХК-ийн шатахуун түгээгүүрийн станцын хажууд иргэн У.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж У.Ууганбаярын биед халдан зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А- нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Магнай трейд ХХК-ийн шатахуун түгээгүүрийн станцын хажууд иргэн У.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж У.Ууганбаярын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч У.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт дохионы орчим би 22 цаг 20 минутын орчим өөрийн эзэмшлийн приус маркийн 83-29 УБЛ маркийн дугаартай машинтай явж байтал цагаан өнгийн Альпард маркийн машин миний машины урд гарчихаад удаан 20 мл-тэй яваад байсан. Би хажуугаар гарах гэхээр дарж орж ирээд байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь гарах үедээ арай жоохон хурдан явчих гэж хэлсэн. Тэгэхэд чамаар хурдан явахаа заалгах юм уу гэхээр нь би чи бусдын хөдөлгөөнд саад учруулах чинь хориотой гэхэд нөгөө машин барьж явсан залуу машинаасаа бууж ирээд миний машины зүүн гар талын жолоочийн талын хаалгыг нээгээд намайг нэг удаа баруун хөлөөрөө хавирга руу өшиглөсөн. Би хөөе чи яагаад байгаа юм гээд машинаас буугаад ирэхэд миний нүүр рүү баруун гараараа 3-4 удаа цохисон. Би чамайг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ, чи утасны дугаараа өг гэхэд тэр муу цагдаа нартаа хэл гэж хэлээд 88098679 дугаарыг өгсөн. Би тэндээс хөдлөөд 25-ын уулзвар дээш явах гэхэд араас ирэхээр нь би замын баруун тийш нь шахаад зогсоход нөгөө залуу машинтайгаа зогсоод араас бууж ирээд машинаас би буух гэхэд цонхоор гараа оруулж нүүр рүү 2-3 удаа цохиод, 2 чихнээс зулгааж фудболк заамдаж татаж урчихаад яваад өгсөн. Би маргааш нь энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч хандсан. Намайг уг залууд зам дээр хурдан явсангүй гэж шаардлага тавьсан чинь уурлаад зодох болсон. Түүнээс уг залууг би огт танихгүй тэр үед л анх таарч царайг нь харсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 10-13 тал/,

Шүүгдэгч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн 17-84 ДАХ улсын дугаартай автомашинтай Саппорогоос Хороолол чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байсан. Би замын 3 дугаар эгнээнд явж байхад тэр залуу намайг машинаараа шахаад урд хойгуур сүлжээд байсан. Тэгээд 10 дугаар хорооллын МТ ШТС-ын гэрлэн дохио дээр зэрэгцээд ирээд зогссон. Нөгөө жолооч цонхоо онгойлгоод чи дүрэм мэддэг пизда юу гээд намайг өдөөд байсан. Би машинаасаа буугаад нөгөө жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод толгойгоо оруулахад нөгөө жолооч миний дух руу цохисон. Би эргүүлээд жолоочийн мөр лүү хөлөөрөө жийсэн чинь жолооч бууж машинаа тойрч ирээд бид 2 нэг нэгийгээ заамдаж зуурсан тэр үед арын машинууд сигнаал дараад яв гээд байсан. Бид хоёр салаад машин машиндаа суугаад явсан. Дахин 25-р эмийн сангийн гэрлэн дохио дээр нөгөө машин шахаад ороод ирсэн. Нөгөө жолооч гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд зураг дарсан. Би өргөө кино театрын тал руу өгсөх үед дахин нөгөө жолооч намайг шахсан. Чи чинь нойтон хамуу шиг залуу вэ гээд би буугаад очиход нөгөө жолооч миний фудболкноос зуураад авсан. Би нөгөө жолоочийн фудболкыг татаад урсан. Нөгөө жолооч би таксинд явж байна хүнээ буулгаад хоёулаа уулзана гэхээр нь би тэгээ тэг гэж хэлээд тэрнээс хойш маргаан үүсгээгүй салсан. Тэгтэл цагдаад өргөдөл гаргасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7182 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтэнд: “...У.Ууганбаярын биед зүүн эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариунулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид алтанданд нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/, хохирлын талаарх баримт /хх-ийн 17 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ч.А-ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч У.Ууганбаярын биед “зүүн эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хэргийн 15 дахь талд авагдсан шинжээч эмчийн 7182 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Ч.А-ын хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ч.А- гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээгүүрийн станцын хажууд иргэн У.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж У.Ууганбаярын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ч.А- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч У.Ууганбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.А- танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А- өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шонтуул овогт Чундын Алтанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА