| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0334/Э |
| Дугаар | 0333 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 0333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Онарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1825004870210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 сарын 13-ны өдөр Б.С-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч 600.000 төгрөг, 2017 оны 8 сард Ж.Быг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч 1.100.000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би буруугаа ойлгож байгаа. Улсын яллагчийн дүгнэлтэнд дурьдсан зүйлийг зөвшөөрч байгаа. Өөр үйлдэл байхгүй. Батбаярыг танина. Сарангэрэлийг танихгүй. Сарангэрэлээс 600.000 төгрөг, Батбаяраас 1.100.000 төгрөг авсан нь үнэн. Эсэргүүцэх зүйл алга. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад 2 шалтгаан байсан. 1 дэх нь би урьд нь 2 хүнийг ажилд оруулж өгсөн нь үнэн. 2 дахь нь 2-23-т байдаг байраа зарснаас гэр бүлийн дунд маргаан гарсан. Би өртэй байсан учир байрны мөнгөө авч өрөө дарах байсан. Гэтэл хойд аав Даваадорж эцэг өөртэй дүү 2 маань байрны мөнгийг авсан болохоор би өрөө төлж чадаагүй. Одоо төрсөн ах Батцэнгэл хохирлуудыг төлж барагдуулсан. Би одоо их зүйлийг ойлгосон. Нөхцөл байдлыг маш сайн тунгаан бодсон. Одоо биеийн байдал тааруу байгаа. Ах, охин хоёроо бодоод цаашдаа зөв сайхан амьдрах итгэл байгаа. Хийсэн хэргээ гэмшиж байгаа. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би энэ Болормаа гэж эмэгтэйтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй, энэ хүн нь миний багш Баярсайхан гэдэг эгчийг таньдаг юм байна лээ. Би багшдаа ажил мэдэж байгаарай гэж хэлсэн юм. Тэгсэн чинь багш маань 2017 оны 10 сарын 09, 10-ны өдрийн үед над руу яриад Эрдэнэт үйлдвэрт нэг хүн үйлчлэгчээр оруулаад өгөх хүн олсон юм, чи орох уу гэж байсан. Би тэгье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 сарын 13-ны өдөр Д.Б гэдэг эмэгтэй нь утсаар ярьж чамайг Эрдэнэт үйлдвэрт оруулна гээд ярьсан, чамайг ажилд оруулах гэсэн чинь хүн хоолонд оруулах хэрэгтэй байна гэж байсан. Хоолонд оруулах гэж байгаа хүнээ хэлээгүй, ямар ч байсан Гендрекцэд ажилладаг хүн гэж байсан. Тэгээд намайг тэр өдөр хүнээс ч хамаагүй хүүтэй мөнгө зээлдээд 400.000 төгрөг өгчих гэж байсан. Тэгэхээр нь би 400.000 төгрөг Болормаагийн өгсөн Капитрон банкны данс байсан санагдаж байна, тэр данс руу нь явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа нэг хүний гарын үсэг дутуу гэж байсан. Дараа нь мөн ярьж асуухад намайг эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай гэж байсан. Тэгээд би мөн 2-3 хоногийн дараа ярьж юу болсон талаар асуухад чи доошоо үйлдвэр лүү очиж хувцсаа авна шүү гэж байсан. Тэгээд над руу өөрөө ярина гэж байсан. Ингэж явсаар 11 сар гарсан юм. Тэгээд 11 сарын 22-ны өдөр ярьж дахиад хүн хоолонд оруулах хэрэгтэй боллоо гээд надаас өөрийнхөө охины дансаар 200.000 төгрөг авсан. Тэгээд мөн л таг чиг болсон. Би бүр сүүлдээ ажилд оруулж өгөх боломжгүй бол мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь хүүг нь өгнө гэж байсан. Тэгээд миний данс руу 200.000 төгрөг явууллаа гэсэн чинь ирээгүй, өөрөөс нь асуусан чинь андуурсан байна гэж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 30 ху/,
-Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2017 оны 8 сард намайг хөдөө явж байхад миний гар утас руу эгч Тунгалаг залгаад энд нэг хүн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж байна, чи ажилд орох уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн юм. Тэр өдрийн орой хөдөөнөөс гэртээ ирээд Тунгалаг эгчтэй уулзаад Хүрэнбулаг баг 4-20 дугаар байрны 2 дугаар орцны 6 давхарт байх Болормаа гэдэг хүний гэрт очиж уулзсан, тухайн үед Болормаа нь гэртээ ганцаараа байсан, Болормаа нь надад хандаж үнэхээр хүсэж байвал би Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгч чадна, чиний мэргэжил юу юм бэ гэхээр нь уулын тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй гэж хэлэхэд мэргэжлийн ажил олдох боломжтой юм байна, чи эхлээд 800,000 төгрөгийг өгөх хэрэгтэй гэж хэлээд Хаан банкны дансны дугаар өгсөн, надад өгсөн дансны дугаар руу мөнгөө шилжүүлэхэд Болормаагийн дансны дугаар биш өөр хүний дансны дугаар байсан, тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа Болормаа дахиад 300,000 төгрөг нэмж авах хэрэгтэй байна гэж бэлнээр авсан юм. Мөнгө өгсөний дараа Болормаатай 99356523 дугаарын утсаар ярихад ажилд орох боломжтой байна. Би хөөцөлдөж байна, чи хүлээгээд байж бай намайг дуудахад бэлэн байгаарай гэх мэтээр худлаа ярьдаг байсан, би Болормаа гэх хүнд итгээд цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Аргаа бараад цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн юм гэсэн мэдүүлэг /1 хх 136-137 ху/,
-Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2016 оны намар Орхон аймагт Ачит эмнэлэгт хэвтэж байсан. Тэр үедээ Д.Б гэх хүүхэнтэй нэг өрөөнд хэвтэж таарсан юм, тэгээд танилцаж байсан юм. Тэрээр тухайн үедээ нэг л ажил хэрэгч маягийн эмэгтэй байсан. Тухайн үедээ нэг нэгнийхээ гар утсыг өгч авалцаж байсан. Тэгээд 2017 оны намар 10 сард над руу яриад манай ээж Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад нас барсан юм, тэгээд оронд нь нэг хүн оруулах ёстой юм, танай дүү нараас ажилд орох хүн байна уу гэж асууж байсан. Би надад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь 2 цагийн дараа залгаад таны ойр дотны хүн байхгүй юм уу, миний ойр дотны хүмүүс цэвэрлэгч хийхгүй гээд томроод байна гэж байсан. Тэгэхлээр нь би шавь нараа бодож байгаад Б.Сд хэлсэн юм. Тэгээд Болормаагаас юу бүрдүүлэх вэ гэж асуусан, мөн мөнгө төгрөг байхгүй шүү гэж хэлж байсан. Тэр ээжийнхээ оронд буян болоод нэг хүн оруулчихмаар байна гэж байсан. Болормаа тухайн үедээ Эрдэнэт үйлдвэрийн сайт руу ороод анкет бөглөөд явуул гэж байсан. Тэгээд сайтаас нь анкет татаж аваад бөглөсөн юм. Би тэр өдрөөс хойш дахин энэ хоёртой холбогдоогүй. Тэгээд хэд хоногийн дараа Сарангэрэлийн ээж над руу залгаад нөгөө ажил нь юу болсон бэ гэж асууж байсан. Ээж нь 4 хүний гарын үсэг зуруулна, хоолонд оруулах мөнгө хэрэгтэй гээд 400.000 төгрөг Болормааг авчихлаа гэж байсан. Мөн дараа нь 200.000 төгрөг авсан байсан. Тэгээд би одоо мөнгө төгрөг нэхэх юм бол өгч болохгүй шүү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1 хх 38-39 ху/,
-Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай нөхөр Батбаяр нь өөрийнхөө эгч Тунгалагаар дамжуулан Болормаа гэж эмэгтэйтэй танилцсан юм. Болормаа нь манай нөхрийг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж 800.000, 300.000 мянган төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг авч залилсан юм. Тунгалаг нь Батбаярын төрсөн эгч байгаа юм. Болормаа нь Тунгалагийн танил эмэгтэй байгаа юм гэсэн мэдүүлэг /1 хх 146 ху/,
-Гэрч Ж.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ж.Б нь миний төрсөн дүү байгаа юм. 2017 оны 07 дугаар сард ажил дээр байж байтал манай Ачит холдинг худалдааны төвд Болормаа гэж эмэгтэй Нөат-ийн падаан хэвлэдэг машинуудыг торонд хийчихсэн, Үүнийг сонирхож байгаа хүн байна уу гэсэн. Тэгэхээр нь би хэвлэгч машиныг сонирхоод 150.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Болормаа нь өөрийгөө “Сэрэх дуудлага” Төрийн бус байгууллагын захирал ажилтай, сайн дурын тусламжийн байгууллага гэж хэлсэн. Мөн өөрийгөө олны танил, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулах хүн байвал уулзуулаарай гэж хэлээд дугаараа солилцоод өнгөрсөн юм. Тухайн үед Батбаяр нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орох хүсэлтэйгээ надад удаа дараа ярьдаг байсан болохоор нь Болормаагийн дугаарыг Батбаярт өгсөн юм. Ингээд Батбаяр Болормаатай уулзаад 800.000 мянган төгрөг, 300.000 төгрөгийг тус тус өгсөн байсан гэсэн мэдүүлэг /1 хх 149 ху/,
-Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эрдэнэт үйлдвэрт ажлын байр гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтаар ажилд авч байгаа. ...орон тоо гарсан цехүүд, бүтцийн нэгжүүдээс орон тооны мэдээллээ ирүүлдэг. Тэр мэдээллийг үндэслээд Захиргаа хүний нөөцийн бодлогын дарга сонгон шалгаруулалтаар /хүн ажилд авах/ шийдвэр гаргадаг юм. Үүний дагуу ажлын хэсэг гарч байгаад ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эцэст нь ерөнхий захирлын шийдвэр гарч ажилд авдаг гэсэн мэдүүлэг /1 хх 150-151 ху/,
-Д.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 хх 1-10, 128-131 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 53, 156 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 1 хх 54-72 ху/
-Улсын дээд шүүхийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолын хуулбар / 1 хх 116-118 ху/
-Хохирол төлсөн баримт / 2 хх 34-37 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь Эрдэнэт үйлдвэр ХХК-нд ажилд оруулж өгнө гэж 2017 оны 10 сарын 13-ны өдөр Б.Сээс 600.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард Ж.Баас 1.100.000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би буруугаа ойлгож байгаа. Улсын яллагчийн дүгнэлтэнд дурьдсан зүйлийг зөвшөөрч байгаа. Өөр үйлдэл байхгүй. Би энэ хүмүүст Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэж хэлээгүй. Батбаярыг танина. Сарангэрэлийг танихгүй. Сарангэрэлээс 600.000 төгрөг, Батбаяраас 1.100.000 төгрөг авсан нь үнэн. Эсэргүүцэх зүйл алга. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Сийн “...багш маань 2017 оны 10 сарын 09, 10-ны өдрийн үед над руу яриад “Эрдэнэт үйлдвэр”-т нэг хүн үйлчлэгчээр оруулаад өгөх хүн олсон юм, чи орох уу гэж байсан. Би тэгье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 10 сарын 13-ны өдөр Д.Б гэдэг эмэгтэй нь утсаар ярьж чамайг Эрдэнэт үйлдвэрт оруулна гээд ярьсан, чамайг ажилд оруулах гэсэн чинь хүн хоолонд оруулах хэрэгтэй байна гэж байсан. ...Тэгээд намайг тэр өдөр хүнээс ч хамаагүй хүүтэй мөнгө зээлдээд 400.000 төгрөг өгчих гэж байсан. Тэгэхээр нь би ...400.000 төгрөг Болормаагийн өгсөн Капитрон банкны данс байсан санагдаж байна, тэр данс руу нь явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа нэг хүний гарын үсэг дутуу гэж байсан. Дараа нь мөн ярьж асуухад намайг эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай гэж байсан. Тэгээд би мөн 2-3 хоногийн дараа ярьж юу болсон талаар асуухад чи доошоо үйлдвэр лүү очиж хувцсаа авна шүү гэж байсан. Тэгээд над руу өөрөө ярина гэж байсан. 11 сарын 22-ны өдөр ярьж дахиад хүн хоолонд оруулах хэрэгтэй боллоо гээд надаас өөрийнхөө охины дансаар 200.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /1 хх 30 ху/, хохирогч Ж.Бын “...Тунгалаг эгчтэй уулзаад Хүрэнбулаг баг 4-20 дугаар байрны 2 дугаар орцны 6 давхарт байх Болормаа гэдэг хүний гэрт очиж уулзсан, тухайн үед Болормаа нь гэртээ ганцаараа байсан, Болормаа нь надад хандаж үнэхээр хүсэж байвал би Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгч чадна, чиний мэргэжил юу юм бэ гэхээр нь уулын тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй гэж хэлэхэд чиний мэргэжлийн ажил олдох боломжтой юм байна, чи эхлээд 800,000 төгрөгийг өгөх хэрэгтэй гэж хэлээд хаан банкны дансны дугаар өгсөн, надад өгсөн дансны дугаар руу мөнгөө шилжүүлэхэд Болормаагийн дансны дугаар биш өөр хүний дансны дугаар байсан, тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа Болормаа дахиад 300,000 төгрөг нэмж авах хэрэгтэй байна гэж бэлнээр авсан юм” гэсэн мэдүүлэг /1 хх 136-137 ху/, гэрч П.Баярсайхан мэдүүлэг /1 хх 38-39 ху/, мөн гэрч Н.Мөнхтуяа /1 хх 146 ху/, Ж.Тунгалаг /1 хх 149 ху/, Н.Энхболд /1 хх 150-151 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-д 400.000 төгрөгийн, Ж.Б-т 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учирсаныг шүүхийн шатанд шүүгдэгч төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг байдлыг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулсаныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор 6 жил, 01 сарын хугацаагаар тогтоож өөрчлөлт оруулан шийдвэрлэж, шүүгдэгч нь уг ялыг ШШГГ-ын 407 дугаар нээлттэй хорих байгууллагад эдэлж байгаа бөгөөд хорих байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтоор шүүгдэгч нь 1 жил 01 сар 22 хоногийн ялыг биеэр эдэлж, одоо 4 жил 11 сар 08 хоногийн хорих ял үлдэж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь 52 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоол, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор оногдуулсан 6 жил, 01 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил, 11 сар, 08 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 08 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн эдлэх 5 жил, 08 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тус шүүхийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА