Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 0334

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.М

Шүүгдэгч Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 1925004880342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Ц

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайд иргэн С.Дангаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр Дангаасүрэнгийн гавал тархины битүү гэмтэл учирсан гэсэн байсан. Би наадмаар бөх тайлбарлаж байсан. Надаар цохиулснаас хойш 3, 4, 5 даваанд барилдаад явж байсан. Ер нь бол урьд нь Дангаасүрэн үйлдвэрт авто ачигч шахах гэсэн. Би шаардлага хангахгүй гээд буцаасан. Үүнээс хойш надтай таарамжгүй болсон. Хохирогчийг Увс явсан хойно нь утсаар ярьсан. Тэгэхэд би өргөдлөө авчихна, гомдол байхгүй гэж хэлж байсан. Би тухайн үед бөх тайлбарлаж байсан болохоор архи дарс уугаагүй. Хохирогч миний хамрыг чимхэхээр нь 1 удаа түлхсэн. Дараа нь над руу дахин дайраад ирэхээр нь гараараа цохисон. Хэргийн хувьд маргахгүй. Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...миний таньдаг Цагаан-Эрдэнэ бид нар дээр ирсэн. Цагаан-Эрдэнэ тухайн үед согтуу байсан. Би хамгийн урд сууж байсан болохоор Цагаан-Эрдэнэтэй сайн байна уу гэж мэнд мэдсэн. Гэтэл Цагаан-Эрдэнэ надтай хариу мэнд мэдэлгүй чимээгүй гараад явсан. Цагаан-Эрдэнэ бид нарын хажууд байхдаа намайг хэл үгээр доромжлоод байсан. Энэ Дангаасүрэн аймгийн засаг дарга байхдаа чи ямар байлаа, чиний бөх гэж ямар юм байдаг юм, би энэ муусайн нарыг тоож мэндлэхгүй гээд намайг дайруулан үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхлээр нь би Цагаан-Эрдэнэд хандан чи дандаа ингэж хүн доромжилж байдаг хэн юм бэ. Чи бөхийн талбай дээрээс зайл гэж би хэлсэн. Тэгээд бид хоёр өөдөө өөдөөсөө босоод ирсэн. Гэтэл Цэдэнсодном ах бид хоёрыг та хоёр боль гээд бид хоёрын голоор орсон. Би уурандаа Цагаан-Эрдэнийн хамрыг баруун гарынхаа долоовор хуруугаар нэг удаа шүргэж ёворсон. Тухайн үед Цагаан-Эрдэнэ миний баруун шанаа орчимд нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэнд байсан Цэдэнсодном ах бид хоёрыг боль гээд хоёр тийш нь салгасан. Би Цагаан-Эрдэнээс салаад эргээд явах гэтэл Цагаан-Эрдэнэ миний зүүн талын нүд рүү гараараа их хүчтэй нэг удаа цохисон. Тухайн үед миний баруун зовхи сэтэрч цус гарсан. Цагаан-Эрдэнэ намайг цохьчихоод яваад өгсөн. Өөр ямар нэг зүйл болоогүй гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/

 

-Гэрч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 10-ны өдөр би Орхон аймгийн наадмын талбай дээр ажилтай байсан. Би бөхийн хөлийн цэцийн хажууд Гриш, Чулуунбаатар нарын хамт байж байтал бөх тайлбарлагч Цагаан-Эрдэнэ, аймгийн арслан Пүрэвсүрэнтэй мэнд мэдэн гар барих гэтэл Пүрэвсүрэн арслан гар бариагүй. Цагаан-Эрдэнэ энэ Пүүжээ юу болчихоод хүнтэй гар барихгүй байгаа юм бэ. Эд нар одоо юу болчихсон юм бэ гэж хэлсэн. Гэтэл энэ үед бид нарын хажууд зогсож байсан улсын начин Дангаасүрэн бөх тайлбарлагч Цагаан-Эрдэнэд хандан чи намайг хэлээд байгаа юм уу гэж асуусан. Гэтэл Цагаан-Эрдэнэ тийм чи ч гэсэн ялгаагүй гэж хэлсэн. Гэтэл улсын начин Дангаасүрэн Цагаан-Эрдэнийн хамар орчимд гар хүрсэн. Тэгэхлээр нь би тэр хоёрыг голоор нь орж салгасан. Тэгээд ахин Цагаан-Эрдэнэ Дангаасүрэн дээр очоод нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиод авсан. Дангаасүрэн мөн Цагаан-Эрдэнийг цохисон. Тэгээд би ахин тэр хоёрыг салгасан. Энэ байдлыг Гриш, Чулуунбаатар нар харж байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 07 сарын 10-ны өдөр Орхон аймгийн наадмын бөхийн асарт идээ тараагч хийж байсан. Тэр үед үдээс хойш байх би цагийг нь сайн санахгүй байна. Хуучин бөх тайлбарлагч хийж байсан Цагаан-Эрдэнэ бөхийн асарт ирсэн. Тэгээд байж байтал бөх барилдаж байсан. Дангаасүрэн начин бас ирсэн. Цагаан-Эрдэнэ Дангаасүрэн начинтай мэнд мэдсэнгүй гэсэн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд байж байтал Дангаасүрэн нь Цагаан-Эрдэнийн хамрыг чимхээд авсан. Цагаан-Эрдэнэ зөрүүлээд Дангаасүрэнгийн зүүн нүд орчимд нь нэг удаа цохисон. Энэ үед нь бөхийн хөлийн цэц хийж байсан Цэдэнсодном тэр хоёрыг салгасан. ... Дангаасүрэн Цагаан-Эрдэнэд цохиулсаны дараа зүүн нүд нь хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 15-16, 17 ху/,

 

-Шинжээч эмч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Магадлуулагч С.Дангаасүрэнгийн биед үүссэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 2 дугаар зэргийн няцрал нь 1 удаа гараар цохиход үүсэх боломжтой  гэсэн мэдүүлэг /хх 23- ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 471 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Д-н биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 19-20 ху/,

 

-Д.Ц-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-29 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 35 ху/

-Хохирогчийн амбулаториорын эмчлүүлэгсдийн картын хуулбар / хх 40-43 ху/

-Хохирлын баримт / хх 44 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд иргэн С.Дангаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Урьд нь  үнэн зөв мэдүүлсэн. Би наадмаар бөх тайлбарлаж байсан. Ер нь бол урьд нь Дангаасүрэн үйлдвэрт авто ачигч шахах гэсэн. Би шаардлага хангахгүй гээд буцаасан. Үүнээс хойш надтай таарамжгүй болсон. ...Хохирогч миний хамрыг чимхэхээр нь 1 удаа түлхсэн. Дараа нь над руу дахин дайраад ирэхээр нь гараараа цохисон. Хэргийн хувьд маргахгүй. Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Дангаасүрэнгийн “...би Цагаан-Эрдэнэд хандан чи дандаа ингэж хүн доромжилж байдаг хэн юм бэ. Чи бөхийн талбай дээрээс зайл гэж би хэлсэн. Тэгээд бид хоёр өөдөө өөдөөсөө босоод ирсэн. Гэтэл Цэдэнсодном ах бид хоёрыг та хоёр боль гээд бид хоёрын голоор орсон. Би уурандаа Цагаан-Эрдэний хамрыг баруун гарынхаа долоовор хуруугаар нэг удаа шүргэж ёворсон. Тухайн үед Цагаан-Эрдэнэ миний баруун шанаа орчимд нэг удаа гараараа цохисон” гэсэн /хх 9-10 ху/ мэдүүлэг, гэрч Л.Цэдэнсодном /хх 13 ху/, гэрч П.Чулуунбаатар /хх 15-16, 17 ху/, шинжээч эмч Ж.Гэрэлмаа /хх 23 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий гэмтэл үүсч, энэ гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон 471 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь прокурорын шатанд “эмчилгээний зардал болон мөнгө төгрөг нэхэмжлэх хүсэлгүй байгаа” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

            Шүүгдэгч Д.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА