| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0337/Э |
| Дугаар | 0332 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 0332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1925006700418 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 09 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Абсалют” буудалд М.Б маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би эмэгтэй хүнийг доромжлоод байхаар нь өмөөрснөөс ийм асуудал байсан. Хохирогч нь надаас боллоо гэж надаас уучлалт гуйсан. Надаас хохирол нэхэмжлээгүй. Тэр буудлын хүн нь настай бас хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан юм. Тэгээд өмөөрөөд бид 2 маргалдсан юм гэсэн мэдүүлэг,
-Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Улаанбаатар хотын Престиж ХХК-д ажилладаг бөгөөд манай байгууллага “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажил авсан бөгөөд уг ажлаар Орхон аймагт ирсэн юм. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг Шинэбаярын хамт “Арт” гэж караоке бааранд орж пиво уусан юм. Уг баарнаас гараад Зэст багийн 1-3 дугаар байранд байрлах “Абсалют” гэж зочид буудалд 2,5 литрын пиво авч ороод нэг өрөө захиалж орсон. Тэгээд өрөөндөө ороод пивоо ууж байхад буудлын жижүүр орж ирээд өрөөний тооцоогоо хий гэхээр нь виза карт унших уу гэж асуусан чинь уншихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би жолооны үнэмлэхээ 20,000 төгрөгтэй үлдээгээд өглөө авъя гэж хэлсэн чинь үгүй гэж хэлсэн. Тэгэхээр би гадагшаа карт уншуулж мөнгө авах санаатай гараад Холбооны байранд байрлах АТМ очоод карт уншуулах гэсэн чинь картаа мартаад ирсэн байсан. Тэгээд буцаад буудалдаа очсон бөгөөд буудлын жижүүр эгч мөнгөө өг гэхээр картаа мартсан байна гэсэн чинь намайг мөнгөө өгч чадахгүй бол яах гэж буудалд ордог юм гээд уурлаад байсан бөгөөд урдаас хэдэн үг хэлж маргасан. Тэгсэн нэг залуу гарч ирээд чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гэсэн. Би чамд хамаагүй цаашаа яв гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу чи яах гэж эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гээд намайг барьж авсан бөгөөд би буудлаас гарах гэсэн чинь намайг гаргахгүй барьж аваад миний баруун хөмсөг хэсэг рүү гараа нэг удаа цохиж миний хөмсөг сэтрээд цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд буудлын жижүүр бас цагдаа дуудсан юм шиг байна лээ. Ингээд байж байхад гаднаас цагдаа орж ирээд намайг цохьсон залуу болон намайг авч яваад намайг эмнэлэгт хүргэж өгөөд миний хөмсөг хэсэгт оёо тавьж өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Ц.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байранд байрлах “Абсалют” гэж зочид буудалд жижүүр хийдэг юм. Ингээд 2019 оны 09 сарын 19-ний өдөр манай буудалд байнга ирж буудаг Ганзориг гэж залуу ирээд өрөө аваад орсон юм. Тэгээд байж байхад Баярбилэг гэж залуу нэг залуугийн хамт орж ирээд 4 дугаарын өрөөг захиалж орсон бөгөөд гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд өрөөндөө орсон хойно нь би өрөөнд ороод өрөөний тооцоогоо хий гэсэн чинь урдаас виза карт унших уу гэж асуухаар нь уншихгүй гэж хэлсэн. Тэгсэн жолооны үнэмлэхээ 20,000 төгрөгтэй үлдээе өглөө тооцоо хийе гэхээр би үгүй гэж хэлсэн бөгөөд тэгвэл гараад виза карт уншуулаад мөнгөө аваад ирье гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд шууд өрөөндөө орсон бөгөөд би араас нь ороод одоо тооцоогоо хий гэж хэлсэн чинь картаа мартаад явсан байна мөнгө авч ирж чадсангүй гэж хэлсэн бөгөөд би тэгэхээр нь тэгвэл 20,000 төгрөгөө жолооны үнэмлэхтэйгээ өг гэсэн чинь өгөхгүй чамд ерөөсөө юу ч өгөхгүй гээд намайг янз бүрийн үгээр доромжлоод байсан. Тэгэхээр би ээж шигээ хүнийг юу гээд байгаа юм гэсэн чинь яадаг юм балай авгай гэх мэтээр хэлээд байсан. Тэгсэн Ганзориг гэж залуу өрөөнөөсөө гарч ирээд чи эмэгтэй хүнтэй яагаад маргаад доромжлоод байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй цаашаа зайл гээд Ганзоригтой хэрэлдээд байсан. Тэгсэн Ганзориг цагдаа дууд гэж хэлсэн бөгөөд нөгөө Баярбилэг гэж залуу гарч зугтах гээд байсан. Тэгсэн Ганзориг гаргахгүй гэж хорьсон бөгөөд нөгөө Баярбилэг гэж залуу Ганзоригийг түлхээд гарах гээд байсан бөгөөд Ганзориг Баярбилэг гэж залууг нэг цохиод авах шиг болсон бөгөөд Баярбилэг гэж залуугийн хөмсөг хэсгээс жаахан цус гарч байсан. Тэгээд гаднаас цагдаа орж ирээд Баярбилэг, Ганзориг гэж хоёр залууг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,
-Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Орхон аймгт ирээд хонох болсон. Тэгээз Зэст багийн 1-3 байранд байрлах Абсалют зочид буудалд очоод нэг өрөө аваад орсон. Тэгээд өрөөндөө жаахан пиво уучихаад унтах санаатай байж байтал буудлын жижүүр эгч хүнтэй маргаад байх шиг чимээ гараад байхаар нь гарсан чинь нэг залуу буудлын жижүүр эгчтэй маргаад үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ гэж асуусан чинь энэ залуу өрөөний тооцоогоо хийхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би чи тооцоогоо хийгээч ээж шигээ хүнтэй яагаад маргаад байгаа юм гэсэн чинь чи дуугай бай цаашаа зайл гэж хэлсэн. Буудлын жижүүр эгч цагдаа дуудна гэхэд нөгөө залуу гарч зугтаах гээд байхаар нь би хориглож барьж авсан. Миний өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиод авсан юм. Тэгсэн залуугийн хөмсөгнөөс цус гарсан ба цагдаа гаднаас орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 628 дугаартай дүгнэлтэнд:
1. М.Б-н биед баруун хөмсөг дээр язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 11 ху/,
-Б.Г-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 17, 19-20 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 09 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Абсалют” буудалд М.Баярбилэгтэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...эмэгтэй хүнийг доромжлоод байхаар нь өмөөрснөөс ийм асуудал байсан. Хохирогч нь надаас боллоо гэж надаас уучлалт гуйсан. Надаас хохирол нэхэмжлээгүй. Тэр буудлын хүн нь настай бас хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан юм. Тэгээд өмөөрөөд бид 2 маргалдсан юм” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Баярбилэгийн “...би гадагшаа карт уншуулж мөнгө авах санаатай гараад Холбооны байранд байрлах АТМ очоод карт уншуулах гэсэн чинь картаа мартаад ирсэн байсан. Тэгээд буцаад буудалдаа очсон бөгөөд буудлын жижүүр эгч мөнгөө өг гэхээр картаа мартсан байна гэсэн чинь намайг мөнгөө өгч чадахгүй бол яах гэж буудалд ордог юм гээд уурлаад байсан бөгөөд урдаас хэдэн үг хэлж маргасан. Тэгсэн нэг залуу гарч ирээд чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гэсэн. Би чамд хамаагүй цаашаа яв гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу чи яах гэж эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гээд намайг барьж авсан бөгөөд би буудлаас гарах гэсэн чинь намайг гаргахгүй барьж аваад миний баруун хөмсөг хэсэг рүү гараа нэг удаа цохиж миний хөмсөг сэтрээд цус гарсан” гэсэн мэдүүлгүүд /хх 5 ху/, мөн гэрч Ц.Алтанчимэгийн /хх 8 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед баруун хөмсөг дээр язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 628 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г нь торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА