Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 825

 

                         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч: Д.Агар /томилолтоор/,

шүүгдэгч: Ш.Э-, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /ҮД:1420/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1903007990000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, эх, 2 хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 0-тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Барилгын яамны хүндэт жуух бичиг, 90 жилийн ойн медальтай, Б- овогт Ш-гийн Э-.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүрийн зүүн доод уулзварын замд Хонда Лого маркийн 0-улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж  өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай, Ц.И-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ш.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүрийн зүүн доод уулзварын замд Хонда Лого маркийн 0-улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай, Ц.И-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.И-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ ганцаараа сургууль руугаа явсан, манай сургууль гэрийн ард талд байдаг, би дандаа сургууль руугаа алхаж явдаг. Тухайн үед Нарны гүүрний доод талын явган хүний гарцаар ганцаараа урдаасаа хойшоогоо алхаж гарч байтал машин орж ирээд урд хэсгээрээ мөргөсөн. Би  машинд мөргүүлээд газарт унасан, жолооч ах бууж ирээд надтай уулзаад, намайг машиндаа өргөж суулгасан, жолооч ах эмч дуудсан, удаагүй 103-н эмч ирээд намайг үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би хүүгээ ослын дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, зүүн хөлийн тахилзуур яс дээд хэсгээрээ далд хугарсан, хөлөнд гипс тавьсан. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд зүгээр байна гэсэн. Жолооч ер нь гар утсаар холбогдож байсан, хүүгийн бие сайн байгаа жолооч залуутай уулзаад хүүгээ эмнэлэгт хэвтүүлнэ, ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гомдолгүй. Надад бүрдүүлсэн эмчилгээний зардал байхгүй. Надад болон манай гэр бүлийн зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Осол болох үед би хэргийн газарт очсон, хүүгийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, жолооч залуу нь жолоодох эрхгүй үедээ машин барьж байгаад гарцаар гарч байсан хүүхэд мөргөсөн. Иймд би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,          

 

Гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 08-ны өглөө Э- ажил хийе гээд над руу залгахад нь би зөвшөөрөөд намайг очиж авъя гээд 11 цагийн үед намайг заводын хуучин цагаан хаалганы тэндээс аваад бид 2 нарны гүүрээр уруудаад ертөнцийн зүгээр зүүн гар тийш эргээд явж байхад явган хүний гарцаар нэг хүүхэд гэнэт гүйгээд гараад ирээд миний тал буюу жолоочийн эсрэг талын хэсгийг мөргөөд унасан. Тэр хүүхэд унаад өөрөө тулаад босоод ирсэн. Э- цагдаа болон түргэн дуудсан түргэний машин ирээд эмч нь үзээд гайгүй байна гээд яваад өгсөн. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9321 дугаартай: “...Ц.И-ий биед зүүн хөлийн тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

 

2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 302 дугаартай мөрдөгчийн: “...Honda logo маркийн 0-дугаартай автомашиныг жолоодож явсан Ш.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.И- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 48 тал/,

 

Шүүгдэгч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад санал, хүсэлт байхгүй, прокурорын тогтоолтой танилцлаа, би гэм буруугаа ойлгон бусдад учруулсан хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/ нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэргийн үйл баримтаар Ш.Э- нь Honda logo маркийн 0-дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад явган зорчигч 15 настай, Ц.И-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “биед зүүн  хөлийн тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал” бүхий гэмтэл учирсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх Эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9321 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 25 тал/-ээр нотлогдсон байна.

 

            Мөн шүүгдэгч Ш.Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх-ийн 43  тал/ байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Ш.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь энэ зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан болсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

  Шүүгдэгчийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл, явган зорчигч Ц.И-ий эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёр шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан  гэмт хэрэгт тооцогдоно.

 

  Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч Ш.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Ш.Э- нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.000.000 /нэг сая/-н төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт, хохирогчийн гомдол саналгүй талаар гаргасан өргөдлөөр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нарны гүүрний доод уулзвар дээр Хонда Лого маркийн 0-маркийн машиныг жолоодож яваад гарц дээр 15 настай Ирмүүнийг мөргөж гэмтээсэн. Тэр даруй түргэн тусламж, цагдаа дуудаж түүнийг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Би тухайн үед эмчийн бичиж өгсөн эм тариаг авч өгсөн ба одоо хүртэл Ирмүүнтэй холбоотой байгаа. Гэм буруутайгаа ойлгож байна...” гэж мэдүүлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ш.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ш.Э- нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Цэцэгбалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэрээр манай тэргүүний ажилтан учраас маш олон гавьяа шагналтай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/, гэрч Б.Баяржаргалын: “...Ш.Э- ах бол сангийн ажлыг хийж чаддаг, ажилдаа сайн хүн. Зан төлөвийн хувьд хамт олны дунд нэр хүндтэй, багаар ажиллах чадвар сайтай, үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэг, харилцааны төвшин сайн, хүн чанартай, сайхан сэтгэлтэй, бусдад тусч хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 35 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Э- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Ш.Э-т ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.

 

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хуулинд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна.

 

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

           

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг болон жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Ш-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Ш-гийн Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ш.Э- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж болохыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э- шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА