Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 439

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан А Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, А М Г Т Г К Х Дд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: А Х ХХК,

Хариуцагч: А М Г Т Г К Х Д, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын ашигт малтмалын хайгуулын XY****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийн эрх сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV****** дугаар тусгай зөвшөөрлийн эрх сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Манай компани Дорноговь аймгийн *********** сумын нутагт ******** нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ******XY дугаар тусгай зөвшөөрлийн дагуу 36289 га талбайд хайгуулын ажил өргөн хүрээтэй явуулж ирсэн юм. Тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр авч, 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж, нийт 800 мянган долларын хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бэлэн болсон юм. 12 дахь жилийн буюу 2017 оны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлөх байсан боловч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 40 сая төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 79,040,795.00 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний алданги болох 10,713,672.00 төгрөгийн хамт шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн төлбөр нь кирилл үсгээр төлбөрийн утгийг бичээгүй гэсэн шалтгаанаар буцаж манай дансанд орсныг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцаан шилжүүлж төлбөр бүрэн төлөгдсөн болно.

Гэтэл манай компанийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай Ашигт малтмал, газрын тосны газрын сайтаас олж мэдээд, хуульд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, тусгай зөвшөөрлийг сэргээхийг хүссэн өргөдлийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан боловч тус газраас 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/762 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн болно. Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “энэ хуульд заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг хоног хэтрүүлэн төлсөн юм. А Х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Z D F нь БНХАУ-д өвчний учир эмчлүүлж байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр Монгол Улсад очиж төлбөр төлөх боломжгүй байсан тул Монгол Улсад байсан танилаараа 40 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлж нэн даруй үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацаа хэтрүүлсний алдангийн хамт бүрэн шилжүүлсэн боловч гүйлгээний утгыг буруу бичсэн шалтгаанаар төлбөр буцаж 2 хоногийн хугацаа алдаж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлөгдсөн болно.

Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаарх мэдэгдлийг манай компанид өгөөгүй бөгөөд бид тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Ашигт малтмал, газрын тосны газрын  сайт руу орж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тавигдсан мэдээллээс олж мэдсэн болно. Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага нь энэ 

хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үзэх үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох эрхтэй атал тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг бидэнд хүргүүлж, гомдол гаргах эрхээр хангаагүйн зэрэгцээ, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаарх мэдээллийг 2017 оны 1 дүгээр сард сайтаас олж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн биелүүлсэн тухайгаа мэдэгдсээр байхад түүнийг огт анхаарч үзэлгүй хууль бус шийдвэр гаргалаа. Манай компанийн зүгээс хэдийгээр ашигт малтмалын хайгуулын ******X дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх хуульд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгаж тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах , цаашид уг газарт хуулийн дагуу ашигт малтмал ашиглах хүсэл зоригоо илэрхийлж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар гэрээ цуцлагдах 30 хоногийн хугацаа хэтрэхээс өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд үндсэн төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийн хамтаар бүрэн төлсөн байхад төлбөр хийгдсэнээс хойш 24 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус юм. Бид тусгай зөвшөөрөл цуцлагдсан шийдвэрийг албан ёсоор одоог хүртэл хүлээж аваагүй, олж хараагүй болно. Иймд А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийн эрх сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрөл сэргээхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг ******** нэртэй 16419,12 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн А.Бт олгосон байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын алба /хуучнаар/-ны даргын 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1225 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг А Х ХХК-д шилжүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, мөн хуулийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д ”энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж тус тус заасан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу А Х ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, мөн хуулийн 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж тус тус заасан байдаг. А Х ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр /алданги/-ийг хуульд заасан хугацааны дотор төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй мөн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *******, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр нэхэмжлэгч А Х ХХК-д мэдэгдсэн болно.

Иймд нэхэмжлэгч А Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А Х ХХК-иас тус шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XY-****** дугаар  тусгай зөвшөөрлийн эрх сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

А Х ХХК Дорноговь аймгийн ***********, Эрдэнэ сумын ******** нэртэй нутагт 36289 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрлийн  үндсэн дээр Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1225 дугаар  шийдвэрээр шилжүүлэн авч эзэмшиж байсан. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 426 дугаар  шийдвэрээр А Х ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцож, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд тус хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 78 дугаар  шийдвэрээр А Х ХХК-ийн хүсэлтийг үндэслэн уг компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас 19853,7 гектар талбайг хасч 16419,4 гектар эзэмшүүлэх болсон байна. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар  шийдвэрээр А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХY-****** тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлээ “А Х ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан боловч хуульд заасан хугацааны дотор төлөөгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлтээ цуцалсны дараа 1 дүгээр сард л гаргасан, зарим тохиолдолд компаниуд төлбөр төлөх хугацаанаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлдэг нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаагаа хойшлуулах талаар мэдэгдээгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын ашигт малтмалын XY****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 426 дугаар  шийдвэрээр А Х ХХК-ийн XY-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болохоор байна.

Нэхэмжлэгч А Х ХХК-ийн XY-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг  алдангийн хамт 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн бөгөөд, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 12 дахь жилийн төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх, түүнчлэн уг хуулийн 34.6.”Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” 34.7.”Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр, хугацаа хэтэрсэн алдангийг төлөх үүрэгтэй.

 Түүнчлэн нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр банкинд тушаасан нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.”Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг тушаасан баримтаа хариуцагчид хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул төлбөрийг төлсөнд тооцохгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан байдлаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Гэхдээ нэхэмжлэгч А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV****** дугаар тусгай зөвшөөрлийн эрх сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрх сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой гэж үзсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг А Х ХХК-ийн уг тусгай зөвшөөрлийг сэргээх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хариуцагч ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн хугацаанаас эхлэн тусгай зөвшөөрлийн хугацаа тоологдох тул энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш А Х ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх арга журмыг тодорхой болгох ач холбогдолтой байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан “А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XY-****** дугаар  тусгай зөвшөөрлийн эрх сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч А Х ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацаа хожимдуулан төлсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн хугацаа сэргээлгэх хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч тус газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/762 дугаар  албан бичгээр нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь дараах байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А Х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд  буюу тус компанийн захирал Ж Д 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл БНХАУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  нөхцөл байдал нь нэхэмжлэгч А Х ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаа болох 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, түүнчлэн уг хуулийн 34.7-т заасан хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөрийг төлж, баримтыг хариуцагчид хүргүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотолж байна.

Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ,  үлдэх төлбөр болон алдангийг тооцож 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-аас тус тус хариуцагчийн Улаанбаатар хотын банкин дахь дансанд тушаасан  бөгөөд тус гүйлгээ нь буцаагдаж 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр дээрх дансанд орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр А Х ХХК-ийн хүсэлтийг үндэслэн уг компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас 19853,7 гектар талбайг хасч 16419,4 гектар талбайг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд А Х ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа төлбөрөө бүрэн төлж ирсэн, 12 дахь жилийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан зэргийг харгалзан үзэж, цаашид уг тусгай зөвшөөрлөө үргэлжүүлэн эзэмших хүсэл зориг нь илэрхийлэгдсэн гэж үзэхээр байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх сэргээхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XY-****** дугаар  тусгай зөвшөөрлийн эрх сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар  тусгай зөвшөөрлийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх байдлуудыг дүгнээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг А Х ХХК-ийн уг тусгай зөвшөөрлийг сэргээх хүртэл түдгэлзүүлж, А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар  тусгай зөвшөөрлийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2   заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тушаалын А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг А Х ХХК-ийн уг тусгай зөвшөөрлийг сэргээх хүртэл түдгэлзүүлж, А Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XY-****** дугаар  тусгай зөвшөөрлийг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН