Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1281

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,

 

Төрөөс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах хугацааны эдийн болон эдийн бус сэтгэл санааны хохиролд 4 692 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            ХХХ

Төрийг төлөөлж прокурор                                     ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ХХХ нь иргэн ХХХХ-тай танил найз нөхдийн холбоотой байсан ба 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ХХХХ нь нөхөртэйгөө муудалцаж сэтгэл санаа тавгүй байх үедээ өөрийн найз ХХХХ-ын гэрт очиж хамт архи ууцгаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа ХХХХ тамхи татах гээд балкон руу гарсан. ХХХ түүнийг тамхиа татаад ороод ирэх байх гэж бодоод сууж байгаад дахин балкон руу харахад ХХХХ байгаагүй. Тэгээд ХХХ балкон руугаа гараад хартал ХХХХ үсэрч өөрийн амь насаа хохироосон. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж ХХХ-ыг сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон. ХХХХ-ын ах ХХХ гэдэг хүн надтай уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүсэж надтай гэрээ байгуулсан. Мөрдөн байцаалтын явцад ХХХ-ыг буруугүй гэдэг нь нотлогдож 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолоор тухайн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд ХХХ хийгээгүй хэргийнхээ төлөө байцаалт өгч, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт холбогдож сэтгэл санаа нь хямарч, 15 хоног цагдан хоригдож бие болон сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Өмгөөлөгчийн ажлын хөлсөнд гэрээнд заасны дагуу урьдчилгаа 2 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдсэн 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, орлого олоогүй хохирсон. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул энэ хугацааны хохирлыг тооцсон байгаа. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан тул өмгөөллийн хөлс 4 000 000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлээгүй 105 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 000 төгрөгөөр тооцож 672 000 төгрөг, прокурорын архиваас нотлох баримт гаргуулахад төлсөн 20 000 төгрөг, нийт  4 692 000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан Засгийн газрын нөөц сангаас 2 692 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХНийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Мөрдөн байцаалтын шатанд асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг ШШҮХ-ийн 1704, 8417, 8416 тоот дүгнэлтүүдээр яллагдагчаар татагдсан ХХХ гэм буруугүй болох нь тогтоогдсон нотлох баримтууд хэргийн материалд цугларч Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч хошууч ХХХХ 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэж саналаа прокурорт хүргүүлж байгааг хэргийн яллагдагч ХХХ өмгөөлөгч, яллагдагчийн ах ХХХхүү, хохирогчийн ар гэрийнхэн болон яллагдагчийн зүгээс гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг яллагдагч ХХХ, ах ХХХХ ойлгож мэдсэн, прокурорын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх тогтоол үйлдэх хууль зүйн үндэслэл хуулийн дагуу бий болжээ гэдгийг хэн аль нь ойлгож зөвшөөрсний үндсэн дээр үйлчлүүлэгч ХХХ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 000 000 төгрөгийн үлдэгдлийг бэлнээр төлсөн. Шүүх тэгтэл прокурорын тогтоолын дараа төлөөгүй байна гэж гэрээ хийсэн талуудын өмнөөс дүгнээд байгаа нь хачирхалтай. Гэрээний үүргээ өмгөөлөгч биелэгдэх нөхцөлтэй болсныг харилцан ойлголцож, мөрдөн байцаагч хэрэгсэхгүй болгож саналаа гаргасан өдөр үлдэгдэл төлбөр төлөгдсөн байтал ажлын үр дүнтэй холбож тайлбарлаад байна вэ. Ажлын үр дүнг гэрээний нэг тал болох ХХХ өөрөө мэдэж дүгнэх эрхтэй. Ер нь бидний гэрээнд ажлын үр дүнг үнэлэх тухай заалт байхгүй. 4 000 000 төгрөгийн хөлс нь ажил үйлчилгээний хөлс байсан бөгөөд ажлын хөлсийг гэрээний хугацаанд хэзээ ч төлж болдог. Иймд 2 тал харилцан тохиролцож байгуулсан ажлын хөлсийг үндэслэлгүйгээр багасгаж бие эрхтэн, нэр төр, сэтгэл санааны хохирлоо хуулийн дагуу төрөөс нэхэмжилсэн, хохирсон иргэний хохирлыг бүрэн гарган өгөхгүй байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “Хууль бусаар учируулсан хохирлыг нөхөн төлүүлэх” 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар ...төрөөс хүний эрх эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/03520 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж 4 692 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХ нь эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах хугацаанд учирсан эдийн болон эдийн бус сэтгэл санааны хохиролд нийт 4 692 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ХХХ-ыг эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 641/а шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1036 дугаар тогтоолоор талийгаач ХХХХ гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.  

 

            Анхан шатны шүүх дээрх гэмт хэргийг ХХХ үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, түүнд холбогдохгүй хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг прокурорын тогтоол нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйл, 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсэгт заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулсантай холбоотой учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх тохиолдолд учирсан хохирлыг төр хариуцан арилгах тухай заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсон байх тул уг асуудлыг нарийвчлан зохицуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тухайн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тухайлан заах шаардлагагүй, улсын төсвийн аль хэсгээс гаргах нь Засгийн газрын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал тул улсын төсвөөс гаргуулахаар өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх хөлсийг талууд 4 000 000 төгрөгөөр тохиролцож, 2015 оны 6 сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг ХААН банкны дансаар, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 бэлнээр өгсөн гэсэн бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна. /хэргийн 14, 29, 69 дүгээр тал/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн гэх 2 000 000 төгрөгийн баримт нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээс өмнө төлөгдсөн, уг иргэний хэрэгт шууд хамааралтай баримт гэж үзэхэд учир дутагдалтай байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03520 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4  …” гэснийг “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 389 дүгээр зүйлийн 389.1…” гэж,

“…Засгийн газрын нөөц сангаас…” гэснийг “… улсын төсвөөс…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

              ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА   

 

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО