Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00518

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03563 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02565 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “К” ХХК

          Хариуцагч: Н.Эд холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт нийт 8.030.101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Э 2014-07-10-ны өдөр 73 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр 10сая төгрөг, 2015-07-07-ны өдөр 13 тоот гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр 5сая  төгрөг авсан. Н.Э зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин сар болгон хугацаа хэтрүүлж улмаар ангилал бууран чанаргүй ангилалд шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 57 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 6 431 728 төгрөг, зээлийн хүү 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөг нийт 8 030 101 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Н.Этэй байгуулсан 2014-07-10-ны өдрийн 73 тоот болон 2015-07-07-ны өдрийн 13 тоот зээлийн цуцалж, үндсэн зээл 6 431 728 төгрөг, зээлийн хүү 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөг нийт 8 030 101 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: 2014-07-10-ны өдөр Кны 21 дүгээр хороолол салбараас 10сая төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2015-07-07-ны өдөр нэмж 5сая төгрөгийн цалингийн зээл авсан болно. Тухайн үед миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилладаг байсан тул цалингийн зээл авахаар хүсэлт гарган гэрээ байгуулан цалингийн зээлийг хуулийн дагуу авч 2016-05-01-ний өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж байсан. Уг зээлийн маань барьцаа эргэн төлөлт хийх эх үүсвэр нь миний ажлын хөлс, цалин хөлс байсан бөгөөд  ажилгүй болсноор уг зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэргүй болсон. Ажилгүй болсон ч зээлээ төлж байсан. Улсын Дээд шүүхийн 2017-02-10-ны өдрийн 52 дугаар тогтоол гарснаас хойш ажилд эгүүлэн томилохгүй 7 сар гаруй хугацаа өнгөрч, улмаар  08 дугаар сарын 28-нд ажилд  эгүүлэн томилсон ч нөхөн олговрыг  олгоогүй байна. 2014-07-10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Кинд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 13 356 245,64 төгрөг  төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу үүнээс 8 568 272 төгрөгийг үндсэн зээлд, 4 722 093 төгрөгийг зээлийн хүүнд, 65 130 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлж одоо үндсэн зээлд 6 431 727 94 төгрөг төлөхөөр байгаа нь үнэн. Зээл эргэн төлөлтийн хуваариар зээлийн хугацаанд зээлийн хүүнд 4 576 481 төгрөг төлөх ёстойгоос хугацаа хоцроож төлж байснаас болж зээлийн үндсэн хүүнд 145 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65 130 төгрөг нийт 210 742 төгрөгийг одоогийн байдлаар зээлийн гэрээний дагуу төлөхөөс илүү төлөөд байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, ард иргэдийн ядуурал зэргийг харгалзан банкнаас нэхэмжлээд буй уг зээлийн хүү 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөг нийт 1 598 373 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03563 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг  баримтлан Н.Эөөс 5,915,178.57 төгрөг гаргуулж К ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 2,114,922 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар  К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.Эөөс 109 592 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02565 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   Н.Э нь Ктай 2014-07-10-ны өдөр 73 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй 2015-07-07-ны өдөр 13 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 5сая төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр  зээлсэн. Н.Эийн гэрээний үүрэг 2015 оны 11-р сараас хойш зөрчигдөж эхэлсэн тул төлбөрт үндсэн зээл 6,431,728 төгрөг, хүү 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 8,030,101 төгрөгийг гаргуулахаар  шүүхэд хандсан. Гэтэл хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 2,114,922 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо. Шүүх зээл, зээлийн хүүний тооцооллыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчлөө.  Анхан шатны шүүх   “... 2015-07-07-ны өдөр ЗГ-13 тоот  гэрээгээр 5сая төгрөг зээлдүүлсэн боловч өмнөх зээлийн үлдэгдлийг тооцон 10сая төгрөгөөр зээлийн хүүг тооцоолсон нь үндэслэлгүй байна... 2015-07-07-ны өдрөөс зээлийн хүүд 1,129,501,27 төгрөг төлөхөөс 2,851,691 төгрөг төлсөн  тул илүү төлсөн 1,722,190 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцнр..” гэснийг   зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх “...Н.Эд  5 сая төгрөг зээлүүлсэн атлаа өмнөх зээлийн үлдэгдэл 10 сая төгрөгнөөс  хүү тооцсон нь үндэслэлгүй...” гэснийг эс зөвшөөрч байна.  Иймд  нэхэмжлэлийг хангаж  өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        К ХХК 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н.Эөөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,431,728 төгрөг, хүү 1,331,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266.396 төгрөг нийт 8,030,101 төгрөг шаардсан байна. /хх 1/

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...2014-7-10-ны өдөр 10 сая төгрөгийн, 2015-07-07-ны өдөр нэмж 5 сая төгрөгийн зээл авсан нь үнэн... зээлийн төлбөрт 2014-07-10-ны өдрөөс хойш нийт 13,356,245.84 төгрөг төлсөн...тооцоо хийж үзэхэд үндсэн зээлд 6,431,727.94 төгрөг төлөхөөр байгаа нь үнэн тул хүү 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 1,598,373 төгрөгөөс чөлөөлж өгнө үү ...” гэжээ /хх 30-32, 37-39/

        Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,709,537.49 төгрөг, хүү 967,025.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 238.616 төгрөг нийт 5,915,178.57 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... хариуцагч зээлийн төлбөрт 8,568,272 төгрөг төлсөн нь тогтоогдож байна... 2015-07-07-ны өдөр ЗГ-13 тоот  гэрээгээр 5 сая төгрөг зээлдүүлсэн боловч өмнөх зээлийн үлдэгдлийг тооцон 10 сая төгрөгөөр зээлийн хүүг тооцсон нь үндэслэлгүй... тул 2015-07-07-ны өдрөөс зээлийн хүүд илүү төлсөн 1,722,190 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцно...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хариуцагч нь К ХХК-с 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 73 дугаартай  гэрээ байгуулж, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 10,000,000 төгрөг зээлсэн, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-13 дугаартай гэрээ байгуулж, сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 15,000,000 төгрөг зээлэхээр тохирч 5,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт нийт 8,568,272 төгрөг төлсөн нь тус тус тогтоогджээ.    

       Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна.  

        Харин, К ХХК нь Н.Эөөс хоёр буюу 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай “цалингийн зээлийн гэрээ”, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-13 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-ний үүрэг шаардсан, зээлдэгч зээл авсан үйл баримтыг зөвшөөрсөн, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг дараагийн зээл дээр нэмж тооцсон гэх баримт байхгүй байхад шүүх  “...5 сая төгрөг зээлдүүлсэн ч өмнөх зээлийн үлдэгдлийг тооцон 10 сая төгрөгөөр зээлийн хүүг тооцсон...” гэж үзсэн нь дутагдалтай болжээ.

       Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, хариуцагч үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, К ХХК нь хариуцагчаас 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 8,030,101 төгрөг шаардсан нь тооцооны хувьд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүрэн хангаж, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

       Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Н.Эд холбогдуулан гаргасан шаардлага, хэрэгт буй нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчихгүй юм.     

       Дээр дурдсан үндэслэлээр Н.Эөөс үндсэн зээлийн үлдэгдэл 6,431,728 төгрөг, хүү 1,331,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 8,030,101 төгрөг гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02565 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03563 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Эөөс нийт 8.030.101 төгрөг гаргуулж К ХХК-нд олгосугай...” гэж,  2 дахь заалтын “....Н.Эөөс 109.592 төгрөг...” гэснийг “...Н.Эөөс  143.432  төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 48.789 төгрөгийг К ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ