Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1307

 

 

  

 

 

 

  

 

 

 

2016 оны 11 сарын 22 өдөр          Дугаар 181/ШШ2016/01307            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгатын 8 байр, 12 тоотод оршин суух, Тольтон боргууд овогт Нанзаддоржийн Цагаанхишиг /РД:СЭ55072777/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Хангарьд ордон, 9 давхар, 901 тоотод байрлах, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох,  

 

Нэг удаагийн буцалтгүй тусламжид 36 сарын цалинтай тэнцэх 22,873,212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал, Н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.       

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Н.Цагаанхишиг нь эмнэлгийн салбарт 35 жил ажилласан. Тэрээр 2012 оны 09 дүгээр сард 57 настайдаа сахарын шижин, бөөрний дутагдал өвчний улмаас группт гарч, ажлаасаа өвчний учир чөлөөлөгдсөн. Тэрээр хамгийн сүүлд Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэлд их эмчээр ажиллаж байгаад группт гарсан. Одоо биеийн байдал тааруу хэвтэрт байгаа.

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сард 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг Эрүүл мэндийн газарт хандаж гаргасан боловч группт гарсан хүнд тэтгэмж олгохгүй гэсэн хариу өгсөн.

Н.Цагаанхишиг нь эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан тул Эрүүл мэндийн тухай хуулийн 25.2-т зааснаар тэтгэмж авах эрхтэй. Иймд сарын дундаж цалин 635,367 төгрөгийг 36 сараар тооцож, Нийслэлийн эрүүл мэндийн газраас 22,873,212 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тэтгэмж хүссэн өргөдлөө өгсөн. Бид ажилласан байдлаа тодорхой болгож ир гэж явуулсан.

Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд шинэчлэгдэж, хэд хэдэн нэмэлт өөрлөлт орж, хуульд баасан 36 сар, 24 сар гэдэг хугацаа, хэмжээ байхгүй болсон.

Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Н.Цагаанхишиг нь ажиллаж байгаа байгууллагаасаа тэтгэмж авах ёстой. Гэтэл түүний ажиллаж байгаа газар тодорхойгүй, мөн нэхэмжлэгч нь тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөөгүйгээс тэтгэвэрт гарах ажилчдын нэрсийн жагсаалтад ороогүй, төсөвт тэтгэмжийн мөнгө суугдаагүй тул тэтгэмж олгох боломжгүй гэв.

 

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цагаанхишиг нь хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан 1 удаагийн мөнгөн тэтгэмжид 22,873,212 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Нэхэмжлэгч нь 1984 оноос эхлэн 1991 оныг дуустал, 2002 оноос 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сумын эмнэлэг, аймгийн нэгдсэн больниц болон дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмч, их эмчээр ажиллаж байсан, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 57 насандаа эмчлэх эрхийн лицензийн хугацаа нь дууссан үндэслэлээр Хан-Уул Эрүүл мэндийн нэгдлийн даргын 148 дугаар тушаалаар халдвартын эмчийн ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасан ба Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажилласан хугацааг нь харгалзан 1 удаагийн буцалтгүй тусламж олгох талаар хуульчилсан байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр заажээ.

 

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрсэн, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт /65 нас/ хүрсэний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажилласан байгууллага болон хугацааг харгалзан зохих журмын дагуу 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож болохоор байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөхдөө тэтгэвэр тогтоолгох насанд /57 настай байсан/ хүрээгүйн зэрэгцээ ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэл нь 1 удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд шүүх Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэтгэмж гаргуулахыг хүссэн Н.Цагаанхишигийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Нийслэлийн эрүүл мэндийн газраас 1 удаагийн тэтгэмжид 22,873,212 төгрөг гаргуулах тухай Н.Цагаанхишигийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цагаанхишигийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                    Ө.УЯНГА