| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0127/Э |
| Дугаар | 0343 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 0343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Д.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн 1925005770375 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Ж
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 16-11 тоотод хамтран амьдрагч Э.Долгорыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 720.000 төгрөг төлсөн. Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм байдал гаргахгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр Жанчивдоржоос 2019 оны 05 сараас хойш тусдаа амьдарсан. 2019 оны 07 сараас эхлээд Жанчивдорж уулзъя хамт амьдаръя гээд залгаад байдаг байсан. Улмаар 2019 оны 08 сарын 15-ны өдөр Жанчивдорж над руу залгаад би хөдөөнөөс ирчихсэн байна уулзъя гэхээр нь би ажлаа тараад гэртээ харих гээд явж байтал Ундарга дэлгүүрийн ойролцоо байна уулзъя гээд залгаад байхаар нь би уулзсан. Тухайн үед Жанчивдорж Булган аймгийн Сайхан сумын Хишигжаргал гэх найзтайгаа явж байсан. Ингээд бид гурав Хишигжаргалынх нь найз гээд нэг айл руу явсан ба замдаа Жанчивдорж, Хишигжаргал 2 дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Хишигжаргалын найзынд байхад намайг уу гээд шахаад би нэг пивоноос нь хамт уулцсан. Ингээд шөнө 00 цаг өнгөрч байхад Жанчивдорж согтуу өөрийн найз Хишигжаргалтайгаа хардаад намайг үснээс зулгаагаад толгой руу гараа атгаж байгаад цохиж мөн хөлөөрөө гуя руу өшиглөсөн.Тэгэхээр нь би Хишигжаргалын найз гээд нэг залуу байсан ба тэр залууг цагдаа дуудаад өгөөч гэтэл та хоёр хоорондоо зохицоод унтаач гээд тоохгүй байсан. Би цагдаа руу залгах гэхээр Жанчивдорж миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Хэсэг хугацааны дараа Лхагвадорж гэх залуу Жанчивдоржийг салгасан. Жанчивдорж намайг зодож байх үед миний ээмэг газар уначихсан байхаар нь аваад орны толгой дээр тавьсан. Ингээд өглөө болохоор нь ахынх руугаа гуйж очоод болсон зүйлийн талаар хэлтэл манай ах цагдаад өргөдөл өгсөн. Би өглөө нь ахындаа оччихоод эргэж очоод ээмгээ хайсан чинь байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,
-Гэрч Ч.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 08 сарын 15-ны орой гэртээ байж байгаад найз Хишигжаргалыг дуудаж улмаар манайд 4 ширхэг 2.5 литрийн пиво авч хоёулаа ууж байтал Хишигжаргалын найз Жанчивдорж 2.5 литрийн 2 ширхэг том пиво авч орж ирсэн. Ингээд гурвуулаа пиво уугаад сууж байхад Жанчивдоржийн найз охин нь гээд нэг эмэгтэй ирсэн. Жанчивдоржийн найз охин нь бас уусан. Би 00 цагийн үед согтоод унтаад өгсөн. Гэтэл шөнө эмэгтэй хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Жанчивдорж найз охиноо зодож байсан. Тэгэхээр нь би Жавчиндоржийг боль гээд салгаж Жанчивдоржийг тайвшруулаад үлдсэн нэг пивоо ууж гадаа байсан Хишигжаргалыг гэртээ оруулж ирээд юу болсон талаар асуусан чинь Жавчиндорж найз охиноо Хишигжаргалтай хардаж зодсон юм шиг байна лээ. Ингээд бид нар унтацгаагаад өглөө нь би сэртэл Жавчиндорж найз охинтойгоо явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,
-Гэрч П.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай охин Долгор Жанчивдоржтой 2017 онд гэр бүл болж тусдаа гарсан. Тэр хоёр гэр бүл болсоноос хойш буюу 2017 оноос хойш Жанчивдорж манай охиныг нэг удаа зодож Долгор гэртээ ирж байсан. Мөн 2019 оны эхээр манай охин Долгор нөхөртөө зодууллаа гээд ирсэн. Тухайн үед манай охин болсон зүйлийн талаар яриад гэртээ ирэхээр нь би нөхөртэйгээ ярилцаж байгаад эргэж Жанчивдорж дээр очоод дахиж манай охиныг зодохгүй шүү гэж хэлээд охиноо үлдээж байсан. Гэтэл 2019 оны цагаан сарын шинийн 3-ны өдөр манай охиныг зодохоор нь хүүхдээ орхиод айл руу гүйхэд нь Жанчивдорж араас нь буу сумлаж тэнгэр лүү буудаж байсан гээд манай охин гэртээ ирэхээр нөхөр бид хоёр явуулаагүй юм. Гэтэл сая манай охин Долгор ах Батзоригийнд ажил хийж байхад нь айлд дуудаж архи ууж байгаад зодсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,
-Яллагдагч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед Хишигжаргал найзтайгаа газар унтаж байсан ба Долгор бид 2 орон дээр унтаж байсан чинь шөнө Хишигжаргал Долгорын хажуу талаар орж ирээд унтсан ба Долгор Хишигжаргалтай үнсэлцээд байхаар нь би босч ирээд Хишигжаргалыг ганц нэг цохисон чинь гараад явсан. Долгорыг хардаж нүүр болон шанаа толгой руу нь 4-5 удаа цохисон. Ингээд би болиод унтсан ба өглөө сэрсэн чинь Долгор явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 63-64 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 534 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Э.Долгорын биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт бүхий гэтмэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүнд цус хуралт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 21-22 ху/.
-Эд зүйлийн үнэлгээ /хх 26-31 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/
-Д.Жийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57-59, 63-64 ху/
-Хохирлын баримт /хх 81-82 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 89 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 16-11 тоотод хамтран амьдрагч Э.Долгорыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Долгорын “...шөнө 00 цаг өнгөрч байхад Жанчивдорж согтуу өөрийн найз Хишигжаргалтайгаа хардаад намайг үснээс зулгаагаад толгой руу гараа атгаж байгаад цохиж мөн хөлөөрөө гуя руу өшиглөсөн. ...Би цагдаа руу залгах гэхээр Жанчивдорж миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Хэсэг хугацааны дараа Лхагвадорж гэх залуу Жанчивдоржийг салгасан. Жанчивдорж намайг зодож байх үед миний ээмэг газар уначихсан байхаар нь аваад орны толгой дээр тавьсан. Ингээд өглөө болохоор нь ахынх руугаа гуйж очоод болсон зүйлийн талаар хэлтэл манай ах цагдаад өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/, гэрч Ч.Лхагвадорж /хх 12 ху/, П.Сарантуяа /хх 14 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 534 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн улмаас хохирогч 720.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ж-ид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА