| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01388/и |
| Дугаар | 1308 |
| Огноо | 2015-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1308
2016 оны 11 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2016/01308 Улаанбаатар хот
Нэхэмжлэлийн шаардлагын зарим
хэсгээс нэхэмжлэгч татгалзсан, зарим хэсгийг хариуцагч
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 22 байр, 2 орц, 0 тоотод байрлах, “Санаа” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7-77 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 21 байрны 49 тоотод оршин суудаг гэх, Язгуур овогт Дугардагвын Чинбат /РД:ХЙ66091875/-д холбогдох,
336,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Чинбат нь “Санаа” СӨХ-ны хариуцдаг дундын өмчлөлийн үйлчилгээний хөлсөө 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл төлөөгүй тул 336,960 төгрөг гаргуулахаар шаардсан юм. Гэхдээ үүнээс 18 сарын жижүүрийн төлбөр болох сарын 4,000 төгрөг буюу нийт 72,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би жижүүрийн төлбөр 72,000 төгрөгөөс бусдыг нь төлөхийг зөвшөөрч байгаа. Сарын төлбөрөөс 4,000 төгрөгийг хасаж тооцвол сар болгоны 14,720 төгрөгийг буюу нийт 264,960 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Санаа” СӨХ нь хариуцагч Д.Чинбатад холбогдуулан 336,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлага болох 336,960 төгрөгийн 72,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсан, үлдэх 264,960 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч татгалзсан, зарим хэсгийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Санаа” СӨХ нь 72,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Д.Чинбат 264,960 төгрөгийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,800 төгрөгөөс 10,759 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 41 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас, хариуцагчаас 8,599 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ө.УЯНГА