Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 831

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Хохирогч Д.Б-,

Шүүгдэгч Э.Э-,

Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг ҮД:/0773/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Э-ы Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905029700000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Авто сервис ХХК-д автозасварчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 0-тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б- овогт Э-ы Э-.

 

        Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машины худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16-дугаар хороо, Тайна 0-тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д-овогт С-гийн Б-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Алтай” хотхоны уулзвар орчмын замд иргэн Д.Б-ийг “пивоны шил шидлээ” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч С.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Алтай” хотхоны уулзвар орчмын замд бусадтай маргах явцдаа иргэн Э.Т-гийн жолоодож явсан “Ноnda” загварын 0-улсын дугаартай мотоциклийн эд зүйлийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 859.560 /найман зуун тавин есөн мянга, таван зуун жаран/ төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, С.Б-ийг эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Алтай” хотхоны уулзвар орчмын замд иргэн Д.Б-ийг “пивоны шил шидлээ” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Алтай” хотхоны уулзвар орчмын замд бусадтай маргах явцдаа иргэн Э.Т-гийн жолоодож явсан “Ноnda” загварын 0-улсын дугаартай мотоциклийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас 859.560 /найман зуун тавин есөн мянга, таван зуун жаран/ төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э- шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 300.000 төгрөг дансаар нь төлсөн. Саахар эмчлүүлсэн зардлыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мотоциклийг Б- эхлээд нэг удаа жийж унагаагаад мотоцикль босгоод тавьсаны дараа дахин өшиглөж унагаад дэвссэн...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Д.Б-ийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа цохисон. Би эмчилгээний зардлыг нүдэнд эмчилгээ хийлгэснээр нь гаргаж өгнө. Ямар ч хамаагүй саахрын эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад зардлыг төлөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна. Миний буруу...” /хх-ийн 79 тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Б- шүүх хуралдаанд “...Надтай цуг явж байсан ах шаардлага тавихад манай ахыг Э- цохисон байсан. Касктай өндөр залуучууд байсан. Би ирээд хэн нүдийг нь цохичихвоо, юу болсон талаар асуугаад утсаа гаргаад бичлэг хийх хооронд намайг цохисон. Би доошоо өвдөглөөд суусан. Босоод ирэхэд фудволк урагдсан байсан. Хойшоо ухрахдаа мотоциклийг нь унагаачихсан. Намайг санаатай эвдсэн гэж мэдүүлсэн байсан. Долоо хоногийн дараа байцаагч “мотоцикл эвдэлсэн байна” гэж ирсэн. Би мотоциклийг санаатай унагаагүй. Олон залуучууд дайраад ирэхээр нь хойшоо ухрахдаа унагаачихсан гэж хэлсэн. Би өөрөө цохиулсан ч гэсэн гомдол гаргаагүй. Би 7 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Намайг ямар орой ирдэг юм бэ гэж хэлж байсан. Би нэг ч хүнд гар хүрээгүй...” гэв.

 

Шүүгдэгч С.Б-ын мөрдөн  шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Тэмүүжингийн мотоциклыг унагааж эвдсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би мотоциклын эвдрэлийн зардлыг барагдуулна. Би гэм бруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг гаргасандаа харамсаж байна. Миний буруу...” /хх-ийн 108 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Д.Б- шүүх хуралдаанд “...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 4 дүүтэйгээ захаас тараад Солонгос хоолны газарт 6 ширхэг пиво уугаад гэртээ харих замдаа хүмүүстэй маргалдсан. Яагаад гэвэл мотоциклотой хажуугаар дайрчих гээд мотоциклоо орилуулаад яваад байсан. Би цаашаа явцгаа гээд пивоны лааз шидсэн болохоос биш пивоны шил шидээгүй. Намайг лааз шидээд удаагүй байхад намайг ирээд нэг нь цохичихсон. Би хэн цохисоныг нь мэдээгүй. Нүдний зовхиноос цус гарсан. Би гарч ирээд “хэн цохичихвоо” гэхэд тэд нар зугтаачихсан байсан. Тэмүүжин гэдэг нь үлдчихсэн байсан. Буцаж ирээд маргаан болсон. Цохисон хүүхдийг олж аваад “ахаасаа уучлалт гуй” гэж хэлүүлэх гэж байхад нуун дарагдуулаад бөөн хэрүүл болсон. Хэрэлдэж байх явцад Б-ийг хэд хэд цохингуут Б- ухарах үед мотоцикл нь унаад гэмтсэн юм шиг байгаа юм. Тэмүүжин гэх хүүхэд намайг эмнэлэгт хэвтчихээд байхад нэг ч удаа утсаар ярьж, уулзаагүй. Би сахарын өвчтэй хүн. Би цохиулаагүй байсан бол нүдний хагалгаанд орохгүй байсан. Нүдний хагалгаанд ороход Орбит эмнэлэг дээр 6,000,000 төгрөг, 1 дүгээр эмнэлэгт 1,500,000 төгрөгийн төлбөртэй гэж байсан. Хагалгаанд орохгүй бол нүд чинь цаашаа ширгэнэ гэж хэлсэн. Тиймээс хагалгаанд заавал орох шаардлагатай байгаа. Надад эмчилгээний зардлыг өгөхгүй байгаа болохоор хагалгаандаа орж чадахгүй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Надад 300,000 төгрөг өгсөн...” гэв.

 

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр Да хүрээ зах дээр байж байгаад хамт ажилдаг Б-, Т-, Д- нарын хамт Зайсанд байдаг Солонгос хоолны газар очиж хоол захиалж идээд, пиво ууцгаасан. Тухайн үед нэг хүний 5-6 шилтэй Сэнгүр нэртэй пиво уугаад юм яриад сууцгаасан. Бүгдээрээ харьцгаах болоод такси бариад хотын төвөөр яваад замаасаа буюу баруун 4 замаас хамаатны дүү Б-ыг аваад Нарны гүүрний урагшаа даваад Алтай хотхоны харалдаа зам дагуу түгжрээд явж байхад хажуугаар хэдэн мотоцикльтой залуучууд урдуур хойгуур шүлжилдээд дайраад байсан. Тэгэхээр нь би цаашаа явцгаа гэж шаардлага тавиад пивоны лааз шидчихсэн. Нэг нь ирээд машины цонхоор миний нүүр рүү цохисон. Яг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Машинаас буугаад явуулахгүй гээд нэгийг нь каск дээрээс нь барьж аваад сугадсан. Тэр үед нөгөө хүүхдүүд удалгүй цагдаа дуудсан. Тухайн үед Б-г зодоод байсан. Б- нэгийх нь мотоциклийг түлхэж унагаасан. Бид нартай хэрүүл маргаан хийгээд маргалдаад байж байтал цагдаа нар ирсэн. ...Би шаардлага тавиад пивоны лааз шидсэн тэгээд л намайг цохисон. Болор мэлмийд шинжилгээ өгсөн, Орбит эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг, Гэмтлийн хажууд КТГ-д үзүүлсэн. Одоогоор Ачтан эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Удахгүй нүдний хагалгаанд орно. Гомдолтой байна. Цаашдаа хийлгэх эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилмээр байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 86 тал/,

 

Хохирогч Э.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Циркээсээ хөдлөөд нисэх орох гээд нарны гүүрээр даваад урагшаа чиглэлтэй машинууд дунд түгжрээд машин шүлжээд явж байгаад түгжрээнд Алтай хотхоны харалдаа зогссон. Тэгсэн чинь 71-55 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн соната 5 маркийн машинд сууж явсан хүмүүс бид нар руу орилоод пизданууд гээд ууж байгаа пивоо цацаад байхаар нь бид нар тоогоогүй. Тэгсэн чинь нэг нь хөдлөхдөө цонхоороо лаазтай пиво шидэхэд Э- ахын толгойн тус газар нь оносон. Тэр үед Э- ах бууж очоод нөгөө машины хойд талын цонхоор нь нэг хүнийг нь цохих шиг болсон. Би сайн хараагүй тэгэхээр нь би шууд хөдлөөд явах гэтэл уг машинаас хүмүүс бууж ирээд миний мотоциклыг өшиглөж унагаасан. Би танайхныг цохиогүй шүү дээ ахаа гэсэн чинь намайг чирж замын хажуу тал руу гаргаад баахан цохисон. Би тухайн үед толгойдоо дуулгатай байсан болохоор гэмтэл аваагүй. Би мотоциклоо босгоод зогсож байсан чинь нөгөө ах хүрч ирээд миний мотоциклыг дахиж өшиглөж унагаасан. Тэгэхээр нь би ахаа энэ чинь миний хувийн хөрөнгө битгий, би цохиогүй шүү дээ ахаа гэсэн чинь ахтайгаа битгий ийм жижигхэн юм ярь, ах нь Да хүрээ зах дээр машины ченж хийдэг, наад сэгийг чинь төлөөд өгчихнө гээд байсан. Тэгэхээр нь би за за та төлөөд өгчих юм бол ч яахав даа гээд хажууд байсан нэг танихгүй хүнээр цагдаа руу дуудлага өгүүлсэн. Тухайн үед шорт, цагаан подволктой тэр хүмүус дундаа л өндөр нуруутай, бор царайтай ах байсан. Сүүлд цагдаа дээр очиход нэрийг нь Б- гээд дуудаад байсан. Миний мотоциклын баг нь хагарсан бас дөрөө нь хугарсан, базуур далийсан. Мотоциклынхоо хохирлыг барагдуулмаар байна. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42, 99-100 тал/,

 

Гэрч М.Т-лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээх байж байгаад хамт ажилдаг Б-, Б-, Д- нарын хамт Заасангийн орчим байдаг Солонгос хоолны газар руу хоол идэхээр явсан. ...Харьцгаах болоод такси бариад Б-ыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Би жолоочийн хажууд суугаад Д-, Б-, Б- нар хойно суусан. Нарны хорооллын харалдаа түгжрээд зогсож байхад хажуу талаар мотоцикльтой хүмүүс өнгөрсөн. Тэр үед Б- цонхоороо нөгөө мотоцикльтой залуучуудад наад мотоциклын дуу их байна, жоохон цаашаа яв гээд цонхоороо пивоны лааз нөгөө хүмүүс рүү шидсэн. Тэр үед хойно тас хийсэн дуу гарсан. Эргээд хартал Б-ын нүд орчимоос цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь бид нар машинаасаа буугаад нөгөө хүмүүсийг явуулахгүй гээд барьж аваад Б- цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Б-, Б- 2 нэг мотоцикльтой залууг каскнаас нь бариад явуулахгуй гээд зогсож байсан. Цагдаа нар ирэх хугацаанд зодоон цохион болсон зүйл байхгүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/

 

Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 7 сарын 15-ны өдөр Төв аймаг Өндөрширээт сумаас өөрийн төрсөн ах Б-тэй уулзах гэж хотод орж ирсэн. Тэгээд 2019 оны 7 сарын 16-ны өдөр би өөрийн ээж Д-ынд байж байгаад төрсөн ах Б-ын ажил дээр 15 цагийн үед очсон. ...Алтай хотхоны урд түгжрээнд явж байтал хажуугаар явж байсан машин мөргөчих гээд байсан. Тэр үед Б- ах нөгөө мотоцикльтой залуучуудыг та нар хол яваач гээд цонхоор пивоны сав шидсэн. Удалгүй цонхоор Б- ахыг нэг залуу цохисон. Хэн нь цохисон талаар мэдэхгүй байна. Нэг хүнийг нь каск дуулганаас нь бариад явуулахгүй гээд бужигнаж байхад цагдаа нар ирсэн. Ахаас өөр гэмтэл авсан хүн байхгүй байсан...” /хх-ийн 37-39 тал/           

 

Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсгөн: “...2019 оны 7 сарын 16-ны орой “Юуби баяк” клубынхээ хамт олонтой циркийн орчим уулзаад тэндээсээ Хангай хотхон ороод дараа нь Нарны гүүр даваад Буянт ухаа руу явж байсан. Алтай хотхоны харалдаа түгжрээнд хамгийн урд Дөлгөөн бид 2 явж байсан чинь нэг соната 5 маркийн машинтай ах бид нар руу пиздаа нараа аятайхан яв гээд орилоод байхаар нь бид 2 тоохгүй яваад өгсөн. Тэгсэн чинь араас нэг приүс 20 залуу ирээд танай 2 хүнийг машинтай хүмүүс зодоод байна гэхээр нь Дөлгөөн бид 2 буцаад очтол зодоон болчихсон баахан согтуу хүмүүс бужигнаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн газар руу явцгаасан. Би болон надтай хамт явж байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Яг юунаас болж маргалдсан талаар бол мэдээгүй. Сүүлд сонсоход тэр машинтай хүмүүс манай Э- руу лаазтай пиво шидсэн гэсэн би нүдээр хараагүй, учир нь хамгийн урд явж байсан. Нилээн согтуу байх шиг байсан. Намайг дөнгөж очиход өндөр цагаан подволктой залуу намайг заамдаж аваад чи манай найзыг цохисон уу гээд байсан тэр үед манай найзууд уг хүнийг салгах гэж байгаад тэр залуугийн подволкыг урсан. Хэн эвдэлсэн талаар мэдэхгүй байна намайг очиход бүх зүйл болоод дуусчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/

 

Гэрч Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 сарын 16-ны орой “Юуби баяк” клубынхээ хамт олонтой циркийн орчим уулзаад тэндээсээ Хангай хотхон ороод дараа нь Нарны гүүр даваад Буянт ухаа руу явж байсан.  Алтай хотхоны харалдаа түгжрээнд хамгийн урд явж байхад соната 5 маркын машинтай хэдэн хүмүүс бид нар руу хараад лалруудаа аятайхан яваач гээд орилоод байхаар нь тоохгүй өнгөрөөд явсан. Гэрлэн дохио нисэхийн тойрог дээр зогсож байсан чинь араас нэг саарал өнгийн приүс 20 залуу ирээд танай 2 хүнийг машинтай хүмүүс зодоод байна гэхээр нь би буцаад очтол зодоон болчихсон баахан согтуу хүмүүс бужигнаад байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нэгнийх нь нүд хавдчихсан байсан. Цагдаа дуудсан талаар асуухад дуудчихсан гэж байсан. Удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн газар руу явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/

 

Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг очиход Тэмүүжин гэх хүүхдийн каскнаас нь нэг хөгшин ах барьчихсан байсан. Орилсон хүмүүс л байсан. Тэр дунд цагаан подволкатай 180 см орчим өндөр шорттой байсан залуу нилээн агсраад дайраад бид нарыг зодох гээд байсан. Тэгээд манай нэгийг нь толгойноос уургалаад бариад авчихсан байсан болохоор бид нартай хамт явж байсан А- тэр хүнийг салгах гэж подволкноос нь татахад уг хүний подволк урагдсан тэрнээс биш тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг очсоноос хойш тэр хүмүүсийг цохиж зодсон хүн байхгүй. Надтай хамт явж байсан хүмүүс тэр хүмүүстэй зодолдоогүй, тэр хүмүүс агсраад дайраад байсан. Би тэр хүмүүст гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8757 дугаартай: “...Д.Б-ийн биед баруун нүдний ухархайн дотор доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Б-ийн биед үүссэн баруун нүдний ухархайн ханы хугарал, баруун нүдний дээд зовхины шарх, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 59 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 9012 дугаартай: “...С.Б-ийн биед зүүн мөрөнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/

 

Ашид билгүүн ХХК-ийн “...Ноndа CBR600-RR загварын мотоциклийн боди баг хагарсан, баруун хойд дохио хагарсан, зүүн базуур хугарсан, баруун хойд гишгүүр хугарсан байв. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 859.560 төгрөг...” гэх Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 93 тал/, хохирол төлсөн баримт /хх-ийн 137 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 хорооны нутаг Алтай хотхоны уулзвар орчим замд хохирогч Д.Б- таксинд явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлын улмаас хажуугаар зөрж явсан мотоцикльтой залуучуудтай маргалдаж эхэлсэн, улмаар таксины цонхоор ууж байсан лаазтай пивоо шүүгдэгч Э.Э- руу шидсэний улмаас шүүгдэгч Э.Э- хохирогч Д.Б-ийн баруун нүд орчимд нэг удаа гараараа цохисон үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

 

Шүүгдэгч Э.Э-ы хохирогч Д.Б-ийг цохисон дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Д.Б-ийн биед баруун нүдний ухархайн дотор доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхины шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 8757 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

 

Иймд шүүгдэгч Э.Э-ы үйлдэл Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Д.Б-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э-ы 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Алтай” хотхоны уулзвар орчмын замд иргэн Д.Б-ийг “пивоны шил шидлээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн хэрэг гарах цаг хугацаанд нэр бүхий шүүгдэгч, хохирогч, гэрч нар маргах явцад шүүгдэгч С.Б- нь хохирогч Э.Т-гийн эзэмшлийн мотоциклийг өшиглөж унагаасан, үүний улмаас мотоциклийн эд анги гэмтэж 859.560 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- нь “...би мотоциклийг санаатай эвдэж гэмтээсэн зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь дээрх нотлох баримтууд болон түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэргийн бусад үйл баримттай бүрэн нийцэж байна. 

 

Бусдын эд хөрөнгийг өшиглөх, түлхэж унагаах үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгө гэмтэж, хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж шүүгдэгч зориуд хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч С.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Т-гийн эзэмшлийн мотоциклийн боди баг, баруун хойд дохио, зүүн базуур хагаран, баруун хойд гишгүүр хугарч, 859.560 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохиролоос дээш хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-ийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Алтай” хотхоны уулзвар орчмын замд бусадтай маргах явцдаа иргэн Э.Т-гийн жолоодож явсан “Ноnda” загварын 0-улсын дугаартай мотоциклийн эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас 859.560 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч С.Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч С.Б- нь хохирогч Э.Т-д 859.560 /найман зуун тавин есөн мянга таван зуун жар/ төгрөгийн буюу тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч С.Б-ээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг тооцож, шүүгдэгч Э.Э- нь 300.000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлгээр нотлогдсон ба

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нийт 773.033 төгрөгийн баримт байна. Үүнд:

-Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг,

-Болор Мэлмий эмнэлэгт үзүүлсэн 20000 төгрөг,

-Орбита эмнэлэгт үзүүлсэн 45000 төгрөг,

-Ачтан элит эмнэлэгт үзүүлсэн 25000 төгрөг,

-Ачтан элит эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэний төлбөр нийт 496.032 төгрөг,

-шархны боолт 5000 төгрөг,

-эм тарианы 44000 төгрөг,

-Med trauma эмнэлэгт томограффи зураг авахуулсан 130000 төгрөг, бүгд 773.033 төгрөгийн бодит зардал гарсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлоос төлөгдөөгүй байгаа 473.003 /дөрвөн зуун далан гурван мянга гурав/ төгрөгийг хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Э.Энхсайхнаас гаргуулж хохирогч Д.Б-өд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

            Мөн хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн эдгэрээгүй,  нүдний хагалгаанд орох шаардлагатай гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч С.Б- нь эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Э-ы хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 67 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 68 тал/, шүүгдэгч С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 117 тал/, боловсролын талаарх баримт /хх-ийн 118 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 119-124 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

 

Шүүгдэгч Э.Э-, С.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн зүйлийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдлоо.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нарын хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тэдгээрт тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Э.Э-, С.Б- нарт мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Э-, С.Б- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Э-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Д-овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-, С.Б- нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-аас 473.003 /дөрвөн зуун далан гурван мянга гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-өд олгосугай.

 

5. Хохирогч Д.Б- цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч Э.Э-, С.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-, С.Б- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА