Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 857

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал                 хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О-овогт Г-ын М-д холбогдох эрүүгийн 1905031510000 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Архангай аимгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 0-тоот нийтийн байрны 3 тоотод түр оршин суудаг, Архангай аймгийн Өндөр-Улаан сум, 5 дугаар баг Баянгол гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О-овогт Г-ын М-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.М- нь 2019 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 0-тоот нийтийн байранд иргэн Г.Б-ийн нүүрэнд цохиж, биед нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний цуурал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Г.М- нь 2019 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 0-тоот нийтийн байранд иргэн Г.Б-ийн нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний цуурал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би эхнэр Сувд-Эрдэнэ, найз нартайгаа гадуур явж байгаад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 0-тоот нийтийн байранд гэртээ орж байхад манай нийтийн байрнаас цагаан подволкатай залуу гарч ирээд намайг түлхээд, миний нүүр рүү цохисон. Тэгээд би тонгойгоод сууж байхад уг залуу намайг өшиглөсөн. Хэн байсныг би сайн анзаарч харж чадаагүй. Цагаан подволкатай байсан. Маргааш нь манай эхнэр уг нийтийн байрны 3 тоотод амьдардаг байсан эрүүлжүүлэхэд орсон залууг цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нийтийн байрандаа ирээд шат руу гарч байхад нийтийн байрнаас саравчтай шар малгай цагаан подволка, хар өмдтэй ах гарч ирээд “яасан юу болсон бэ” гээд шууд Б-ийн нүүр рүү цохичихсон. Тэгээд шатнаасаа буусан. Би уг ахыг та хэн бэ? юун хүн бэ? манай байранд амьдардаг юм уу? гэхэд уг ах би 3 тоотод амьдардаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2019 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Б- эхнэртэйгээ найз нартайгаа караокед орсон гээд Баянгол дүүргийн 16 хороо, Орхон 0-тоот нийтийн байранд амьдардаг байрны гадаа ирж байхаар нь тосох гээд байрнаас гараад Б- ах дээр очсон. Тэгэхэд хашааны гадаа 3 ах хоорондоо маргаад байсан. Би Б- ах, Сувд-Эрдэнэ эгч нарыг дагуулаад байр луугаа орж байхад шатан дээр байрны 3 тоот өрөөнд амьдардаг ах байрнаас гарч ирээд Б- ахын нүүрэн хэсэгт гараараа цохисон. Тэгээд Б- ах газар суухад хоёр, гурван удаа өшиглөсөн. Тэгээд Б- ахыг өшиглөсөн ахыг эхнэр нь аваад орсон. Цагдаа нар ирээд Б- ах, Б- ахыг зодсон ах хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

 

Шүүгдэгч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Б-ийг цохисон гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож байгаа хохирлыг нь барагдуулна. Эмнэлэгт үзүүлнэ гэхэд завгүй байна гээд байгаа. Би эмчилгээг нь хийлгэж өгнө хохирлыг барагдуулна...” /хх-ийн 35 тал/ гэх мэдүүлэг, 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9460 дугаартай “...Г.Б-ийн биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний цуурал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.   

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.М- нь 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 0-тоот нийтийн байранд иргэн Г.Б-ийн нүүрэн тус хэсэгт цохиж, биед нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний цуурал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 9460 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Г.М- нь хохирогч Г.Б-ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М- нь “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би буруу үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан. Хохирогч надаас нэхэмжилсэн зүйл байхгүй, хохирлын баримт гаргаж өгөөгүй тул хохирол төлөөгүй...” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх шаардлагатай.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Г.Б-э мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...шүдээ янзлуулмаар байна...” гэсэн мэдүүлэг гаргасныг харгалзан гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг хохирогчид тайлбарлаж байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Г.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 39 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хувьдаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл байхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М-ад мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О-овогт Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б-э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай..

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА