Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 927

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Д.Б-нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч У- овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 1905039031000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст ажилдаг, ам бүл 3 аав ээжийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 0-тоотод оршин суудаг ял шийтгэлгүй, У- овогт Д-ын Б-/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б-2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.С- хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.С-гийн биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б-2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.С- хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.С-гийн биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр залуу Ариунболдыг явуулахгүй гээд гараас нь татаад байсан. Би зам хөндлөн явж очоод тэр залууд хандан “чи одоо яагаад байгаа юм бэ? гэсэн чинь өөдөөс “чи хэн бэ” гэхээр нь А-ыг барьсан гарыг нь тавиулаад нүүр рүү нь мангасдаад, нүүр хамар хэсэгт нь 2 удаа цохисон. Тэр үед намайг А- боль гээд татаад би А-ыг дагуулаад зам хөндлөн гараад машиндаа суулгаад явсан. Б- миний араас хүрч ирээд машины урд зогсчихоод явуулахгүй байхаар нь би машинаасаа буугаад тэр залууг татаад замаас гаргасан чинь өмсөж явсан хүрэмний энгэрээс заамдаад авсан. Тэгэхээр нь би хүн явуулаач гэтэл өөдөөс чамайг гөлөг болгоно гэсэн. Би 2 гарыг нь тавиулах гээд дээш нь өргөөд дийлэхгүй байхаар нь доошоо дарсан. Миний зүүн талын чигчий хуруу, долоовор хуруу 2-оос 2 гараараа атгаж аваад доошоо дараад баруун хөлийн шилбэ хэсэгт өшиглөхөөр нь би дээшээ босоод иртэл ахиад заамдаад авсан. Миний зүүн гарын чигний хуруу эвгүй болчихсон. Над руу дайраад намайг гөлөг болгоно, чи байж бай гээд байхаар нь зөрүүлж заамдаж аваад боолцсон. Хажууд нэг түц байсан. Түцний хажуугаар оруулаад тэр залууг хавсарч газар унагаад машиндаа суух гэтэл баруун хөлний шилбэний ар хэсэгт өшиглөсөн. Би эргэж хараад заамдалцаж аваад “Түц”-ний хажуу руу чирч аваачаад ахиж хавсарч унагаад машиндаа гүйж очсон. Хөдлөөд гэрлэн дохион дээр очоод зогстол араас гүйж ирээд цонх руу нэг өшиглөөд баруун урд хаалга онгойлгохоор нь цаашаа түлхээд хаалгаа хаагаад явсан. Миний зүүн гарын чигчий хуруу гэмтсэн бөгөөд эмзэглэлтэй болсон байна. Би машин дотор явж байхдаа А-т хандан саяны залуутай зодолдож байхад миний чигчий хуруунаас татаад гэмтээчихлээ гэсэн. Миний зүүн гарын чигчий хурууны 1-р үе гэмтсэн байсан. Би өвдөөд болохгүй болохоор нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очиход үзэхгүй дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүл гэсэн. Үзүүлэхэд эмч нь явчихсан байсан. Ингээд өнөө өглөө дүүргийн эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулахад зүүн гарын чигчий хурууны үзүүр хэсгийн яс хугарсан, шөрмөс нь гэмтсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С- Б-ын нүүр рүү гараараа 2 удаа цохиод намайг дагуулаад замын арагшаа гарсан. Замын ард гараад машинд суугаад явах гэхэд урд зам хааж зогсчихоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь С- машинаас буугаад Б-ыг түлхээд, замаас татаад гаргахад Б- С-гийн энгэрээс нь заамдаж аваад тавихгүй байсан. Б- нь С-гийн зүүн гарын хурууг нь өчөөд, доошоо дараад хөл рүү нь өшиглөөд авч байсан. Тэр 2 заамдалцсан чигээрээ замын хажуу руу орсон. С- Б-ыг хавирч унагаад машиндаа суух гэхэд араас нь бас нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхэд С- эргэж хараад Б-ыг заамдаж аваад ТҮЦ-ний хажууд аваачаад хавирч газар унагаад машиндаа гүйж орж ирээд шууд хөдөлсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг харахад би ганцаараа үлдчихсэн сууж байсан. Бүгд гараад явчихсан байсан. Ингээд хэсэг сууж байгаад гадаа гартал урдаас Б-ын нүүр нь цус болчихсон куртик нь шороо болсон байсан. Ингээд цагдаа дуудаж, өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/           

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11958 дугаартай шинжээчийн: “...Г.С-гийн биед баруун гарын сарвууны 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 83, 84 тал/

 

Шүүгдэгч Д.Б-мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 27-ны орой манай ажлын газрын Оюундэлгэр, Оюунбат нартай хамт А-ын төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэхээр болсон. Ингээд Оюунбат бид 2 18 цагт ажлаас хамт гараад Гэсэр сүмийн хажууд байрлах Холидэй нэртэй ресторанд орсон. Очиход Ц-, Б-А- 3 сууж байсан. Хамт 1 шил виски уусан. Бид нар сууж байсан газраас 22 цаг өнгөрч байхад гараард Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Меланж нэртэй караокед орсон. Ороод 1 шил архи хувааж ууцгаасан. А- явлаа гэсэн бөгөөд Оюундэлгэр надад хандан “ганцаараа явлаа гээд байна, битгий явуул, араас нь гар” гэсэн. Би А-ын араас гараад 2 удаа оруулж ирсэн. 3 дахь удаагаа гарахад нь гадаа гараад битгий яв гээд юм яриад зогсож байтал такси авах гээд байсан. Замын араас нэг залуу хүрч ирээд “миний найзыг яах гээд хоргоогоод байгаа юм бэ? гэж хэлээд нүүр хэсэгт 2-3 удаа цохиод авсан. А-ыг дагуулаад замын арагшаа гараад машиндаа суусан. Би араас нь очоод явуулахгүй гээд замыг нь хааж зогссон. Тэр залуу бууж ирээд заамдсан. Намайг чирээд автобусны буудал дээр байсан ТҮЦ-ний араар оруулаад хавсарч унагаад дахиад машиндаа суухаар нь дахиж очоод явуулахгүй гээд хаалгыг нь онгойлгосон. Тэгтэл дахиж машинаасаа бууж ирээд заамдаж боож газар унагасан. Зууралдаад баруун гарын хуруунаас нь татаж гэмтээсэн. Тэр залуу машиндаа суугаад хөдөлсөн. Гэрлэн дохион дээр очоод зогсохоор нь араас нь гүйж очоод машины дугаарыг нь цээжилж аваад машины хаалгыг нь татаад онгойлготол намайг түлхчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Б-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 77 тал/, Улаанбаатар хотын банк дипозит дансны хуулга /хх-ийн 67-76 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Г.С-гийн биед “баруун гарын сарвууны 5-р хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хэргийн 31 дэх талд авагдсан шинжээч эмчийн 11801 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Д.Б-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Б-гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Б-2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.С- хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.С-гийн биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.Б-“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчоос нэхэмжилсэн төлбөргүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б-нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У- овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА