Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 933

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Ц.Ж- нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С- овогт Ц-ийн Ж-ид холбогдох эрүүгийн 1905040051000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 36 настай эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 1-13 насны 4 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 0-оршин суудаг, ял шийтгэлгүй, С- овогт Ц-ийн Ж-.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Д-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ү.Д-г хавсарч унаган эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Д-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ү.Д-г хавсарч унаган эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ү.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 16 дугаар байрны урд талын талбайд хүнд механизмтай хүмүүс орж ирээд сагсны талбай буулгаад эхэлсэн. Тэгэхээр нь би очоод цагдаа дуудаад үйл ажиллагааг нь зогсоох гэж үзээд болохгүй болохоор нь хариад амарсан. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахиад хүнд механизм ажиллаад эхлэхээр нь очоод хариуцаж байсан залуутай нь уулзсан. Тэр залуу нилээд бөх байрын бүдүүн нөхөр байсан. Би тэр залууд очоод ямар компани, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуутал юу ч хэлэхгүй байсан. Тэр залуутай маргалдсан чинь ирээд намайг хавсраад газар унагаасан. Би унахдаа зүүн ар талаараа унасан. Унах үед миний зүүн талын хавирга гэмтчихсэн учир би цагдаа дуудаад өргөдөл гаргаж өгсөн. Намайг түлхээд хавсарч унагаад уг гэмтлийг учруусан. Би эмнэлэгт хэвтээгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Эм тариа авсан баримт байхгүй. Эмчилгээнд зориулж 1 сая орчим төгрөг зарцуулсан гэж бодож байгаа. Гэхдээ надад эм, тариа авсан баримт одоогоор байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12156 дугаартай шинжээчийн: “...Ү.Д-гийн биед цээжний зүүн 5,6,7,8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,

Ачтан-Элит клиникийн эмнэлгийн оношилгоо /хх-ийн 22-24 тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 66, 67 тал/

 

Шүүгдэгч Ц.Ж- мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо 15, 16 дугаар байрны урд талын гадна зогсоол өргөтгөх ажил эхлүүлсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 04- ний өглөө 09 цаг 40 минутын үед би ажлын байран дээрээ ажлаа эхлэх гээд байж байтал Даржаа гэх ах хүү араас хөөе хөөе гээд зандрангуй дуудсан. Тэгэхээр нь би утсаар ярьчихаад уулзья гэсэн. Тэгтэл араас ирээд мөрнөөс татахаар нь утасаа таслаад яасан бэ гэж асуусан. Тэгсэн чинь Даржаа гэх ах газрын гэрчилгээгээ гаргаад ир, та нар юм барих гэж байна уу гэж асуусан. Хариуд нь надад газрын гэрчилгээ гэж зүйл байхгүй. БГД-ийн засаг даргын захирамжаар энд зогсоол байгуулах гэж байгаа юм гэж тайлбарлаж хэлсэн чинь ямар ч үг хэлэлгүй шууд нүүр рүү салаавч гаргахаар нь /тэр ах нилээд согтуу байсан/ та наад гомдлоо БГД-ийн засаг дарга, хорооны даргад хэл гэтэл өөдөөс дахин дахин салаавч гаргаад байсан. Тэгэхээр би орхиод эргээд явтал араас гөлөг, пизда гэх мэтээр хараал урсгаад байхаар нь би эргэж очоод таньд тайлбарлаад байхад яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд баруун хөлөөрөө зүүн талд нь хавсраад газар унагасан. Ах газар уначихаар нь би явсан чинь араас хараагаад үлдсэн. Тэгээд яваад өгсөн. Надтай зүй бусаар харилцаж дайрч давшсан. Би тэр байдлыг тэвчээртэй хүлээж авч чадалгүй хавирч унагасан нь миний алдаа дутагдал байна. Тэр ахад хандаж хэлэхэд эр хүн шиг зангарагтай байгаасай гэж хэлмээр байна. Би хүнд гар хүрч гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Эмчилгээний зардал хохирол мөнгийг төлж барагдуулах болно. Хажууд өөр хүн байгаагүй. Тэр ах бид хоёр л байсан. Манай ажилчид цаана байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ц.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, Арвинбүрд Зам ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 39 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 тал/, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-60 тал/ боловсролын талаарх баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Ү.Д-гийн биед “цээжний зүүн 5,6,7,8-р хавирганы хугарал” гэмтэл учирсан нь хэргийн 26 дахь талд авагдсан шинжээч эмчийн 12156 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Ц.Ж-ийн нь хохирогчийг хавсарч унагасан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Ж- нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ү.Д-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ү.Д-г хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.Ж-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж- нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Ү.Д- нь “...Үрчгэр овогтой Даржаа би хүндэвтэр гэмтсэн эрүүгийн хэргийн хохиролд 3.500.000 төгрөг хүлээн авлаа. Ц.Ж-той сайн дурын үндсэн дээр тохиролцож байна...” гэж /хх-ийн 66 тал/ бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Ж-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ж- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ж- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.Ж-ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ж-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Ц-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ид 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж- шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ү.Д-д 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА