| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2435 00000 0250 |
| Дугаар | 2025/ХШТ/97 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ХШТ/97
Ч.О, Б.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Т.Уянга, Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар магадлалтай Ч.О, Б.Ц нарт холбогдох 2435 00000 0250 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан гомдлоор 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “Шүүгдэгч С овгийн Ч-ийн О-г бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Ш овгийн Б-ийн Ц-ийг бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.О-г 10 (арав) жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 9 (ес) жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 10 (арав) жил хорих ял, шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 9 (ес) жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Т.Уянгын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР