| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2017/0318/З |
| Дугаар | 763 |
| Огноо | 2017-10-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 763
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “О” ХХК /РД:2657457/
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын eрөнхий газар
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/20 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Э, түүний өмгөөлөгч З.С, Б.М, хариуцагч Мэргэжлийн хяналтын eрөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, гэрч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, Уул уурхай, Техникийн хяналтын улсын байцаагч Д.М , Д.Ч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө нарын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн 08/063/20 дугаар актыг “О” ХХК-д холбогдуулан гаргасан.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн 08/063/20 дугаар акт нь илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болох гэж үзэх дараах үндэслэл байна.
“О” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.19-д заасны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай Он авто замын гэрээг байгуулж, О төслийн талбайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 103 км улсын чанартай авто замыг өөрийн санхүүжилтээр барьж байна. Энэ ажлын хүрээнд “О” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, сайр/ ашиглах” гэрээний дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон, төлбөрийг цаг тухайд нь холбогдох хууль тотгтоомжийн дагуу бүрэн төлсөөр ирсэн.
15 карьерийн тоонд багтсан улсын байцаагчийн актанд дурдсан BP-R23A, BP-R74A, BP-R75A карьер багтаж байгаа ба энэ 3 карьераас нийт 300.808 м.куб хайрга олборлож, м.куб хайргыг актад заасантай ижил үнээр 1550 төгрөгөөр тооцож төлбөрийг аль хэдийн төлсөн бөгөөд дахин төлөх эрх зүйн үндэслэл байхгүй юм.
Эдгээр 3 карьeрыг ашиглахад тухайн үeд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу Ханбогд сумын Засаг даргаас 3 карьeрыг ашиглах зөвшөөрлийг захирамжаар гаргуулж авсны үндсэн дээр тус карьеруудыг ашигласан бөгөөд ашигласан хайрганыхаа төлбөрийг бүрэн төлсөн. Иймд хууль бус орлого олсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/20 дугаар актаараа манай компанийн эрхэд ийнхүү халдан нэгэнт төлөгдсөн төлбөрийг дахин төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь уг актыг илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/20 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, Уул уурхай, Техникийн хяналтын улсын байцаагч Д.М , Д.Ч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө нарын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн 08/063/20 дугаар актыг “О” ХХК эс зөвшөөрч энэхүү актыг илт хууль бус болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан болно.
Илт хууль бусад тооцох дараах үндэслэлүүд байна гэж үзэж байна. Үүнд:
1. Захиргааны акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэж байна. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын байцаагчийн 08/063/20 дугаар актын үндэслэх хэсэгт “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчиж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т заасныг үндэслэн” тус хуулийг үндэслэсэн байна. Гэвч Монгол улсад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хууль гэх хууль байхгүй юм.
Хэрэв тус улсын байцаагчийн актын үндэслэх хэсэгт баримталсан хуулийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль байх хэмээн таамаглан авч үзвэл акт нь илэрхий алдаатай гэж үзэхээр байна. Учир нь тус актаар нарийвчилсан үнэлгээний тайланд хамруулаагүй гэх зөрчил гаргасан гэж дүгнэсэн байх боловч энэхүү зөрчлийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлйн 7.2-т заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын eрөнхий үнэлгээг байгаль орчныг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Гэвч энэ нь нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй эсхүл eрөнхий үнэлгээ хийгдээгүй гэж буруутгаж байгаагийн аль болох нь тодорхойгүй акт байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбараас харахад нэхэмжлэгчийн дугаар бүхий 3 карьерыг нарийвчилсан үнэлгээний тайланд хамруулаагүй зөрчил гаргасан гэдэг. Хэрэв энэ агуулгаар зөрчсөн гэж үзэж байгаа бол байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүйгээр ажиллагаа явагдсан бол “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан хариуцлагыг тооцож болох байсан.
Мөн түүнчлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Захиргааны шийдвэр гаргахдаа тухайн харилцааг зохицуулсан хуулийн хязгаарлалтыг зөрчсөн, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, eрөнхий заалт хэрэглэсэн бол захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үздэг. Энэ нь “Монгол Улсын Үндсэн хууль”-аар тодорхойлсон хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн зарчимаас эхтэй. Энэхүү актыг гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Захиргааны ерөнхий хууль”-ийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар зохицуулагдсан байдаг.
“О” ХХК нь Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлэхээс өмнө хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэхэд маргаан бүхий BP-R23A, BP-R74A, BP-R75A дугаартай карьерууд багтсан. Гэтэл акт тогтоосон улсын байцаагч нар нь холбогдох баримт нотолгоог нягталж үзэлгүйгээр дугаар бүхий карьeруудыг үнэлгээнд хамруулаагүй хэмээн буруутгаж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 10 дугаар зүйлийн 10.9.11-ийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээг BP-R23A карьерт хийгдсэн. Харин BP-R74A, BP-R75A дугаартай карьеруудын хувьд eрөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээгээр заагдсан цэгээс өөр газар ухсан байх тул энэ нь үнэлгээ хийгдээгүй гэж үзэхгүй харин үнэлгээгээ зөрчиж хөндсөн гэх үндэслэлээр хариуцлага тооцох байсан гэж үзэж байгаа юм” гэв:
Хариуцагч Мэргэжлийн хяналтын eрөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: “...Уул уурхайн яамнаас томилогдсон Уурхайн үйлдвэр хүлээн авах комиссын албан даалгаврыг үндэслэн Мэргэжлийн хяналтын eрөнхий газрын даргын баталсан 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 26 тоот удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Ө би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 6709А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламж, Оюутолгойгоос хилийн боомт хүртэл тавьсан замд хэрэглэсэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын байдалд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан.
Энэхүү замын ажлын төслийг эхлэхэд 2004 онд анх Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгэсэн бөгөөд замын зураг төсөл, трасс өөрчлөгдсөн учраас 2010, 2012 онуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийгдсэн байна.
“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу танай байгууллага хайрга, дайрганы 104 карьeрыг үнэлгээнд хамруулсан байх боловч маргаан бүхий BP-R23A BP-R74A, BP-R75A дугаартай карьерыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулаагүй зөрчил илэрсэн.
Иймд дээрх илэрсэн зөрчлийн дагуу “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг үндэслэн улсын байцаагч 3 карьераас 300.808 м.куб хайрга олборлосныг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан үйлдвэр, уул уурхайн, зам тээврийн зориулалтаар түгээмэл тархацтай болон eрдийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээнд м.куб хайргыг 1550 төгрөгөөр тооцож 466,252,400 төгрөгийг улсын орлого болгох тухай 01/063/20 дугаар актыг үйлдсэн болно.
Энэ улсын орлого болгосон актын төлбөр нь тухайн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан төлбөртэй огт хамааралгүй асуудал байсан бөгөөд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн зөрчсөн зөрчилд авсан хариуцлагын арга хэмжээ юм. Тодруулвал “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтын дагуу захиргааны шийтгэл ноогдуулсан тул Захиргааны eрөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус актын үндэслэлд хамаарахгүй юм.” гэв
Иймд “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын eрөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал олборлохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүйгээр олборлосон бол олборлосон орлогыг улсын орлого болгоно гэсэн хуулийн заалт байдаг. Тус 3 карьeр дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр газар дээр үнэлгээ хийгдсэн гэж тайлбарлаж байна. Гэвч хуулийн дагуу координат, солбилцлын дагуу үнэлгээ хийгдээгүй л бол үнэлгээгүй ашигласан гэж үздэг. Өөр координат, солбилцол дээр үнэлгээ хийгдсэн гэдгээр өөрсдийгөө зөвтгөж, хариуцлага хүлээхгүй байгаа нь хууль бус юм.
Батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн тул тухайн газар нь очих шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийгдсэн үгүйг заавал тус газар дээр нь хийгдсэн болохыг шалгах шаардлагагүй харин тухайн үнэлгээний координат, солбилцлууд нь таарч байгаа эсэхийг л шалгах үүрэгтэй.
2010 оны нарийвчилсан үнэлгээний тайланг бид бүхэн дутуу шалгасан байхыг үгүйсгэхгүй. Учир нь 2010 оны нарийвчилсан үнэлгээний тайланг шалгахдаа BP-R23A карьерийг карьерийн дугаараар нь шалгасан, харин координатаар нь өөр хүн шалгаж байхгүй байна гэж үзсэн.
Мөн шинэ нотлох баримт гарч ирснээр BP-R23A карьерийг хасаж болох юм. Учир нь “О” ХХК-аас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэсэн нь буруу болсон байна. Бид бүхэн нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан байх тул заавал BP-R23A дугаартай карьер дээр үнэлгээ хийгдээгүй гэж маргахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хууль гэж байхгүй, хуулийн нэр буруу бичсэн, BP-R23A дугаартай карьерт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдсэн байхад уг карьерыг хамруулсан нь үндэслэлгүй, BP-R74A, BP-R75A дугаартай карьеруудын хувьд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй биш, харин тус компаний хийлгэсэн үнэлгээнд уг 2 карьер хамрагдаагүй тул акт нь илт хууль бус...” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч “О” ХХК нь анх “Айвенхоу майнз монголия инк” гэх нэрээр 2015 оны 12 дугаар 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 9019006110 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий, 2657457 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан байх бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн нэрийг “Айвенхоу майнз монголия инк” байсныг “О” болгож өөрчилсөн байна.
Өмнөговь аймаг Ханбогд сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 73, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 96, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23, 2012 оны 07 дугаар сарын 05-ны 91, 2013 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 158, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр А/446 дугаар захирамжаар тус тус “О” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын карьер ашиглах болон хайрга, элс, шороо дүүргэгч материал ашиглах зөвшөөрлийг олгосны дотор 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтад маргаан бүхий BP-R23A, BP-R75A дугаартай карьерууд, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад BP-R74A дугаартай карьeрууд тус тус багтаж байна.
Түүнчлэн, Өмнөговь аймаг Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/398 дугаар захирамжаар “О” ХХК-нд Огоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэл авто зам барих зориулалтаар 1170001002 тоот улсын бүртгэлийн дугаартай, 150507049 нэгж талбарын дугаартай 1030 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 тогтоолоор түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмалыг иргэн болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон байх ба тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар хайрга олборлосны төлбөрийн хэмжээг 1550 төгрөгөөр тогтоожээ.
2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон “О” ХХК-ийн хооронд “Түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, сайр/ авч ашиглах тухай” гэрээ байгуулагдсан байх бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр талууд дээрх гэрээг нэмэлт байдлаар дахин ““О” ХХК, Ханбогд сумын хооронд байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” гэсэн нэртэйгээр байгуулсан байна. Мөн түүнчлэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын Засаг дарга болон “Очир төв зам” ХХК-ийн хооронд “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах түр гэрээ”-г тус тус байгуулсан байна.
“О” ХХК нь байгаль орчны үнэлгээ, экспeртизийн “Эко трeйд” ХХК-аар 2004 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2010 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 6/3555 дугаар албан тоотын дагуу 2010 оны 10 дугаар сард О-Гашуун сухайтын дэд бүтцийн зурвасын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нэмэлт тодотгол нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд үүнээс гадна тус яамны 2012 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 6/164 албан тоотын дагуу “Натур фрейндли”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 5/221 дугаар бүхий албан тоотын дагуу “ЖЭМР” ХХК-иуд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тус тус хийж гүйцэтгэжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/26 дугаар бүхий хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Ө болон тус газрын байцаагч нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 6709А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламж, Огоос хилийн боомт хүртэл тавьсан замд хэрэглэсэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын байдалд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 01/26 дугаар бүхий хяналт шалгалтын танилцуулга гарч, шалгалт хийсэн тэмдэглэл үйлдсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалын хавсралт ёсоор 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэж, улмаар тус өдөр хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас маргаан бүхий 08/063/20 дугаар бүхий акт гарчээ.
Уг акттай холбогдуулан “О” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1150/6 дугаар албан тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гомдол гаргасан байх бөгөөд мөн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын eрөнхий газарт, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1435/266 дугаар бүхий албан тоотоор Мэргэжлийн хяналтын eрөнхий газрын даргад удаа дараа хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын eрөнхий газар 2016 оны 06 дугаар сарын 24-ний 1/1798 дугаар бүхий албан тоотоор хариу хүргүүлсэн байна.
Иймд “О” ХХК нь Мэргэжлийн хяналтын eрөнхий газрын дээрх 1/1798 албан тоотыг эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх бөгөөд тус шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8834 дугаар бүхий захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарснаар “О” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4796/266 дугаар бүхий албан тоотоор дахин Мэргэжлийн хяналтын eрөнхий газрын даргад гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын eрөнхий газраас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2/442 дугаар бүхий албан тоотоор хариуг тус тус хүргүүлсэн байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь төрийн хяналт шалгалт хийх эрхтэй этгээд байх бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3^1.1.1-т “”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” хэлнэ гэж заасны дагуу “О” ХХК-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газар уг асуудлаар хяналт шалгалт хийх эрх нь хуулиар олгогдсон байна.
“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн eрөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасны дагуу “О” ХХК нь байгаль орчны нөлөөллийн eрөнхий үнэлгээг хийлгэсэн байх ёстой бөгөөд хэрэв тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх” гэсэн дүгнэлт гарсан бол тус хуулийн хэрэгжилтийг хангахын тулд нарийвчилсан үнэлгээг мөн хийлгэх ёстой байна.
Нэхэмжлэгч “О” ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг 2010 , 2012 , 2015 онуудад хийлгэсэн байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирсэн албан тоотуудын дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2004, 2015 онд, харин 2010, 2012 онуудад нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгэсэн байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчлийн тухай тэмдэглэлд BP-R23A BP-R74A, BP-R75A дугаартай карьерыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулаагүй байна гэх үндэслэлээр “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн нэрийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай” хууль гэж алдаатай бичиж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, сум дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх” гэж заасныг удирдлага болгон хариуцлага хүлээлгэсэн байна.
Маргаан бүхий бүхий актаар 3 карьерээс олборлосон 300808 м.куб хайрганы орлого болох 466,252,400 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус хэмээн маргасныг шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай; захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг баримтлан дараахь байдлаар шийдвэрлэлээ.
1. BP-R23A дугаартай карьерын тухайд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ: байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ; байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.”, 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн eрөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу eрөнхий үнэлгээ хийгдэж, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-д “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэх шаардлагатай гэж үзэх” зааснаар нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дээрх дүгнэлт гарсны дагуу “О” ХХК нь BP-R23A карьeрт байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн болох нь гэрч Д.Уийн мэдүүлэг , “Натур фрeйндли” ХХК-аас шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17/010 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбар зураг болон “О” ХХК-аас ирсэн зургууд , мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/20 дугаар актаар улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 466,252,400 төгрөгөөс BP-R23A дугаартай карьeраас олборлосон 209,029 м.куб хайрганы 323,994,950 /2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/9 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар тус хайргын 1 м.кубыг 1550 төгрөгөөр тооцож ногдуулсан/ төгрөгөөр төлбөр ногдуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
2. BP-R74A, BP-R75A дугаартай карьeрын тухайд нэхэмжлэгч Оюутолгой компанийн хийлгэсэн гэх байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд багтаагүй буюу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж хийсэн болох нь хэрэгт авагдсан байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлтүүд, нэхэмжлэгч “О” ХХК-ийн ирүүлсэн зураг зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэсэн хэдий ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасны дагуу тус улсын байцаагч нарын 08/063/20 дугаар бүхий акт нь хуулийн нэр томьёог алдаатай хэрэглэсэн буюу Монгол улсын хууль тогтоомжид байхгүй хуулийг удирдлага болгосон, түүнчлэн байгаль орчны нөлөөллийн eрөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээний алинд нь маргаан бүхий карьeр байхгүй гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байх тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчид алдаагаа засах боломжийг олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж үндэслэн ерөнхий үнэлгээг хийгээгүй хэмээн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т заасан хариуцлагыг оногдуулж байгаа, эсхүл мөн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгээр зохицуулагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тусгагдаагүй гэж хариуцлага ногдуулсан эсэхээ хариуцагч тал тодорхойлж, хуулийн нэрийг зөвтгөн бичиж маргаан бүхий 2 карьертэй холбоотой асуудлаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий 2 карьертэй холбоотой асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын биeлэлтийг 14 хоногоор түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.7-т “...Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно” гэж заасан байх бөгөөд хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлэлгүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний зүгээс шүүх хурлдааныг хойшлуулах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт буюу шүүх хуралдааны дараа ирүүлсэн тул У.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, И.М нарыг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.6, 106.3.11, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 /2002он/, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1 /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/20 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, уг актаар улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 466,252,400 төгрөгөөс BP-R23A дугаартай карьерт холбогдуулан ногдуулсан 209,029 м.куб хайрганы 323,994,950 төгрөгийн төлбөрийг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох BP-R74A, BP-R75A дугаартай карьеруудад 142,852,905 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө нараас дахин шинэ акт гарах хүртэл 14 хоногийн хугацаагаар захиргааны актын биелэлтийг түр түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу 14 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Ө нараас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/20 тоот актын BP-R74A, BP-R75A дугаартай карьеруудад 142,852,905 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг улсын орлого болгон үлдсэн 35100 төгрөгийг Мэргэжлийн хяналтын eрөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА