Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1282

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03527 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Бүртгэлийн хураамж болон учирсан хохиролд 4 264 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   ХХХХ

Хариуцагчийн төлөөлөгч                                                ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                                ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Малайз улсын FTMS коллежийн хэлний бэлтгэлд суралцахаар ХХХХХ-ын төлөөлөлтэй 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр FTMS №1315 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч тал нь намайг Малайз улсын FTMS коллежийн хэлний бэлтгэлд суралцахтай холбоотой бүх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Би, 1 220 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн ба 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 1 220 ам.доллар төлсөн. Хариуцагч тал 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хичээл эхлэнэ, танилцах 7 хоног байдаг тэр нь төдийлөн их ач холбогдолтой биш гээд бидний 4 хүнийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Малайз улс руу нисгэсэн. Гэтэл биднийг очиход хичээл 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр эхлэхээр байсан бөгөөд мөн бид шууд очоод орох орон байрны асуудал шийдэгдээгүй байсан тул арга буюу эхний 10 хоног зочид буудалд байсан. Ингээд надтай хамт очсон 4 хүний 3 нь удалгүй нутаг буцаж би тэндээ үлдсэн. Учир нь нэгэнт очсон болохоор 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл сургалтыг хүлээхээр шийдэж үлдсэн. Би тэндээ үлдээд ХХХХХ-ын төлөөлөлтэй интернэтээр харилцаж, орон байрны асуудал асуусан. Өөрөөр хэлбэл, 10 хоног зочид буудалд амьдраад сургууль /коллеж/-ийн гэх байранд очиход нэг өрөөнд 11 хүн амьдарч байсан ба, хоол, хүнсний зүйлийг өөрийн зардлаар хариуцаж байсан. Уг байр нь сургуулиас хол тул байнга автобусаар явдаг байсан бөгөөд миний бие 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл хүлээх хугацаанд тухайн коллеж дээр явагддаг үнэ төлбөргүй сургалтад очиж суухад тэр нь миний хувьд ахисан шатны хүмүүст хамаарах сургалт байсан. Мөн миний сүүлд очиж нэг өрөөнд 11-үүлээ байсан байрны асуудал тэндээ маргаантай болж ирсэн тул миний бие арга буюу нутаг буцахаас өөр аргагүй болсон. Хариуцагчтай гэрээ байгуулсны улмаас бүртгэлийн хураамжид төлсөн 1 220 ам.доллар, Монгол Улс-Малайз улс хооронд зорчих зардал 835 400 төгрөг, Малайз улсаас Монгол улсад ирэх зардал 980 000 төгрөгийн хохирол учирсан. Миний бие 1 220ам.долларыг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханш 2007.10 төгрөгөөр тооцоход 2 448 662 төгрөг болж байна. Бодит байдал дээр ХХХХ  нь иргэдийг гадаадад, хэлний сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан атлаа бидний хэдэн хүмүүстэй гэрээ байгуулсан. Хариуцагчийн энэ үйл ажиллагааг манай өмгөөлөгч хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа би ч тэгэж үзэж байна. Иймд, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас ХХХХХ надад учруулсан хохирол болох 4 264 000 төгрөгийг ХХХХ -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ  шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч ХХХХХ ХХХХ-ын зөвлөх ХХХХ-тай 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр FTMS №1315 тоот Гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр, ХХХХХийг Малайз улсын FTMS коллежэд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эхлэх хэлний бэлтгэлд элсүүлэх үйлчилгээг үзүүлэх түхай юм. Малайзын цагаачлалын хуулийн дагуу визэнд шаардлагатай бичиг баримтуүдыг бүрдүүлэн сургууль руу DHL шуудангаар илгээж бүртгэлийн хураамж 670 ам.долларыг банкаар шилжүүлсэн. Тухайн үеийн Малайзын цагаачлалын албаны удаашралттай үйл ажиллагаанаас болж виз гарах зөвшөөрөл нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Сургуулиас оройтож виз гарснаас болж бүх хэлний бэлтгэлийн хичээл 10 дугаар сарын 25-ны өдөр эхлэх шинэ хуваарь гарсныг сургуулиас мэдэгдсэн. Энэ тухай ХХХХХэд мэдэгдэхэд өөрөө зөвшөөрөөд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Малайзын Куала Лампур хот руу ниссэн. Мөн ХХХХХтэй хамт 3 хүн явсан. Малайзын цагаачлалын албаны визийн олголт удааширсны улмаас хичээлээс хоцорсон түл FTMS коллеж нь ХХХХХэд дараагийн хичээл эхлэх хүртэл үнэгүй англи хэлний сургалтад сууж байгаад 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эхлэх шинэ семистрийн сургалтадаа сүухыг санал болгоход зөвшөөрсөн болно. Гэрээнд зааснаар бол ХХХХХ Малайз явахаас өмнө сургалтын төлбөрөө 100 хувь төлөх үүрэг хүлээсэн байтал дараагийн семистрийн хичээл эхлэхэд 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр тэрээр, ХХХХХ руу цахим шуудангаар сургалтын төлбөрөө хувааж төлж болох уу гэж асуусан. ХХХХХ сургуулиас энэ тухай асуүхыг зөвлөсөн. 10 хоногийн дараа хичээл эхэлсэн хойно 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ХХХХХ төлбөрөө хувааж төлөөд суралцъя гэж хүсэлт гаргахад сургууль болохгүй гэж хэлсэн тул буцлаа гэдгээ ХХХХХ д мэдэгдсэн. ХХХХХ нь санхүүгийн хүндрэлтэй байсан тул өөрийн хүсэлтээр буцаж ирсэн нь цахим шуудан болон ХХХХХ гийн мэдүүлгээр нотолно. Тэгээд ч ХХХХХ 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн сургалтад суугаад эхэлчихсэн байсан нь тухайн сургуульд элсээгүй гэсэн гомдол үндэслэлгүйг нотолж байна. Манай байгууллага нь гэрээний 1.3 дахь хэсэгт заасан ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн учраас ХХХХХ нь Малайз руу зорчих оюутны виз авсан төдийгүй сургуулийн байранд байрлаж, үнэгүй сургалтанд суусан. Хэрэв гэрээнд заагдсан сургуульд элсээгүй бол ХХХХХ Малайз улсын хилээр оюутны визээр нэвтрэхгүй, сургуулийн байранд байрлахгүй, үнэгүй сургалтанд суухгүй байх байсан. Сургалтын визний зөвшөөрлийг Малайзын сургуульд элсэхийг зөвшөрсөн зөвшөөрөл дээр үндэслэн Малайзын Засгийн гззрын цагаачлалын байгууллагаас олгодог журамтай байгаа. Манай байгууллага анх гэрээ хийхэд гэрээний 3.2 дахь сургалтын төлбөрийг Монголоос явахын өмнө сургууль руу шилжүүлсэн байх ёстой гэдгийг хэлж анхааруулсаар байтал төлбөрөө төлөөгүй гэрээний дагуу төлөөгүй байж Малайзад очсон хойноо төлбөрөө хувааж төлнө гэж байгаа нь гэрээг зөрчсөн үйлдэл юм. Энэ байдал нь нэхэмжлэгч Малайз улс руү суралцах бодолтой явсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Мөн сургуулиас үнэгүй сургах боломж олгосоор байтал 1-2 удаа л сургалтанд суучихаад цааш үргэлжлүүлэн суугаагуй нь энэхүү эргэлзээг улам гүнзгийрүүлж, нэхэмжлэгч нь Малайзын FTMS коллежийн урт хугацааны оюутны визийг хууль бусаар ашиглан сурахгүйгээр өөр санаа өвөрлөн тус улсад байх гэсэн бодолтойг байсан мэт сэтгэгдэл төрж байна. Манай байгууллагыг тусгай зөвшөөрөл аваагүй атлаа гадаадад суралцахтай холбоотой үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Бид 2013 оноос хойш хэд хэдэн удаа тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй өнөөг хүрсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.9, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ХХХХХ болон ХХХХХ-ын хооронд 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан FTMS №1315 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч ХХХХ -аас 3 722 845.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХэд олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 541 154 4 төрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 180 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч ХХХХ -аас 75 515 52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ , түүний өмгөөлөгч ХХХХ нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7-д заасны дагуу боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.9-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтанд хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлүүлэхийг нэмж оруулсан бөгөөд ХХХХ нь 2013 оноос 2016 оныг хүртэл эрх бүхий байгууллага болох БСШУ-ны яаманд тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргасан боловч яамнаас албан ёсны хариуг өгөлгүй албан бусаар тусгай зөвшөөрөл олгох журам судалгааны шатанд явж байгаа, тэмдэгтийн хураамж авах тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа гэж явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Тус байгууллага үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас хүсэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбар мэдүүлгээр тогтоогддог. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тхай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг өргөдөл хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шийдвэрлэх ёстой бөгөөд эрх бүхий байгууллага энэ үүргээ биелүүлээгүй нь гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. ХХХХ -н үйл ажиллагааны үндсэн зорилго нь дэлхийн бүх улс гүрэнтэй тэгш эрхтэйгээр хамтын ажиллагаа өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголын залуучуудыг дэлхийн өндөр хөгжилтэй тэргүүний улс гүрнүүдэд боловсрол эзэмших, суралцахад тус дэм үзүүлэх бөгөөд үйл ажилагааны үндсэн чиглэлийн хүрээнд нэхэмжлэгч ХХХХ-тэй 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр FTMS №1315 тоот гэрээг байгуулж гэрээнд заагдсан үүргийг бүрэн биелүүлсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот Иргэний хуулийн 5, 6, 7, бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан "Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл" гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч ХХХХ хариуцагч 21 дүгээр зуун нээлттэй хаалга сан ТББ нарын хооронд байгуулсан хэлцэл нь хариуцагч байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцсэн байдаг. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03527 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан хохиролд 4 264 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр FTMS ¹ 1315 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч байгууллага нь Малайз улсын FTMS коллежийн сургалт, хөтөлбөрт элсэхтэй холбогдсон бүх ажлыг зохион байгуулах, нэхэмжлэгч ХХХХХ нь бүртгэлийн хураамж, үйлчилгэний хөлсөнд 1 220 ам.долларыг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “ …Хариуцагч байгууллага хуульд зааснаар эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх хэлцлийг зөвшөөрөлгүй хийсэн, уг хэлцэл нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн үндэслэл зааж, уг хэлцлийн дагуу шилжүүлсэн 1220 ам.доллар, уг хэлцэл хийсэнтэй холбоотойгоор учирсан хохиролд Малайз улсаас ирж, очсон замын зардлаа шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлсөнд нийт 1 220 ам.доллар төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбараар тогтоогдсон байна.

                                                                     /хэргийн 7 дугаар тал/

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7-д зааснаар Гадаад улсад сургалтад хамрагдах, боловсрол эзэмшүүлэхэд зуучлах үйлчилгээ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан байх бөгөөд хариуцагч байгууллага нь уг төрлийн тусгай зөвшөөрөлтэй гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй тул гадаадад сургалтад хамруулах болон боловсрол эзэмшүүлэхэд зуучлах, түүнээс бүртгэлийн болон үйлчилгээний хөлс хураан авах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллагын гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдлөө Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яаманд гаргасан гэх тайлбар нь түүнийг уг үйл ажиллагааг эрхлэх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг гарган өгсөн, цуглуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр FTMS ¹1315 тоот хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохигч этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул нэхэмжлэгч ХХХХХээс хариуцагч ХХХХ-д шилжүүлсэн 1 220 ам.долларыг хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.   

 

             Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан өдөр болох 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцоход /1 ам.доллар нь 2007.09 төгрөг/ болж байх тул 2 448 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна гэж үзлээ. Хэдийгээр тухайн өдрийн валютийн ханшийн лавлагаа бичгийн хэлбэрээр хэрэгт авагдаагүй боловч шүүх ханшийн талаар Монгол банкны албан ёсны вэб сайт www.mongolbank.mn-д тавигдсан байх тул нийтэд илэрхий баримт гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас замын зардлаа хохиролд тооцон нэхэмжилсэн байх боловч уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд хариуцагч байгууллагыг дангаар нь буруутгах боломжгүй, нэхэмжлэгч ХХХХХ нь дээрх хэлцэлд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрч байсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчид замын зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч,  түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн шүүх хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байх тул залруулан өөрчлөх нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03527 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-аас 2 448 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХэд олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 815 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

шийдвэрийн 2 дахь заалтын “…75 515 төгрөг…” гэснийг “…54 128 төгрөг…” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ-аас төлсөн 75 600 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ 

               

               ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА    

 

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО