Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ДШМ/47

 

 

Н.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                              

                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х, Н.У,

Шүүгдэгч: Н.М, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2017/ШЦТ/82  дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Мт холбогдох, эрүүгийн 201710000401 дугаартай, 5 хавтас, 1141 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Му Music баарны урд талын зам дээр 78-40 ДГО улсын дугаартай Ниссан Экс Терра маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Д.Цын бие махбодид хүндэвтэр, Н.Чын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2017/ШЦТ/82  дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, 2 жил  хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан  үеэс эхлэн тоолохоор,

Шүүгдэгч Н.Мын В, А ангилалын *** тоот тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 18094263 төгрөг гаргуулан хохирогч Н.Чт олгож, хохирогч Н.Чын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалин группын мөнгөний зөрүү болон  цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 600000 төгрөг болон зээл нэхэмжилсэн 5614193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

Шүүгдэгч Н.М нь  хохирогч   Н.Цт  нэхэмжилсэн 2730000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорьж, ... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Шийтгэх тогтоолоор Н.Маас хохирогчийн төлөөлөгч Н.Чинбаярт 17 494 263 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Н.М нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шинэ Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэж хуульчилсан. Тэгэхээр Мын ялыг тэнсэж хянан харгалзах нь хохирогчийн болон бидний эрх ашигт илүү нийцэж байгаа, улмаар хохирогчийн хүсэл зориг, энэ хуулийн зорилготой нийцэж байгаа юм. Иймд Мын хохирол төлбөр төлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үнэн зөв мэдүүлж, хохирогчийг эмнэлэгт байхад сахиж, асарч байсан байдлыг анхаарж үзэж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүсч байна гэв. 

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв. 

Шүүгдэгч Н.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, цаашид ажил хийж хохирогчид тусламж, дэмжлэг үзүүлж явна, ялыг тэнсэж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл: 

1. Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэргийг буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Му Music баарны урд талын зам дээр 78-40 ДГО улсын дугаартай Ниссан Экс Терра маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дугаар зүйлийн а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;...-ийг хориглоно”, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-д заасан “... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас  зам тээврийн осол гаргаж,  хохирогч Д.Цын бие махбодид хүндэвтэр, Н.Чын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-9/, Н.Мын согтуурлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-33/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 40-42/, гэрч Э.Энхмаа /2-р хх 81-82, 97-98, 113/, С.Нармандах /2-р хх 83-85/, Б.Болорчимэг /2-р хх 88-90/, Г.Сарангэрэл /2-р хх 91-92/, Ч.Дулмаа  /2-р хх 93-94/, А.Уранжаргал /2-р хх 103-104/, Р.Батбаатар /2-р хх-105/, Н.Бат /хх 2-р 106-107/, Ч.Уранбилэг /2-р хх 108-109/, Б.Баярцэнгэл /2-р хх 110/, Х.Батхуяг /2-р хх-116, 120/, Х.Анхтуяа /2-р хх-118/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 536 дугаар дүгнэлт, Н.Мын согтолтын зэргийг тогтоосон дүгнэлт /2-р хх-138/, Дорноговь аймгийн Замын цагдаагийн хэлтсийн 103 дугаартай дүгнэлт /2-р хх 142-143/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 30 дугаартай дүгнэлт, Н.Чын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт /2-р хх 164-165/, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчдийн дүгнэлт /2-р хх 169-171/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

2. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл зарчимд нийцэх тул шүүгдэгч Н.Мт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй болно. 

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Мт хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан ба энэхүү гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нь шинэ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар хөнгөрч болон хүндэрч өөрчлөгдөөгүй хэдий ч шинэ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаагийн гадна шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн буюу хохиролд нийт 34569749 төгрөг төлсөн, хохирогч Н.Чын цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн төлөөлөгч Н.Чинбаяр нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д нийцүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Мөн ийнхүү тэнсэхдээ түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Чын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргийг харгалзан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2, 2.1, 3, 3, 3.3-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохоор хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хы “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2017/ШЦТ/82  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг  “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2, 2.1, 3, 3.3-т зааснаар шүүгдэгч Н.Мт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоосугай.” гэж өөрчилж, 

 

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.” гэж нэмэлт оруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.М нь анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд нийт 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг сулласугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                        Н.БАТЧИМЭГ