Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00443

 

М

Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01818 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2452 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: М У

          Хариуцагч: “Е” ХХК-д холбогдох

          Хохирол 14.061.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Зохигчдын гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, А.О, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 11 дүгээр сард “Е” ХХК-тай Итали улсын “D.L Radiators” фирмийн үйлдвэрлэсэн орон сууцны халаалтын ган хэвлэмэл радиатор 164 ширхгийг 20.183.985 төгрөгөөр худалдан авахаар ХХ/11/191 тоот гэрээ байгуулж, төлбөрөө 100 хувь төлснөөр радиаторыг худалдан авч Сайншанд өртөөнд баригдсан 70 айлын орон сууцанд суурилуулсан. Гэтэл худалдан авсан радиаторын чанар муугаас ашиглалтын шаардлага хангахгүй задарч, барилгын ашиглалтанд муугаар нөлөөлж байгаа ба 2014 оны 5 дугаар сарын байдлаар 13.971.762 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд цаашид өвөлжилтөд бэлтгэх ажлын хүрээнд 3.336.282 төгрөгийн зардал бүхий ажлыг одоогоор хийж байна. Бид чанаргүй, бараа материал нийлүүлсний улмаас учирч буй хохирлын талаар тус компанид удаа дараа хандсан боловч манайд хамааралгүй хэмээн хохирлыг барагдуулахгүй, харин ч дахин бойлуур худалдан авах тохиолдолд гэмтсэн 6 ширхэг радиаторыг 50 хувийн хямдралтай өгөх буюу зөвлөгөө өгч туслах боломжтой хэмээн мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 4.5-д худалдагч борлуулсан бүтээгдэхүүндээ 3 жилийн баталгаа өгнө гэсэн байх тул чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас доголдлыг арилгахад гаргасан зардал болох 17.308.044 төгрөгийн шаардлагаа багасгаж 14.061.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: У нийгэмлэг 2011 оны 11 сард манай компаниас ХХ/11/191 тоот гэрээний дагуу бараа материал худалдан авсан. Уг гэрээний 4.5-д заасны дагуу худалдан авагч талын сантехникийн систем стандартын дагуу техникийн нөхцөлийг бүрэн хангасан, сантехникийн битүү системийн угсралттай бол тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүндээ 3 жилийн чанарын баталгаа өгнө гэж хоёр тал харилцан тохиролцсон. Тухайн үед манай худалдагч төвлөрсөн халаалттай зуухны системд панелан радиатор холбож болохгүй гэдгийг удаа дараа сануулсан,худалдан авагч техникийн нөхцөлийг бүрэн хангаад угсарна гэж хэлээд авсан. 2013-12- 10-ны өдөр УБТЗ нийгэмлэгээс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 2013-12- 13-ны өдөр байгууллагаа төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баатаржав  объект дээр очиж үзэхэд 6 ширхэг радиаторын цэгэн гагнуур гэмтсэн бусад радиатор хэвийн ажиллаж байсан. Уг барилгын сантехникийн инженерийн хамт узелийн өрөөнд орж үзэхэд уурын зуухнаас ирж буй даралт өндөр, тогтворгүй байсан. Үүнээс бол “гидро-удар” буюу ус хийн хүчтэй цохилт үүсэн радиаторын цэгэн гагнуур гэмтэх гол шалтгаан болдог. Дулааны узельд даралт тогтворжуулагч тавиагүй, техникийн шаардлагатай нөхцөлийг бүрэн хангаагүй зэрэг шалтгаанаас радиаторууд гэмтсэн байсан. Энэ талаар албан бичгийг 2013 оны 12 сарын 20-ны өдөр УБТЗ нийгэмлэгт хүргүүлсэн. Манай компани тус нийгэмлэгт инженерийн зөвлөгөө, тусламж санал болгож байсан ч  УБТЗ-н зүгээс манай компанид ахин хандаагүй, техникийн талаар зөвлөгөө хүсээгүй, мэдээлэл өгөөгүй. Гэтэл одоо ямар үндэслэлээр 17 308 044 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Манай нийлүүлэгч  ISO 14001:2004 стандартын дагуу панелан радиатор үйлдвэрлэдэг, дэлхийд тэргүүлэгч компани юм. Дээрх маркийн радиаторыг борлуулах хугацаанд ийм асуудал огт гарч байгаагүй. Уг асуудал нь гэрээний 4.5 дахь заалтыг үл хүндэтгэн зөрчиж, техникийн нөхцөлийг хангаагүйгээс болсон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01818 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д тус тус зааснаар “Е” ХХК-иас 13 571 000 төгрөгийг гаргуулж М Уд олгож, нэхэмжлэлээс 489 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2452 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.3-т тус тус зааснаар хариуцагч “Е” ХХК-иас 6 785 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 275 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “225 805” гэснийг “123 518” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгожээ. Гэтэл, энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ.” гэж заасныг үндэслэн, дүгнэлт үндэслэлгүй гарсан, мөн өмнөх шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байгаа тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх ханган 2017.06.28-ны өдөр дахин өөр бүрэлдэхүүнтэй шинжээч нар ажиллан №01 дугаартай дүгнэлт гаргасан ба энд   магадлалд бичсэн зүйл байхгүй байна. Шинжээч Х.Баатарсүрэн шүүх хралдаанд оролцож тодорхой асуултад хариулт өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх, шинжээчийн дүгнэлтээс иш татан үндэслэхдээ хэзээний ямар шинжээчийн дүгнэлтээс гэдгийг тодорхой дурдаагүй, энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Маргааны гол зүйл баталгаат хугацаанд ашиглалтын шаардлага хангаагүй бараа материалын доголдлыг арилгахад гаргасан зардлаа Иргэний хуулийн 254.1, 254.6-д заасны дагуу гаргуулах. Иргэний хуулийн 255.1.3-т зааснаар, эд хөрөнгийн доголдол нь түүнийг ашиглах журам зөрчсөнөөс үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ. Мөн худалдагч, худалдан авагчид “...эд хөрөнгийн талаар ... нөхцөл, журам, эдэлгээний хугацаа зэрэг үнэн зөв бүхэн мэдээллийг өгч үүргээ биелүүлсэн” гэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна. Эд хөрөнгийн ашиглалтын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй гэж дүгнэсэн, ямар журам яаж зөрчсөнийг нь тогтоогоогүй байж шүүх хүчингүй дүгнэлтүүдийг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч, гэрээнд заасан шаардлагыг биелүүлсэн /битүү системийн угсралттай/, халаах системийг зураг төслийн дагуу угсарсан, шинжээч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “хариуцагчийн хэлээд байгаа даралт тогтворжуулагч тухайн узельд шаардлагагүй” гэж хэлсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ашиглалтын журам зөрчсөн гэж үндэслэлгүйгээр дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай. Үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нь шүүх хуралдаанаас өмнө ба шүүх хуралдааны үед талуудын гаргасан тайлбар ба түүнийг шүүх хэрхэн үнэлж дүгнэснээр хэмжигддэг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбарыг огт оруулаагүй байх бөгөөд шүүх хуралдаан оролцоогүй иргэний нэр дурдагдсан, алдаатай байна. Иймд дээрх шийдвэр нь үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангахгүй байна. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч шаардах эрхээ алдах буюу Иргэний хуулийн 255 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч 229.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тус зүйл заалт нь зөвхөн гэм буруутай этгээдийн гэм хор учруулсан нөхцөл байдлаас шалтгаалж гэм хорын хохирлыг нөхөн төлөх агуулгатай заалт байна. Е ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн буюу гэм буруугүй юм. Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг Иргэний хуулийн 243.2 дахь заалтыг зөрчсөн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талууд 2014 оноос эхлэн шүүхийн журмаар маргаж байгаа бөгөөд Еврозиги ХХК нь гэрээ байгуулагдаж байх үед амаар болон бичгээр радиаторуудын талаар мэдээлэл өгч байснаа шүүх хуралдаан бүр дээр илэрхийлж ирсэн. Нэхэмжлэгчид энэ талаар үгүйсгээгүй буюу үүнийг тогтоогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлтэй юм. Гэрээ байгуулагдаж байх үед нэхэмжлэгчид өгсөн радиаторуудын пасспортыг хэрэгт хавсаргасан боловч шүүх үүнийг зохих ёсоор үнэлээгүй байна. У нийгэмлэг нь Монгол Улсад барилга барьж ашиглалтад оруулж байгаагийн хувьд Монгол Улсад эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох норм стандартыг мөрдөх нь зүйтэй. Хавтаст хэргийн 216 дугаар хуудаст зааснаар уг барилга нь БНБД 41-01-02 стандартыг хангасан гэжээ. Гэвч уг стандартын 3.11-д “... шингэний болон дулааны тогтвортой байх, тэсрэх, шатах аюулгүй байх ба цэвэрлэх, засварлах боломжоор хангана” гэж заажээ. Эндээс үзвэл У нь хариуцагч мэдээлэл өгсөн эсэхээс үл хамааран даралт тогтворжуулагч, ус зөөлрүүлэгч зэрэг тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай байсан байна. Гэвч тэд энэхүү үүргээ зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2013 оны 12 сард 6 ширхэг радиатор цоорсон гэх гомдлын дагуу манай байгууллагаас газар дээр нь очиж үзлэг хийгээд техникийн буруу горимд ажиллаж байгааг нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. /хх 16/ Гэтэл ийнхүү буруу горимд ажиллаж байгааг мэдсэн хирнээ радиаторуудыг үргэлжлүүлэн ажиллуулсаар ийнхүү радиаторууд цоороход хүрсэн байдаг. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        М У 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Е” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээнд заасан бүтээгдэхүүний доголдлыг арилгахад гарсан зардал 14.061.200 төгрөгийг шаардсан байна. /хх1-н 1-2., 231, 241/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-н 14-15, 36, 43-44/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа доголдлыг арилгахад гарсан зардалын 13.571.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан байна. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... худалдан авагч эд хөрөнгийг ашиглах журам зөрчсөн... худалдагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар  бүрэн мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй... буюу талуудын хэн аль нь гэм буруутай байдлыг  харгалзан  доголдлыг арилгахад гарсан зардлыг ижил хэмжээгээр хариуцуулна ...” гэж дүгнэн 13.571.000 төгрөгийн 50 хувь буюу 6.785.500 төгрөгийг Е ХХК-с гаргуулжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигч талуудын гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

       2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 011/10/04-01 дугаар гэрээгээр Е ХХК нь Итали улсын “D.L Radiators” фирмийн үйлдвэрлэсэн, байрны халаалтын ган хэвэлмэл, шинэ 164 ширхэг радиаторыг /цаашид бүтээгдэхүүн гэх/ дагалдах бичиг баримтын хамт худалдах, М У 20.183.985 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. /хх 1-н 6-8/

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иймд хоёр шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ. 

       Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.  

       Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

       Дорноговь аймгийн Сайншанд өртөөн дэх 70 айлын орон сууцны 154 дүгээр байрны   халаалтын системд 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 011/10/04-01 дугаар /буюу ХХ/11/191/ гэрээнд заасан бүтээгдэхүүнийг угсарсан, уг бүтээгдэхүүн цоорсоны улмаас сольсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон хэдий ч энэ нь нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэл болохгүй байна.

      Худалдан авагч ашиглах журам зөрчсөнөөс эд хөрөнгийн доголдол үүссэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. Эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг ашиглах журам зөрчсөнөөс үүссэн бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

      Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 6.785.500 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

       Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар,   хэрэглэх нөхцөл, журам, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

       Шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул зохигч талуудын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2452 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 123.518 төгрөг, хариуцагчаас  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 123.520 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ