Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 930

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Ч.А-нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С- овогт Ч-ын А-т холбогдох эрүүгийн 1905039501000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 2 дугаар курст сурдаг, Архангай аймгийн Өлзийт сум, 3 дугаар баг, Б- гэх газарт оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 85а байрны 0-тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, С- овогт Ч-ын А-/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч С- овогт Ч-ын А- нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0-дугаар хороо, “О-” зочид буудалд хохирогч П.Ц-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А-нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0-дугаар хороо, “О-” зочид буудалд хохирогч П.Ц-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 0-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О-” зочид буудлын 405 тоот өрөөнд багийн найзууд болох Г-, Б-,С-, Э- нарын хамт орсон. Бид нар зочид буудалд ороод 0.75 литрийн виски ууж байгаад урьд өмнө нь танилцаж байсан Г- гэдэг эмэгтэйтэй чаталж байгаад буудалд дуудахад удалгүй Г-, Х- гээд найзынхаа хамт ирсэн. Би найзуудтайгаа суугаад Г-, Х- хоёртой танилцаад сууж байхад тэр хоёр бааранд орох уу гэхээр нь бид нар баар орохоор болоод бүгдээрээ буудлаас гараад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “XL” нэртэй бааранд орсон. Бид нар бүгдээрээ бааранд ортол Х-гийн найзууд нь гэх эмэгтэйчүүд байсан. Бид нар бааранд ороод байж байтал хамгаалагч нар хүрч ирээд цагдаа шалгалт хийгээд байна та нар баарнаас гарцгаа гэхээр нь бид нар баарнаас гараад байж байтал нөгөө эмэгтэйчүүд явах гээд таксинд суухаар нь би тэд нараас Г-тай уулзаадахья гэтэл нөгөө эмэгтэйчүүд чам шиг халтар бандитай харьцахгүй зүгээр гээд машиндаа суулгаад яваад өгсөн. Би найзуудтайгаа буудал руугаа буцаж очих гээд явж байтал Г-гийн найз Х- гэх эмэгтэй над руу залгаад Г-гийн цүнхийг нь аваад өгөөч гэхээр нь би өөрсдөө ирж цүнхээ ав гэж хэлээд гар утсаа тасалсан. Удалгүй манай найз нар буудлаас гараад явж байтал Г-гийн хамт явсан хүмүүстэйгээ хүрч ирэхээр нь би найзуудыгаа явуулаад Г-г дагуулаад буудал руу ороод өрөөндөө ороход Г- би найзуудтайгаа явмааргүй байна гээд миний утсаар Х- гээд найзтайгаа яриадахъя гэтэл найзууд нь хаалга балбаад байсан. Би буудлын хаалга онгойлгоод Г- бид хоёр хамт байхаар болсон, та нар явж байгаарай гэтэл ягаан хувцастай эмэгтэй “чи насанд хүрээгүй охиныг буудалд авч ороод шаах гээд байна” гэхээр нь би “чам шиг биш” гэсэн чинь тэр эмэгтэй намайг цохих гээд дайрахаар нь би тэр эмэгтэйг өөрөөсөө холдуулж түлхэхэд буудлын хамгаалагч хүрч ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байтал нэг эмэгтэй над руу дайраад байж байтал тэд нартай хамт явж байсан залуу миний нүүр рүү нэг удаа цохиход нь газар унаад цагдаа дуудсан юм. Миний зүүн нүдний зовхи шалбарч гэмтсэн байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөгөө залуу бид нарыг түлхэж унагаасан чинь манай найз А- гэдэг залуу ирээд нөгөө залууг бариад унагаасан. Тэгтэл буудлын хамгаалагч болон ресепшин ирээд бид нарыг салгаж доош буулгасан. Доор байж байсан чинь надаас утсаа авах гээд миний гарыг мушгиад өөрийнхөө утсыг авсан. Тэрний утсыг буудлын өрөөнд байхад газар унасан болохоор авсан бас дотор нь миний бичлэг байсан юм Бид үүдэнд зогсож байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг БГД-ийн Цагдаагийн хоёр дугаар хэлтэст авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11865 дугаартай шинжээчийн: “...П.Ц-ийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 34, 39 тал/

 

Шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байлах "XL” нэртэй бааранд хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байхад 03:30 минутын орчим миний зүс О-, хоёр эмэгтэй найзын хамт орж ирсэн. О- хоёр эмэгтэй найзтайгаа хамт бааранд орж ирээд байж байтал араас нь хоёр О-ийнг найзууд гээд хоёр эмэгтэй орж иртэл тэр хоёр эмэгтэйн насанд хүрээгүй учраас баар луу оруулаагүй. Тэгэхэд нь О- хамт орж ирсэн хоёр эмэгтэйтэйгээ хамт гарч ирээд тэр тавуулаа яваад яваад өгсөн, тэгтэл тэд нар шөнө 04 цагийн орчим буцаж тавуулаа баарлуу орж ирээд хэсэг сууж байгаад гараад явцгаасан. Би баар хааж байсан учраас хувцсаа өмсөөд баарнаас гартал О- найзуудтайгаа хамт Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр зогсож байхаар нь би очтол О- нэг залуу манай найзын гар цүнхийг аваад явчихлаа, чи аваад өгөөч гэхээр нь би “О-” зочид буудалд очоод 2 давхарын нэг өрөөний үүдэнд очоод хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байхаар нь бид нар хаалгыг нь хүчтэй цохьтол 20-25 орчим насны нэг залуу гарч ирсэн. Тэр залуу нөгөө охидуудтай маргалдаад байхаар нь би тэр залуу дээр нь очоод зүүн талынх  нь шанаа руу цохисон. Доошоо буутал цагдаа нар хүрээд ирсэн. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлыг маань хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ч.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч П.Ц-ийн биед “биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хэргийн 21 дэх талд авагдсан шинжээч эмчийн 11865 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Ч.А-нь хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ч.А-нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.А-нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0-дугаар хороо, “О-” зочид буудалд хохирогч П.Ц-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ч.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэж мэдүүлж оролцсон.

 

Хохирогч П.Ц- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...нэхэмжлэх зүл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.А-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.А-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.А-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.А-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА