| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0284/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/286 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Э, Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................овогт Э, ............... овогт Сүхбаатарын Ө нарт холбогдох 1821004050306 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................................төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн ............................багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ..........овогт Э. /РД: ................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..............................төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн ........................ оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ............... овогт Ө. /РД: ..................../
Шүүгдэгч Э нь Өтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард 37-60 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Хулстай гэх газар бэлчиж байсан иргэн У.Баттулгын өмчлөлийн малнаас ухаа эр тугал, мухар хүрэн сарман үнээ, нэг нүд сохор бидэртэй хүрэн охин тугал, цавь цагаан үнээ, монгол бичгэн Б үсгэн тамгатай ухаа үрээ, монгол бичгэн Б үсгэн тамгатай хээр морь буюу 6 тооны мал хулгайлж 4800000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ө нь Этай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард 37-60 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Хулстай гэх газар бэлчиж байсан иргэн У.Баттулгын өмчлөлийн малнаас ухаа эр тугал, мухар хүрэн сарман үнээ, нэг нүд сохор бидэртэй хүрэн охин тугал, цавь цагаан үнээ, монгол бичгэн Б үсгэн тамгатай ухаа үрээ, монгол бичгэн Б үсгэн тамгатай хээр морь буюу 6 тооны мал хулгайлж 4800000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх Баянтүмэн сумын 2 дугаар баг Хулстай гэх газраас 2 үнээ, 2 тугал, 2 адуу нийт 6 тооны бод мал алдсан. Тухайн үедээ ойр хавьдаа хайгаад олоогүй. Цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй. Бид нар саахалт айлын Э гэх хүнийг сэжиглэж байсан юм. Тэгтэл 2018 оны 05 сарын сүүлээр саахалт айлын Э нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд манай үхрийг аваачсан талаар яриа гарсан. Манай эхнэр, хүү хоёр Эынд байсан Ганбаяр гэх залууг дагуулж яваад Эын найзынхыг заалгаж малд нь очиж үзэхэд манай алдсан тугалын нэг нь болох нүд муутай бидэртэй хүрэн охин тугал маань бяруу болоод тэр айлын үхэрт байж байсан тул зургийг нь гар утсан дээрээ дараад ирсэн байсан. Эхнэр, хүү хоёрыг ирэхээр нь бид нар Этай уулзахад тэрээр хэргээ хүлээж манай үхэр, адуунуудыг төлж өгөхөөр болсон. Бид нар нутаг ус ойролцоо олон жил амьдарсан болохоор дахин ийм хэрэг гаргахгүй гэсэн амлалт авч цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн байсан...” гэжээ. /хх-ийн 28-29 тал/
- Мал, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18, 19/
- Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/
- Өгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ө, Э нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард 37-60 ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Хулстай гэх газар бэлчиж байсан хохирогч У.Б-ын өмчлөлийн малнаас ухаа эр тугал, мухар хүрэн сарман үнээ, нэг нүд сохор бидэртэй хүрэн охин тугал, цавь цагаан үнээ, монгол бичгэн Б үсгэн тамгатай ухаа үрээ, монгол бичгэн Б үсгэн тамгатай хээр морь буюу 6 тооны мал хулгайлж 4800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч У.Б, гэрч Н.Х, Б.Г, С.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мал, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э, Ө нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э, Ө нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э, Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э, Ө нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-д 4800.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter” маркийн 37-64 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Мөнхжаргалын өмч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул, шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ болох 1500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Эын .............. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Өгийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Э, ............... овогт Сүхбаатарын Ө нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Ө нарыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Ө нарт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Ө нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Эын .................. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Өгийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 37-64 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн тус бүр 750.000 /Долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э, Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ