| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0298/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/305 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/305
2019 11 21 2019/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Тд холбогдох 1821006290376 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................... төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .................................... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ............ овогт Т. /РД: ................../
Шүүгдэгч Т нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сум 5 дугаар багт оршин суух иргэн И.А-ын хашаанд байсан хохирогч Э.М-ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий 41-25 ДОЗ улсын дугаартай YG-150-2FC /Чансаа/ маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 19 дүгээр байрны гадна талд байсан хохирогч Э.М-ийн өмчлөлийн 2100.000 төгрөгийн үнэ бүхий 22-49 УБ улсын дугаартай KEEWAY LIGHT-200 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед манай авга ах нас бараад ажил явдалд нь оролцохоор Дорнод аймгийн Баян-Уул суманд очсон. Төрсөн нутагтаа очоогүй удсан байсан болохоор ангийн найзуудтайгаа уулзаж архи уусан. Дараа нь нутгийн дүү М-тай хамт явж байгаад мотоцикл нь бензингүй болохоор нь Амаржаргал ахын хашаанд үлдээсэн. Архи ууснаас болоод ямар ч мөнгөгүй болсон болохоор Мөнхтулгын мотоциклыг А-д 200.000 төгрөгөөр зарсан. М мотоциклоо хаана байгааг асуусан. Би хотод очоод мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Дараа нь хотод очоод архи ууж яваад байрнуудын голоос мотоцикл авч явж байгаад цагдаад баригдсан. Яагаад тэр мотоциклийг авах болсон гэдгээ санахгүй байна” гэв
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... би Онон голд живж алга болсон иргэнийг эрэх хайх ажиллагааг хийж байгаад 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Баян-Уул суманд ирээд үдээс хойш 17 цагийн орчимд гэртээ очиход миний мотоцикль байхгүй байсан. Ингээд мотоциклоо асуух гэхээр гэрт хүн байхгүй байсан. Орой ээжийг гэрт ирэхээр нь мотоцикл хаана байгаа талаар асуухад ах чинь мотоциклийг чинь унаад явсан хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдөр миний төрсөн ах М нь хөдөөнөөс ирлээ гээд гэрт ирэхээр нь миний мотоцикл хаана байна гэхэд М ах “би унаж яваад бензингүй болохоор нь А ахын гэрийн гадаа орхисон” гэж хэлсэн. Тэгээд авахаар очоод ирэхдээ А ахын ээжээс асуусан чинь чамтай хамт ирж мотоцикл тавьсан залуу ирээд авсан гэж байна, надтай хамт Т явж байсан тэр авсан байх гэж хэлсэн. ... Т ах “Би А гэх хүнд 350.000 төгрөгөөр зарчихсан, ах нь буцаагаад ямар нэгэн аргаар авч өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа Т ах олдохгүй байж байгаад Д ахын дэлгүүрийн гадаа явж байхад нь уулзахад “би мөнгөгүй байна, мөнгө төгрөгтэй болоод авч өгье” гээд салсан, ингээд хэд хоногийн дараа Т ахын аав нь нас барсан гээд ажил төрөлтэй хэд хоног явсан, би ажил явдал гарчихсан байхад юм нэхээд яахав гэж хүлээгээд ажил явдал нь дуусахаар нь Т ахтай уулзах гээд хайсан чинь Т ах олдоогүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юмаа. “...А гэх хүнд Тгийн эгч Г нь мөнгө өгсөн тэгээд миний мотоциклийг авч өгсөн. Иймд Тд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Хохирогч Э.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19 дүгээр байранд байдаг эгчийнхээ гадна өөрийн эзэмшлийн 22-49 УБ улсын дугаартай улаан өнгийн “Keeway Super Light 200” маркийн мотоциклоо 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөдөө явахдаа байрлуулж орхиод 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн үед мотоциклоо үзэх гээд 19 дүгээр байр руу явж байтал мотоциклоо байрлуулсан машины зогсоолын зүүхэн талд өөрийнхөө мотоцикл байгааг анзаараад мөн хажууд нь цагдаа нар үл таних эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад цагдаа нар “энэ хүн таны мотоциклийг хулгайлж байсан” гэж хэлээд надад миний мотоциклийг хүлээлгэж өгөөд тэр үл таних эрэгтэй хүнийг сүүлд ирсэн бас нэг эрэгтэйн хамтаар эрүүлжүүлэх байр руу авч явах шиг болсон. ... Би мотоциклоо 2018 оны 08 дугаар сард таньдаг хүнээсээ 2.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Би өөрийн мотоциклоо бүрэн бүтнээр нь тухайн үед хүлээж авсан болохоор, одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 126/
Иргэний нэхэмжлэгч Н.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т гэх залуу би 10 гаруй жил нутагтаа ирээгүй тэгээд нутагтаа ирээд архидаад мөнгө төгрөггүй болчихлоо. Би мотоциклоо зараад мөнгөтэй болж буцмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар мотоцикл юм бэ гэхэд Т нь янзын сайхан мотоцикл байгаа, 400.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үзэж хараад авах үгүйгээ шийднэ гэж хэлээд модондоо явж ирсэн. Ингээд тэр орой модноос ирээд 21 цаг өнгөрөөгөөд 22 цаг болж байх үеэр би гэртээ унтах гээд хэвтэж байтал Т гэх залуу манай гэрийг хүнээр заалгасан гээд хүрээд ирсэн. Тэгээд “чи миний мотоциклыг авах уу, би Цагаан-Овоо сум руу явах гээд унаа ирсэн байна, би Өөхөн гэх ахынд 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа, чи Өөхөн ахад 30.000 төгрөг өгөөд мотоциклийг авчих гэсэн тэгэхээр нь би тэр залууд хандаж “Надад бэлэн 200.000 төгрөг байна, дараа мөнгийг нь өгч болно гэвэл яахав авъя гэхэд тэр Т гэх залуу болно гэж хэлсэн. Тэгээд би Тгийн хамтаар Өөхөн ахын гэрт очиж мотоциклийг нь харахад гайгүй цэвэрхэн мотоцикл байхаар нь авахаар болж Тд 200.000 төгрөг өгч явуулаад маргааш нь Өөхөн ахын эхнэрт 30.000 төгрөг өгсөн. ... Тгийн эгч гэх Энхээ гэх хүний эхнэртэй уулзаж 230.000 төгрөгөө аваад мотоциклийг Тгийн эгчийн гэрийн гадаа авчирч Тулгаа гэх залууд хүлээлгэн өгсөн. Надад Ттэй холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Гэрч Р.Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 36 тал/
-Гэрч Д.Э-ын мэдүүлэг /хх-ийн 134 тал/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 52 тал/
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн74/
-“Damno” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 137/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 121/
-Шүүгдэгч Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51, 157-159 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сум 5 дугаар багт оршин суух иргэн И.Амаржаргалын хашаанд байсан хохирогч Э.М-ын өмчлөлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий 41-25 ДОЗ улсын дугаартай YG-150-2FC /Чансаа/ маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 19 дүгээр байрны гадна талд байсан хохирогч Э.Мөнхзаяагийн өмчлөлийн 2100.000 төгрөгийн үнэ бүхий 22-49 УБ улсын дугаартай KEEWAY LIGHT-200 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.М, Э.М, иргэний нэхэмжлэгч Н.А, Р.Ө, Д.Э, гэрч Б.М, Б.Г, Э.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Т хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Тд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Тгийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Тгийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт Тг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тгийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Тгийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ