| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1792 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 1792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т холбогдох эрүүгийн 1905 03383 1059 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэх бэлэн гоймонгийн үйлдвэрт зуурагч ажилай, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эмээ, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Ганболдын сим картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан 1.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэнсэж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох
баримтуудаас хохирогч Ц.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-9-11/, Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Ганболдын гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, дансны хуулбар /хх-3/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/, хохирогч Ц.Ганболдын хохирол барагдуулсан хүсэлт /хх-54/, шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Ганболдын сим картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан 1.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганболдын өгсөн: “...Би хэрэг гардаг оройг 2019 оны 8 сарын дунд үе байсан санагдаж байна. Би Гурвалжингийн гүүрний урд талд байрлах “Биг” захын үүднээс шөнийн 12 цаг өнгөрч байхад такси зогсоогоод Гэмтлийн эмнэлгийн баруун талын дэнжид байх гэр рүүгээ харих гэж байсан. Би тэр үед согтуу байсан. Замдаа архи уумаар санагдаад жолоочоос “миний дүү одоо архи авчих газар хаана байна, архи авмаар байна” гэсэн. “Замдаа архи авмаар байна” гэхэд жолооч “би мэднэ” гээд 3, 4 хороолол бичил 6 дугаар хорооллын ард байдаг Энхбаярын зам дагуу шагалдаг хүнээс 20.000 төгрөгөөр 0.5 литрын Ерөөл архи авахаар болсон. Надад бэлэн мөнгө байгаагүй. Мөн миний гар утасны цэнэг дуусаад унтарсан байсан болохоор мобайл банк ашиглах гээд жолоочоос “ах нь утсанд сим картаа хийгээд тооцоогоо хийчихье” гээд согтуу байсан болохоор пин код болон мобиал банкны кодыг хийж чадахгүй байсан жолоочид кодуудаа хэлж хэлж өгч архи болон таксины тооцоог хийсэн. Гэрийнхээ үүдэнд буухдаа “сим картаа ах нь яалаа” гэж асуухад жолооч хүүхэд “таны утсанд буцаагаад хийсэн” гэж хэлсэн. Би утсаа асааж үзэхэд сим карт байхгүй байсан болохоор Хаан банкны лавлах руу залгаж “данснаас өчигдөр 10.000 төгрөгнөөс хойш ямар гүйлгээ хийгдсэн байна” гэж асуухад та өглөө үүрээр Төгөлдөр гэх хүн рүү 1.400.000 төгрөг шилжүүлсэн байна гэж хэлсэн. Хохирлын 1.400.000 төгрөг өгсөн.” /хх-9-11/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Төгөлдөр нь хохирлыг бүрэн барагдуулсан ба бид хоёрын хооронд ямар нэгэн асуудалгүй би гомдолгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-53/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Ганболдын ахын хохирлыг нөхөн төлсөн. Би хоёр эвлэрсэн би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” /хх-42-44, 62-63/ гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-48-51/,
Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Ганболдын гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Дансны хуулбар /хх-3/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/,
Хохирол барагдуулсан тэмдэглэл /хх-54/,
Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Т нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ганболдын өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дансны хуулбар, хохирол барагдуулсан тэмдэглэл, Б.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Ганболдын сим картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглан 1.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС