| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00366/И |
| Дугаар | 366 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 366
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би *******-ын нэхэмжлэлтэй Г.******* холбогдох 568400 /таван сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Сонгино сумын *******ын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэн иргэдэд жилийн 3%-ийн хүүтэй 3 жилийн хугацаагаар олгож ирсэн. Г.******* нь 2013 оны 04-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Блок үйлдвэрлэл-ээр 10 сая төгрөгийн төслийн зээлийг авч тодорхой хугацаанд үйлдвэрлэл явуулж байсан боловч одоогоор энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилгүй төслийн зээлийн төлөлтийн хугацаа хэтрэлттэй явагдаж байна. Иймд 10 сая төгрөгийн сүүлийн төлөлт 50%-ийн төслийн мөнгө нийт 568400 төгрөгийг төлүүлж сум хөгжүүлэх сангийн мөнгийг төвлөрүүлэн төслийн мөнгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Сонгино сумын ******* багийн иргэн ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 04-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас блок үйлдвэрлэлээр 10 саятөгрөгний зээл авсан юм. 3 жилийн хугацаанд төлөх ёстой зээл байсан бөгөөд би 2013 оны 04-р сард үйлдвэрлэлдээ шаардлагатай тоног төхөөрөмж, түүний эд материал авч бэлтгэсэн боловч манай сумын цахилгаан тасарч 5-р сараас 9-р сар хүртэл үйл ажиллагаа маань бүрэн зогссон. Үйлдвэрлэл маань улирлын чанартай тул 2014 оны хавар 5-р сард дахин үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд жил өнжсөн материал түүхий эд муудсан зэргээс болж ашиг орлого муу байсан. 2015 онд үйлдвэрлэл жигдэрч сумынхаа болон тойргийн сумдад борлуулалт сайжирснаар 2014 оны үлдэгдэл зээлийн төлөлт болоод 2015 оны төлөх ёстой зээлээ бүрэн төлсөн. 2016 онд төлөх 568400 төгрөгийн зээлийг тоног төхөөрөмжийн эвдрэл, эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаагийн улмаас төлбөрийн чадавргүй байгаа тул зээлийг 2017 оны 04-р сарын 19-ний өдөр төлж барагдуулья гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
******* нь Г.*******ээс 568400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ... Миний бие 2013 оны 04-р сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас блок үйлдвэрлэлээр 10 сая төгрөгний зээл авсан юм. 2016 онд төлөх 568400 төгрөгийн зээлийг тоног төхөөрөмжийн эвдрэл, эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаагийн улмаас төлбөрийн чадавргүй байгаа тул зээлийг 2017 оны 04-р сарын 19-ний өдөр төлж барагдуулья... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийгбаталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ын нэхэмжлэлтэй Г.******* холбогдох 568400 /таван сая зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52947 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай
3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ