Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1795

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Долгион,

Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б д холбогдох эрүүгийн 1906 00694 0277 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, 19 настай бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оёдлын цехэд туслах ажил хийдэг, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , О.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том жаал” нэртэй цэцэрлэгийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “өвс” гэх нэршилтэй 33 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би дахин ийм зүйл хэрэглэхгүй зөв хүн болж амьдарна.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-4/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-5-6/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-11/, гэрч Э.Анандын өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4707 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4710 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1025 дугаартай дүгнэлт /хх-25-26/, О.Батсайханы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-96-101/, О.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, шүүгдэгч О.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч О.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том жаал” нэртэй цэцэрлэгийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “өвс” гэх нэршилтэй 33 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалган ажиллагаанд гэрч Э.Анандын өгсөн: “...Одоогоос 6 жилийн өмнө бүжгээр дамжуулан таньдаг болсон. Гэхдээ бие биенийгээ таньдаг төдий байж байгаад сүүлийн 1 жилийн хугацаанд уулздаг, найзалдаг болсон. 2019 оны 8 дугаар сарын 18, 19, 20-ны өдөр Батсанаа, Ирмүүн бид 3 хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын “Том жаал” нэртэй цэцэрлэгийн гадна уг мансууруулах өвс гэх зүйлийг татаж хэрэглэсэн. 2019 оны  8 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Батсанаатай интернетээр холбогдож уулзахаар болоод “Том жаал” цэцэрлэгийн гадна очсон чинь Батсанаа цагдаа нарт баригдсан байсан. Батсанаа өөрөө уг мансууруулах өвсийг авчраад бид 3 хамт татаж дуусахад үлдсэн өвсийг нь Батсанаа өөрөө аваад явдаг байсан. Батсанаа уг өвснөөсөө Ирмүүн бид 2 огт өгдөггүй байсан. Би хийсэн үйлдлээ ухамсарлаж буруу үйлдэл хийсэн гэдгээ ойлгож ухамсарлаж байгаа.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...О.Б  “надад мансууруулах бодис байгаа” гэж хэлээд өмсөж явсан ногоон өнгийн цамцны баруун талын халааснаас цэнхэр өнгийн гялгар ууттай, бор өнгийн нунтаг ургамал мэт зүйлийг гаргав. Уг ургамал мэт зүйлийг цахилгаан жингээр шалгаж үзэхэд уутны хамт 32.8438 грамм байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн /хх-3-4/,

 

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах  сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “О.Б гийн шээснээс ТНС буюу тетрогидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав.” /хх-5-6/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд”...О.Б гийн биед үзлэг хийж хураан авсан гялгар ууттай, бор ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай.” гэсэн /хх-11/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны 4710 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн О.Б  гэж хаягласан шээс, Э.Ананд гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрсэн.” /хх-19/ гэх дүгнэлт,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-20/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4707 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл нь 33 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодосын жагсаалтанд багтдаг.” /хх-22-23/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1025 дугаартай дүгнэлт:

1. О.Б  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2. О.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

3. О.Б  нь мансуурах дон, мансуурууах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” /хх-25-26/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б гийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Жуковын музейн хөшөөний хажуу талд ганцаараа явж байхдаа үл таних хоёр хүнээс тамхи асуутал тэр хоёрын нэг нь болох халзан намхан залуу “Өөр тамхи татах уу” гэхээр нь би асуутал “өвс байна, үнэгүй авбал ав” гэхээр нь би тэр хоёроос өвс аваад тэндээс явахдаа өмсөж явсан гадуурх цамцны халаасанд хийгээд гэр рүүгээ явсан. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянмонгол хорооллын орчимд Ананд, Ирмүүн хоёртой уулзаад авсан өвсөө хэрэглэсэн. Өвснөөс Ананд татсан, Ирмүүн хэрэглээгүй. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр мөн Баянмонгол хороололд өмнөх өдөр нь хэрэглэсэн газраа өвсее татах гээд Анандыг хүлээж байгаад цагдаа нарт баригдсан.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

        Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/штц/191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-96-101/,

 

        Шүүгдэгч О.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том жаал” нэртэй цэцэрлэгийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “өвс” гэх нэршилтэй 33 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Э.Анандын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Б гийн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны 4710 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4707 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын № 1025 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч О.Б гийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Том жаал” нэртэй цэцэрлэгийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолыг агууламжтай “өвс” гэх нэршилтэй 33 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.Б гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Б гийн үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч О.Б  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч О.Б гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Б д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай бор ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч О.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. О.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          

         3. О.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Б д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

                                                                                                                                                                                                         

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Б д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.      

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай бор ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС