Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 753

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.У-д холбогдох эрүүгийн 1905030470893 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, М.У-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.У нь 2019 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Алмааз” бааранд иргэн Л.Б-ийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, толгой хэсэг рүү нь пивоны шилээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч У-ын өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” нэртэй бааранд өөрийн Г, Х, У гэх найзуудын хамт үйлчлүүлж байгаад У гэх найз маань үл таних эмэгтэй хүнтэй маргалдаж байхаар нь очиход манай найзыг алгадчихсан хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд бид нар тэр хүмүүсээс салаад өөр ширээнд очиж суугаад байж байтал бид нарын суусан ширээн дээр ягаан өнгийн хувцастай махлаг эмэгтэй хүн ирээд ширээ цохиод хараалын үг хэлээд хэл амаар өдөөд эхэлсэн юм. Тухайн үедээ би тоолгүй пиво уугаад сууж байхад тэр эмэгтэй над руу нулимахаар нь бид нар хоорондоо маргалдаад би ууж байсан пивоны шилээр тэр эмэгтэй толгойн тус газар луу нь цохиод хамгаалагч нар ирж бид нарыг салгасан. Гаргасан алдаандаа харамсаж байна би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 56-59/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-ийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” нэртэй бааранд өөрийн Нарангарав, С гэх найзуудын хамт үйлчлүүлж байхад Нарангарав гэх найз маань үл таних эмэгтэй хүнтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд би тухайн үед манай найзтай маргалдсан хүмүүс дээр очоод юм асуухад шар үстэй эмэгтэй хүн намайг шууд пивоны шилээр цохиод авчихсан. Миний зүүн хөмсөгний доор 5 см орчим хэмжээтэй сэтэрчихсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-18, 70/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.У-ийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед миний төрсөн дүү М.У болон Ш нарын хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4-р хорооллын “Пирамид” пабад ороод хүн бүр 2 шилтэй 0,5 граммын Сэнгүр пиво уучихаад гарах үед найз Р ирээд тэгээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алзмааз” бааранд 24-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад ороход эргэн тойрон согтуу залуучуудын голд суулгах гэхээр нь үгүй гэхэд тэгвэл ширээ гарахаар хэлье энд түр сууж бай гэж хэлээд Р бид 2 ширээнд  суугаад харин М.У, Ш нар бүжгийн талбайд бүжиглэхээр явсны дараа нь намайг сууж байхад нэг цагаан өнгийн цамцтай эмэгтэй ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд ирээд намайг алгадаад миний мөнгийг өгөөдөх гэхээр нь би гайхаад уурлаад босоход хамгаалагч нь ирж салгаад тэгээд бид нарыг өөр ширээнд суулгасан. Тэгээд өөрөө ширээнд сууж байхад намайг алгадсан эмэгтэйтэй хамт явж байсан цагаан эрээн урд плате өмссөн эмэгтэй ирээд бид нарт хандаж ямар нэгэн зүйл хэлээд байх шиг байсан тус баарны дуу чимээ ихтэй тул юу гээд байгаа нь сонсогдоогүй. Гэтэл бид нарын сууж байсан ширээний хамгийн буланд сууж байсан манай дүү У-ын нүүр лүү нулимахад манай дүү босож ирээд бужигнаад явсан. Тэгсэн чинь манай дүүгийн өөдөөс нулимсан эмэгтэйн толгойгоо барьчихсан нүүр нь цус болчихсон байсан. Тэгтэл хамгаалагч ирээд бид нарыг холдуулаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Шийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед миний төрсөн дүү М.У-, М.У нарын хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4 дүгээр хорооллын “Пирамид" пабад ороод хүн бүр 2 шилтэй 0,5граммын Сэнгүүр пиво уучихаад гарах үед найз Р ирээд тэгээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алмааз” бааранд 24-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад ороход эргэн тойрон согтуу залуучуудын голд суулгах гэхээр нь бид нар үгүй гэхэд тэгвэл ширээ гарахаар хэлье энд түр сууж бай гэж хэлэхэд М. У бид 2 бүжиглэхээр явахад Р Уранчимэг нар ширээнд суугаад үлдсэн. Тэгээд Утай хамт бүжиглэж байхад Р Уранчимэг 2 өөр ширээн очиж суухаар нь У бид 2 очиход Уранчимэг намайг сая нэг танихгүй эмэгтэй алагдаад мөнгө өг гээд тэгээд энэ ширээнд хамгаалагч суулгаад гэсэн. Тэгээд бид нар сууж байхад цагаан эрээн урт плате өмссөн эмэгтэй ирээд бид нарт хандаж ямар нэгэн зүйл хэлээд байх шиг байсан тус баарны дуу чимээ ихтэй тул юу гээд байгаа нь сонсогдоогүй. Гэтэл бид нарын сууж байсан ширээний хамгийн буланд сууж байсан У-ын нүүр лүү нулимахад М.У босч ирээд бужагнаад эхэлсэн. Тэгсэн чинь У-ын өөдөөс нулимсан эмэгтэй толгойгоо барьчихсан нүүр нь цус болчихсон байсан. Тэгтэл хамгаалагч ирээд бид нарыг холдуулаад цагдаа дуудсан байсан тул цагдаагийн алба хаагч ирээд бид нарын Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж У-ыг эрүүлжүүлэх гэсэн боловч хөхүүл байсан болохоор явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Рын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед байх намайг М.У-, М.У, Ш нар намайг дуудахаар нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4 дүгээр хорооллын “Пирамид” пабад гадаа ирээд тэгээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алмааз" бааранд 24-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад ороход эргэн тойрон согтуу залуучуудын голд суулгах гэхээр нь бид нар үгүй гэхэд тэгвэл ширээ гарахаар хэлье энд түр сууж бай гэж хэлэхэд М. У, Ш 2 бүжиглэхээр яваад өгсөн харин Уранчимэг бид 2 сууж үлдээд юм яриад байж байсан чинь цагаан цамцтай эмэгтэй ирээд шууд мөнгөө өгөөч гэж хэлээд Уранчимэгийг алагдсан. Тэгтэл хамгаалагч ирээд салгаад өөр ширээнд суулгахад У, Ш 2 ирсэн. Тэгээд бид нар сууж байхад цагаан эрээн урт плате өмссөн эмэгтэй ирээд бид нарт хандаж ямар нэгэн зүйл хэлээд байх шиг байсан тус баарны дуу чимээ ихтэй тул юу гээд байгаа нь сонсогдоогүй. Гэтэл бид нарын сууж байсан ширээний хамгийн буланд сууж байсан У-ын нүүр лүү нулимахад М.У нүүрээ гараараа арчаад тэгээд босч ирээд тухайн эмэгтэйг үсдээд цохих шиг болсон тэгтэл нулимсан эмэгтэй толгойгоо барьчихсан нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-ын өгсөн:

“...Би найз Л.Б-, С-ийн нарын хамтаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед байх Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмааз” бааранд ороод тэндээ 0,5 граммын Сэнгүрийн пиво захиалаад суугаад бүжиглээд байж байхад манай ширээний хажуу талын цаад талын ширээнд 4 эмэгтэй ирж суухад үсээ дээшээ боосон шар үстэй эмэгтэйг харахад 2011 онд надад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд надаас 5 сая төгрөг аваад алга болсон эмэгтэй байсныг би таниад очиж чи надаас мөнгө аваад алга болсон эмэгтэй мөн байна шүү дээ гэж хэлээд уг шар үстэй эмэгтэйн толгой руу нь баруун гараараа түлхээд маргалдаад байж байсан чинь манай найз Сувд- Эрдэнэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор надад согтуу байж битгий юм ярь маргааш эрүүл болж байж учраа ол гэж хэлээд намайг ширээнд авчирсан.Тэгтэл нөгөө 4 эмэгтэйчүүд бид нар луу янз бүрээр хэлээд ширээн дээр байсан пивоны шил шидэх гээд байхад хажуу ширээнд сууж байсан залуучууд боль гээд хориод байсан. Гэтэл найз Б нь 00-н өрөө орчихоод буцах замдаа нөгөө 4 эмэгтэйгийн ширээн дээр очоод тухайн 4 эмэгтэйгийн нэг яг хэнийг нь хараагүй манай найз Бийн хөмсөг рүү пивоны шилээр цохиж сэтэлсэн. Тэгээд би очих гэсэн чинь С чи жирэмсэн байж битгий оч хамгаалагч, зөөгч нар нь салгах байх гээд намайг явуулаагүй.Тэгтэл Бийн зүүн талын хөмсөгнөөс цус гарчихсан тэгээд хаанаас цагдаа дуудсан эсэхийг нь мэдэхгүй байна цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч манай найз С Бийн өмнөөс бичгээр өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Мий өгсөн:

“...Би тухайн өдөр би “Алмааз” бааранд ажилтай байсан юм. Манайд гаднаас 3-4 эмэгтэй санагдаж байна орж ирээд тэгээд өмнө сууж байсан тэгээд би үйлчлүүлэгч нарт үйлчлээд явж байхад өмнө орж ирсэн 3 эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд шар үстэй эмэгтэй урт цагаан саарал хувцастай эмэгтэйгийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж хөмсгийг нь сэтэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

- хохирогч Л.Б-ийн “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 74/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 9072 тоот: 

1. Л.Б-ийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гэх дүгнэлт /хх-н 43/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.У нь 2019 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Алмааз” бааранд иргэн Л.Б-ийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, толгой хэсэг рүү нь пивоны шилээр цохиж биед нь биед тархи доргилт, зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч У-ын “...тэр эмэгтэй над руу нулимахаар нь бид нар хоорондоо маргалдаад би ууж байсан пивоны шилээр тэр эмэгтэй толгойн тус газар луу нь цохиод хамгаалагч нар ирж бид нарыг салгасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Л.Б-ийн “...би тухайн үед манай найзтай маргалдсан хүмүүс дээр очоод юм асуухад шар үстэй эмэгтэй хүн намайг шууд пивоны шилээр цохиод авчихсан. Миний зүүн хөмсөгний доор 5 см орчим хэмжээтэй сэтэрчихсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.У-ийн “...бид нарын сууж байсан ширээний хамгийн буланд сууж байсан манай дүү У-ын нүүр лүү нулимахад манай дүү босож ирээд бужигнаад явсан. Тэгсэн чинь манай дүүгийн өөдөөс нулимсан эмэгтэйн толгойгоо барьчихсан нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Шийн “...У-ын өөдөөс нулимсан эмэгтэй толгойгоо барьчихсан нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Рын “...бид нарын сууж байсан ширээний хамгийн буланд сууж байсан У-ын нүүр лүү нулимахад М.У нүүрээ гараараа арчаад тэгээд босч ирээд тухайн эмэгтэйг үсдээд цохих шиг болсон тэгтэл нулимсан эмэгтэй толгойгоо барьчихсан нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Н-ын “...найз Б нь 00-н өрөө орчихоод буцах замдаа нөгөө 4 эмэгтэйгийн ширээн дээр очоод тухайн 4 эмэгтэйгийн нэг яг хэнийг нь хараагүй манай найз Бийн хөмсөг рүү пивоны шилээр цохиж сэтэлсэн. Тэгтэл Бийн зүүн талын хөмсөгнөөс цус гарчихсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Мий “...Би тухайн өдөр би “Алмааз” бааранд ажилтай байсан юм. Манайд гаднаас 3-4 эмэгтэй санагдаж байна орж ирээд тэгээд өмнө сууж байсан тэгээд би үйлчлүүлэгч нарт үйлчлээд явж байхад өмнө орж ирсэн 3 эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд шар үстэй эмэгтэй урт цагаан саарал хувцастай эмэгтэйгийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж хөмсгийг нь сэтэлсэн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 9072 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 74 дүгээр талд хохирогч “...Утай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Уд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.Уд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Мөнхбаярын Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ