Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга П.Ганчимэг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Г.Б******** нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ********** сумын ******* багт оршин суух ******** овгийн Г*********ын Б********** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1983 оны 06 дугаар сарын 18-наас 1989 оны 07 дугаар сарын 05-н хүртэл Завхан аймгийн ******** сумын 2-р таван жил нэгдлийн туслах үйлдвэрт хээ будагны тасагт хээ будагчнаар, 1989 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл мөн нэгдэлдээ үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичиж баталгаажсан боловч ажилд томилсон тушаал болон архивын лавлагаанууд дээр миний нэрийг Мөнхчулуун гэдэг нэрээр бичигдсэн байгаа юм. Намайг бага байхад аав ээж маань хүнээс асуухаар нэр нь таарахгүй байна гээд Мөнхчулуун гэдэг нэр авч тэр нэрээрээ дуудаж явдаг болсон боловч төрсний гэрчилгээ болон бичиг баримтуудын нэрийг солиогүй. Г.Б********* нэрээр явсаар өдий хүрсэн юм. Одоо тэтгэвэрт гарах гэж материал бүрдүүлэхэд ажилд орсон тушаал болон архивын лавлагааны зарим онуудад Мөнхчулуун гэж бичигдсэн байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм.

Иймд 1983 оны 06 дугаар сарын 18-наас 1989 оны 07 дугаар сарын 05-н хүртэл Завхан аймгийн ********* сумын **** таван жил нэгдлийн Туслах үйлдвэрт хээ будагны тасагт хээ будагчнаар, 1989 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл мөн нэгдэлдээ үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Ээж Б.Х********* биеийн байдал муу байгаа учраас асарч сувилахаар явж байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Б********** нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б********** 1983 оны 06 дугаар сарын 18-наас 1989 оны 07 дугаар сарын 05-н хүртэл Завхан аймгийн *********** сумын 2-р таван жил нэгдлийн Туслах үйлдвэр бригадын тасагт хээ будагчнаар, 1989 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл мөн нэгдэлд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ********* сумын 2-р таван жил нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 тоот, 1989 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 35 тоот, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот тушаал, Завхан аймгийн Архивын тасгын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны А/680 тоот лавлагаа, 390720 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч З.Н*********** ...Г.Б***********ыг хүүхэд байхад манайхан нэг бригадад айл аймаг байдаг байсан. 1983 онд анх Д********** дарга ирээд манай сумд будгийн цех байгуулсан. Тэгэхэд 8 дугаар ангиа төгсөөд. Тэгээд 1986,1987 он хүртэл ажиллаад тэндээсээ сумын конторын үйлчлэгч хийж байсан. Үйлчлэгчээр 1990 он хүртэл лав ажиллаж байсан. Түүнээс хойш яасныг нь сайн мэдэхгүй байна.... гэсэн,

гэрч Ч.Х********** ...1986,1987 он хүртэл хээ будагчин хийж байсан. Дараа нь ************ сумынхаа захиргаанд үйлчлэгч зарлага хийж байсан. Би тэр үед Цэцэрлэгийн эрхлэгч байсан болохоор албан газрын дарга нарыг дуудаад гарын үсэг зуруулаад л гүйж байдаг байсан.... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г.Б*********ыг 1983 оны 06 дугаар сарын 18-наас 1989 оны 07 дугаар сарын 05-н хүртэл Завхан аймгийн ********** сумын 2-р таван жил нэгдлийн Туслах үйлдвэр бригадын хээ будагны тасагт хээ будагчнаар, 1989 оны 07 дугаар сарын 05-наас 1991 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, Завхан аймгийн *********** сумын 2-р таван жил нэгдлийн Туслах үйлдвэрт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ