Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 754

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 1905032520899 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9в байрны 77 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Аийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 27-нд орой Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хилл Сайдын 9в-77 тоот гэртээ байхдаа өөрийн эхнэр С-гаас архи аваад өг толгой хагарах гээд байна гээд 6.500 төгрөг аваад би дэлгүүр гарч 1 шил 0,33 литрийн архи авч уусан. Би урьд нь тархиндаа 2 удаа харвалт өгөөд толгой байнга өвдөөд байдаг болохоор заримдаа өвчнөө намдаах гээд архи уучихдаг юм. Би уг архийг уухаас өмнө 200 грамм архи уусан байсан. Тэгээд тасраад гэртээ унтсан. Тэгээд нэг мэдсэн эрүүлжүүлэхэд өглөө нь сэрсэн. Тэгээд цагдаагаас эхнэртээ гар хүрсэн талаараа мэдсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.С-гийн өгсөн:

“...Манай нөхөр Д.А 2019 оны 7 дугаар сарын 24-нөөс хойш 2, 3 хоног архи уугаад зогсохгүй байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хилл-Сайдын 9в-77 тоот гэртээ байхад манай нөхөр Д.А орж гараад яваад байсан. Тэгээд нөхөр Д.А буцаж орж ирэхдээ согтуу орж ирээд унтаж байсан. Би тухайн үед хадам ээжтэйгээ чатаар яриад А-ийн байгаа байдлыг ээжид үзүүлэхэд А- босож ирээд миний гар утсыг булааж аваад чи ямар том юм гээд миний 2 хацар луу ээлжлээд алгадаад дух руу гараараа цохиод хоолой боогоод байхаар нь би гарыг нь хөшөөд салгасан. Тэгэхэд хадам ээж утсаараа залгаад манай гэрлүү цагдаад дуудлага өгсөн байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 9286 тоот: 

1. Э.С-гийн биед тархи доргилт, дух, доод урулу, эрүү, баруун хөхлөг сэртэн, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 28/,

 

- аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 13-14/,

- хохирогчийн Д.Аийг уучилсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 63/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9в байрны 77 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.С-г зодож биед тархи доргилт, дух, доод уруул, эрүү, баруун хөхлөг сэртэн, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Аийн “...Би уг архийг уухаас өмнө 200 грамм архи уусан байсан. Тэгээд тасраад гэртээ унтсан. Тэгээд нэг мэдсэн эрүүлжүүлэхэд өглөө нь сэрсэн. Тэгээд цагдаагаас эхнэртээ гар хүрсэн талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.С-гийн “...хадам ээжтэйгээ чатаар яриад А-ийн байгаа байдлыг ээжинд үзүүлэхэд А- босож ирээд миний гар утсыг булааж аваад чи ямар том юм гээд миний 2 хацар луу ээлжлээд алгадаад дух руу гараараа цохиод хоолой боогоод байхаар нь би гарыг нь хөшөөд салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 9286 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Э.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 21 дүгээр талд хохирогч Э.С- нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай нөхөр надаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ