Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 760

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.О,

иргэний хариуцагч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Гт холбогдох эрүүгийн 1903001900151 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, О.Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг 50 минутын орчимд Deawoo BS106 маркийн, 03-88 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын урд автобусны буудал дээр уг тээврийн хэрэгслийн хойд хаалгаар зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөДөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас 12 настай Г.Гыг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.О мэдүүлэхдээ:

“...Осол болсноос хойш 1 удаа ирж уулзсан. Эхнэр нь 2 удаа ирж уулзаад 300.000 төгрөг өгсөн. Хүүхдийн эмийг таслахгүй аваад өгчих гэж би хэлсэн. Тэрнээс хойш яриагүй, уулзаагүй. Одоогоор витамин ууж байгаа. Хагалгаанд орсон. Яваандаа энэ хүүхдийн өсөлт зогсох магадлалтай гэж хэлсэн. Эмчийн хяналтанд байдаг...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Манай байгууллага тухайн өдөр гарч байгаа жолооч нарыг өглөө ажилд гаргахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь драгераар шалгадаг. Г-ийн хувьд тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр талаарх баримт хэрэгт байгаа. Манай байгууллага ээлжээр 300 гаруй жолоочийг ажиллуулдаг. Даатгалын компанитай хамтарч ажилладаг. Г- хувиасаа 800.000 төгрөг өгсөн байсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Гийн өгсөн:

“...Би автобус компанид том оврын автобусны жолоочоор ажилладаг. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би Ч-15 буюу Нисэх Сонсголон 3 дугаар эмнэлэг гэсэн чиглэлд ажилд гарч байсан юм. Тэгээд тэр өдөр 11 цагийн орчим Энхжин худалдааны төвөөс нэг охин манай автобусанд суусан юм байна лээ би тэрийг мэдээгүй. Тэгээд 5 шарын урд талын автобусны буудал дээр буух үед миний жолоодож явсан автобуснаас унасан байсан би тэр үедээ хүүхэд унасныг мэдээгүй. Тэгээд тэр өдөр 15 цагийн үед ажлаасаа буугаад нөгөө ээлжийн жолооч А-од автобусаа хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөхдөө 5-н шарын хойд талын автобусны буудал дээр бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгуулаад автобусаа хүлээлгэж өгсөн. Тэгээд би хамт ажилладаг Д рүү залгаад хамт гэр лүүгээ явъя гэж ярьсан учир нь манай 2-ын гэр ойрхон байдаг. Тэгээд би 21-р хорооллын Цахилгаан тээврийн байранд байх бааз дээрээ очоод хувиараа харсан чинь маргааш амрах өдөр байхаар нь би Дд ганц шил архи ууя гэж хэлсэн. Д зөвшөөрөөд бид 2 баазын урд талын Миний дэлгүүрээс нэг шил Хараа нэртэй 0,5 гр савалгаатай архи аваад баазын хажуу талд гадаа зогсож байгаад архиа хувааж уусан. Тэгээд би эхнэрээ дуудаад ирээд авчих гэсэн чинь манай эхнэр ирж авсан юм. Тэгээд би гэр лүүгээ ороод Д бас гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод амарч байхад баазаас манай жолооч над руу залгаад Замын цагдаагаас залгаад байна чамайг өдөр хүүхэд автобуснаас унагаасан гэж байна. Замын цагдаа руу холбогдоорой гэхээр нь за гээд байж байхад замын цагдаагаас залгаад одоо хүрээд ир гэхээр нь очиж уулзсан...” гэх мэдүүлэг /хх-н 65-66/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.Гын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хчиээлдээ явах гээд 11 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад 19 дүгээр сургуулийн автобусны буудлаас Нисэх-Сонсголон чиглэлийн автобусанд суугаад Таван шарын автобусны буудал дээр автобусны хойд хаалгаар буух гэж байтал намайг гүйцэд буулгалгүй автобус хөдөлсөн. Автобус хөдлөх үед би хөл алдаад замруу унасан. Унахдаа зүүн гараараа тулж зүүн гараа гэмтээсэн. Намайг автобуснаас газарт уначихсан байхад автобусны буудал дээр зогсож байсан танихгүй эгч тусалж босгоод хүний утас гуйж манай ээжийн гар утас руу залгаж хэлж өгсөн. Тэгээд би зам хөндлөн гарч Таван шарын хойд талын автобусны буудлаас гэрлүүгээ буцаж явсан. Гэртээ очоод ээждээ гараа үзүүлтэл миний гар хавдчихсан болохоор нь ээж намайг дагуулаад ГССҮТөвд очиж үзүүлэн зургийг нь авахуулахад хугарсан байна хэвтэн эмчлүүлж хагалгаанд ор гэж хэлсэн. Миний сууж явсан автобусны жолооч намайг унагачихаад нэг зогсох үйлдэл хийснээ жолооч нь автобуснаасаа буулгүй шууд хөдлөөд явчихсан. Би ГССҮТөвд 5 хоног хэвтэн эмчлүүлж хагалгаанд орчихоод одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа эмчийн хяналтанд орсон. Би тэр үед ганцаараа хичээлдээ явж байсан. Надад тусласан эгчийг би танихгүй. Ослын улмаас миний зүүн гар бугалга хэсгээрээ хугарсан. Автобусны жолооч эмчилгээний зардалд 480.000 төгрөг өгсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Оийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ байж байхад манай охин Г над руу танихгүй хүний утаснаас залгаад ээжээ автобуснаас унаад гэмтчихлээ гэж над руу ярьж хэлчихээд буцаад гэртээ хүрээд ирсэн юм. Тухайн үед манай охин сургууль руу явж байсан ба 5 шарын автобусны буудал дээр буух үед нь автобус нь хөдлөөд манай охиныг унагасан юм байна лээ. Тэгээд охиноо гэртээ ирэхээр нь дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь хагалгаанд орох юм байна одоо шууд хэвтэх хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй сандраад явж байхад манай хамаатан цагдаад мэдэгдэх ёстой гээд манай эгчийн хүүхэд болох Б. Билгүүн 102-т дуудлага өгсөн. Хэргийн газарт хэмжилт хийх үед бид нар байгаагүй цагдаа нар хэмжилт хийлээ гэж ярьж байсан би хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг дээр байсан юм. Танай хүүхдийн биед ямар гэмтэл учирсан, одоогоор ямар зовиур байна гэх асуултанд зүүн гарын шуу хэсэгт хугарсан хагалгаа хийсэн байгаа. Өсөлтийн зоо гэдэг нь зогсолтын байдалтай байна. Тань руу охин чинь осол болсон өдөр хүний утаснаас залгаж хэлсэн гэсэн тэр хүн ослыг харсан юм уу хэд гэсэн дугаараас залгасан гэх асуултанд ослыг харсан эсэхийг нь мэдэхгүй байна ямар ч байсан автобусны буудал дээр байсан хүний утсыг гуйж над руу залгаж хэлсэн, одоо тэр дугаарыг мэдэхгүй байна ямар ч байсан Мобиком компанийн дугаар байсан санагдаж байна, хадгалж авсан зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байна уу гэх асуултанд Гомдолтой байна, надаас охины эмчилгээнд 700.000 төгрөг гарсан байгаа цаашид уух эмийн мөнгө нь нэг сард 300.000 төгрөг орохоор байгаа тэр мөнгийг сар болгон авмаар байна. Энэ баахан бичиж өгсөн эмийг хэдэн сар уух ёстойг мэдэхгүй байна ямар ч байсан байнга уух ёстой гэж хэлсэн. Өсөлтийн зоо нь эргэж сэргэх хүртэл уух ёстой, жолоочийн зүгээс надад нийт 480.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 12/

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ц.Бгийн өгсөн:

“...О-ийн Г- гэгч хүн манай Хоёрдугаар баазын 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолооч ажилтай. Яг авто ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би дараа нь шуурхай зөвлөгөөн дээр мэдсэн. Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженерүүд амаар болон бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. Манай байгууллага Хаан даатгалтай хамтран ажилладаг. Жолоочийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгалын дагуу бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2693 тоот:

               1. Г.Гын биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүсэх боломжтой.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 45/,

 

                  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1903012 тоот:

            1. DAEWOO BS106 маркийн цагаан алаг өнгөтэй, 03-88 убч улсын дугаартай автобус нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

            2. Уг автобус нь стандартын шаардлага хангаж байна.

            3. Уг автобус нь стандартын шаардлага хангаж байна.

            4. Уг автобус нь хийн дамжуулгат тоормосын системтэй бөгөөд тоормос нь бүрэн ажиллаж байна.

            5. Уг тээврийн хэрэгслийн урд болон хойд хаалга нь хэвийн нээгдэж хаагдаж байна гэх дүгнэлт /хх-н 50-51/,

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Балдимирын Мижидсамдангийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 тоот Мөрдөгчийн магадлагаа:

   1. DAEWOO BS106 маркийн 03-88 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О-ийн Г- нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх. 23 дугаар бүлгийн 23.4. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд хаасны дараа хөДөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Гантөмөрийн Г нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэх /хх-н 56-57/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-6/,

               - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10/,

               - Насанд хүрээгүй хохирогч Г.Гын өвчний түүхийн хуулбар /хх-н 103-111/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/          

            -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 11 цаг 50 минутын орчимд Deawoo BS106 маркийн, 03-88 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын урд автобусны буудал дээр уг тээврийн хэрэгслийн хойд хаалгаар зорчигч буулгахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөДөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас 12 настай Г.Гыг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Г.Гын “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хчиээлдээ явах гээд 11 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад 19 дүгээр сургуулийн автобусны буудлаас Нисэх-Сонсголон чиглэлийн автобусанд суугаад Таван шарын автобусны буудал дээр автобусны хойд хаалгаар буух гэж байтал намайг гүйцэд буулгалгүй автобус хөдөлсөн. Автобус хөдлөх үед би хөл алдаад замруу унасан. Унахдаа зүүн гараараа тулж зүүн гараа гэмтээсэн...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Оийн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө ажлаасаа буугаад гэртээ байж байхад манай охин Г над руу танихгүй хүний утаснаас залгаад ээжээ автобуснаас унаад гэмтчихлээ гэж над руу ярьж хэлчихээд буцаад гэртээ хүрээд ирсэн юм. Тухайн үед манай охин сургууль руу явж байсан ба 5 шарын автобусны буудал дээр буух үед нь автобус нь хөдлөөд манай охиныг унгасан юм байна лээ. Тэгээд охиноо гэртээ ирэхээр нь дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь хагалгаанд орох юм байна одоо шууд хэвтэх хэрэгтэй гээд л эмнэлэгт хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

иргэний хариуцагч Ц.Бгийн “...О-ийн Г- гэгч хүн манай Хоёрдугаар баазын 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолооч ажилтай. Би дараа нь шуурхай зөвлөгөөн дээр мэдсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2693 тоот дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1903012 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Мижидсамдангийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 117 тоот Мөрдөгчийн магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогч Г.Гын өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Гийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...хохирлоо авсан одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч О.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үзвэл нийтийн тээврийн жолооч ажлын хариуцлагагүй байдлаас болж зорчигчийг гэмтээсэн, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Гт 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

         

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч яллагдагч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ