Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 771

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Хт холбогдох эрүүгийн 1905026880870 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____/

 

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Н. Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Уулзвар төвийн “Маск” караокений гадна иргэн Б. Оийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. Х- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Хын өгсөн:

“...Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 22 цаг өнгөрч байхад хөрш айлын Дек бүтэн нэрийг мэдэхгүй/ 0,75 литрийн нэг шил архи барьж манай гэрт орж ирсэн юм. Дек бид 2 архиа ууж байтал 23 цаг өнгөрч  байхад эхнэр Өнөрзаяа ажлаа тараад ирсэн бид архиа хувааж уугаад дахиж 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Би нилээн согтоод гэрээсээ яаж гарсан болон хаана очсон ямар хүнтэй хэн нь маргасныг мэдэхгүй байна нэг мэдсэн 2 залуу намайг барьчихсан хажууд зогсож байсан. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байрлуу авч явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Оийн биед яаж гэмтэл учруулсанаа мэдэхгүй байна. Цагдаа дээр ирсний дараа Оь гэх залуутай уулзахад намайг өөрийнх нь толгой руу нэг удаа пивоны шилээр цохисон гэж хэлсэн. Тухайн үед уг гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оийн өгсөн:

“...Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө караоекний зөөгч Болороо ирээд “гаднаас 3 залуу орж ирээд үйлчлүүлж байгаа хүмүүстэй маргаад зодоон хийгээд байна” гэхээр нь хамт доошоо буугаад очиход 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн үйлчлүүлж байсан хүмүүстэй зодоон хийж байхаар нь би дундуур нь орж салгаад тэр 3 хүний караокеноос гаргахад нэг эрэгтэй нь шууд яваад өгсөн. Эхнэр нөхөр 2 бололтой 2 хүн нь үлдсэн. Эмэгтэй нь буцаж ороод дотор сууж байсан хүмүүстэй маргаж байхдаа үүдний хэсэгт байсан хоосон “Сэнгүр”пивоны шилийг аваад гарахаар нь би араас нь шилийг авах гээд гарахад өгөхгүй холдоод яваад байсан. Тэгж байхдаа нөхөртөө шилээ өгсөн. Эхнэр нь хацар руу алгадаад, 2 гуяны дотор хэсэг рүү өшиглөж байгаад эмзэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би газар унасан. Босоод ирэхэд дахиад намайг өшиглөх гэхээр нь өөрөөсөө түлхэж холдуулахад миний дагзны ар хэсэг рүү нөхөр нь пивоны шилээр цохиж толгой хагалсан. Миний толгойноос цус гараад ухаан балартаад унасан. Зүс таних эмэгтэй намайг сэргээгээд бие асуугаад цагдаа дуудсан байна. Нөхөр нь зугтаагаад гүйсэн. Би эхнэрийг нь алдахгүй гээд зүүн гараараа цамцных нь хойноос хүзүүн дээрээс нь бариад автал толгой эргээд байхаар нь доошоо суусан... маргаан үүсгэсэн эхнэр нөхөр хоёрын нөхөр нь миний толгой руу пивоны шилээр цохиж тархи хагалсан ...” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Өгийн өгсөн:

“...2019 ны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл нөхөр Х-ын найз Дек /бүтэн нэрийг мэдэхгүй/ ирчихсэн нөхөртэй хамт 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Би хамт үлдсэн архинаас нь уугаад нэмж 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Шөнө 01 цагийн үед караокед оръё гээд бид 3 манай гэрээс гараад такси бариад хорооллын эцэст нэрийг нь мэдэхгүй байна нэг караокед ирсэн. Бид 3-ыг текний хажууд нэг ширээнд шахаж суулгасан. Нэг мэдсэн Дек явчихсан байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан учир болсон асуудлыг яг тодорхой санахгүй байна. Би ямар ч байсан караоке  дотор нэг хүнтэй маргаад байсан. Юм захиалаагүй байхад тооцоо нэхээд байх шиг байсан. Тооцооноос болоод маргасан байж магадгүй. Нэг мэдсэн би гадаа гарчихсан замын хажууд миний дээрээс хүн дарж байсан. Х- байхгүй байсан. Удалгүй цагдаа ирэхэд 2 залуу Х-аас тэр байна гэж заагаад цагдаа дээр барьж авчирч өгсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Оийн биед гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Би тухай үед нилээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн:

“...Тархины аалзан хальсан доорхи голомтод цус харвалт, тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 7721 тоот: 

1. Б. Оийн биед тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн шуунд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 17/

 

- хохирогчийн Н. Х-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал хүлээн авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-н 60/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/

зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н. Х- нь 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Уулзвар төвийн “Маск” караокений гадна иргэн Б.Оийн биед халдаж, толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, тархины аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Хын “...Би нилээн согтоод гэрээсээ яаж гарсан болон хаана очсон ямар хүнтэй хэн нь маргасныг мэдэхгүй байна нэг мэдсэн 2 залуу намайг барьчихсан хажууд зогсож байсан. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байрлуу авч явсан....” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Оийн “...Эхнэр нөхөр 2 бололтой 2 хүн нь үлдсэн. Эмэгтэй нь буцаж ороод дотор сууж байсан хүмүүстэй маргаж байхдаа үүдний хэсэгт байсан хоосон “Сэнгүр”пивоны шилийг аваад гарахаар нь би араас нь шилийг авах гээд гарахад өгөхгүй холдоод яваад байсан. Тэгж байхдаа нөхөртөө шилээ өгсөн. Эхнэр нь хацар руу алгадаад, 2 гуяны дотор хэсэг рүү өшиглөж байгаад эмзэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би газар унасан. Босоод ирэхэд дахиад намайг өшиглөх гэхээр нь өөрөөсөө түлхэж холдуулахад миний дагзны ар хэсэг рүү нөхөр нь пивоны шилээр цохиж толгой хагалсан. Миний толгойноос цус гараад ухаан балартаад унасан.  ....” гэх мэдүүлэг,

 

гэрч Ш.Өгийн “...Би ямар ч байсан караоке  дотор нэг хүнтэй маргаад байсан. Юм захиалаагүй байхад тооцоо нэхээд байх шиг байсан. Тооцооноос болоод маргасан байж магадгүй. Нэг мэдсэн би гадаа гарчихсан замын хажууд миний дээрээс хүн дарж байсан. Х- байхгүй байсан....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 7721 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 60 дугаар талд хохирогчоос “...Н.Хтай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал хүлээн авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” тухай хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н. Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Хт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Н. Х-ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт Н-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ