Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 372

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, прокурор Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, М.*******гийн нэхэмжлэлтэй төрийн албанд ажиллах, хамт олны дундах үнэлэмж буурсан сэтгэл санаа, нэр хүнд, эд хөрөнгийн хохиролд 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жаахан овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн Завхан аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгаж, эрүү үүсгэн прокурорын хяналтанд өгч улмаар яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймаг дахь Сум дундын 1-р шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх 2013 оны 10-р сарын 24-ний өдрийн 38-р шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэг үлйдсэн гэж Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан юм. Би үүнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Завхан аймгийн давж заалдах шатны шүүх 2013 оны 11-р сарын 28-ны өдрийн 33 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Миний өмгөөлөгч В.Содномцэрэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Улсын дээд шүүхийн 2014 оны 01-р сарын 03-ны өдрийн 06 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож надад холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан юм.

Иймд төрийн албанд ажиллах, хамт олны дундах үнэлэмж буурсан, сэтгэл санаа, нэр хүнд, эд хөрөнгийн хохирол амссан тул төрөөс 1.500.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин ******* энэ хэргийн улмаас нэр төр болон сэтгэл санаагаар маш их хохирсон. Бид гэр бүлээрээ сэтгэл санаагаар маш их унаж хэцүү байсан. Манай охин ******* ******* сумд ажил хийх ямар ч боломжгүй болсон. Янз бүрийн бичиг тоотууд ирж хяхаж хавчиж ажлаас нь гаргасан. Албан ******* дээр нь *******д арга хэмжээ ав гэсэн бичиг тоот хүртэл ирж байсан. Охин маань ажил хийх ямар ч нөхцөлгүй болсон учраас ажлаасаа гарсан юм. Тиймээс миний охинд учирсан нэр төр, сэтгэл санааны хохирлыг барагдуулж нэр төрийг сэргээж өгнө үү гэв.

Прокурор Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2013 оны 10 сарын 24-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол болон 2013 оны 11 сарын 28-ны өдрийн магадлал яллах чиг үүргийн хувьд үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн охин *******г сэтгэл санаагаар хохирсон гэж байгаа боловч энэ байдал нь хангалттай нотлогдохгүй байна. Тиймээс нэхэмжилж байгаа 1.500.000 төгрөгийг нөхөн олгох үндэслэлгүй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь төрийн албанд ажиллах, хамт олны дундах үнэлэмж буурсан сэтгэл санаа, нэр хүнд, эд хөрөнгийн хохиролд 1.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тул хүсэлт гаргагч нь ийнхүү шаардах эрхтэй байна.

М.*******г 2013 оны 06-р сарын 17-ны өдөр Завхан аймаг ******* сумын ******* багийн нутагт байрлах авто зогсоол дээрх авто машиныг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах буюу гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн ******* дугаар хэрэг үүсгэн сэжигтнээр тооцож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр М.*******д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан болох нь хэрэгт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Мөн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор М.*******г бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугцаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Завхан аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай магадлалаар Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10-р сарын 24-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн шүүхийн хүчин төгөлдөр магадлал байна.

М.*******д Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зээснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.

Нэр төр гэдгийг тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж байдаг бөгөөд нэхэмжлэгч М.*******гийн нэр төр нь дээрх байдлаар гутаагдсан гэж үзэх үндэслэлтэй.

М.******* нь энэ хэргийн улмаас хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид 500.000 төгрөгийн хөлс төлсөн болох нь өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2013 оны 09-р сарын 12-ны өдрийн тасалбараар нотлогдож байх тул дээрх зардлыг гаргуулах боломжтой. 

Иймд М.*******гийн нэр төрийг сэргээж, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 1.500.000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж *******ын *******д олгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ