Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 798

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

  шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,

  хохирогч Х.Н, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 1905014370662 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааран дотор Х.Нг хоёр гарыг ард гавлуулсан байдалтай доош харан хэвтэж байхад буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн бол нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н мэдүүлэхдээ:

“...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Пирамид бааранд орж 1 шил Виски уусан. Дараа нь Стелла орж дахиад 1 шил виски уусан нилээн согтолттой байсан. Бид нарыг сууж байхад хажуу ширээнд хүмүүс маргалдаад байсан. Ахтайгаа гарч явж байхад хамгаалагч гэнэт дайрч орж ирээд өшиглөж аваад унагаасан хариу үйлдэл хийгээгүй байхад хамгаалагч гавалсан шүүгдэгч нь гавалсан байхад ирээд нүүрэн тус газар өшиглөсөн. Нүүрлүү өшиглөхөд ухаангүй болсон. 6,7 дугаар хавирга хугарсан зүүн нүдэндээ 4-н оёо тавиулсан, хамарны хагалгаанд орсон эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Нийт хохирол 5 сая гаран төгрөг болсон байгаа. Батбаяр нь 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Би их гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 17-ны 21 цагийн үед найз нартайгаа Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10-р хороололд нэрийг нь мэдэхгүй паб-д сууж байгаад 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла баар луу орсон. Манай найзууд бааранд сууж байгаад гэрлүүгээ явцгаасан. Г бид хоёр бааранд бүжиглээд үлдсэн. Г бааранд хүнтэй маргалдаад би салгасан. Тэр үед танихгүй залуу намайг цохиод авсан. Би юм хэлээгүй Гтой баарнаас гарах гэхэд Г бугуйн цаг байхгүй байна 00-д унагаасан байж магадгүй гээд 00 руу явсан. Би ганцаараа баарны үүдэнд такс тасалдаг хэсэгт зогсож байхад намайг цохисон залуугийн найз нь ирээд зүгээр үү хө гэхээр нь зүгээр зүгээр гээд юм яриад зогсож байхад миний араас согтуу залуу ирээд цохисон. Араас цохисон залуу бол одоо хохирогч гээд байгаа Н гэдэг юм байна лээ. Н намайг араас цохих үед хамгаалагч нар боль гээд шууд Н цааш аваад салгахад миний малгай унасан байхаар нь малгайгаа газраас аваад эргээд гарах гэхэд Н газар хэвтэж байсан. Тэр үед би Нг өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 99-100, 106-107, 138/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Нгийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн “Парадокс” автобусны буудлын хажуу талд байрлах нэг пабад хамт ажилладаг Нямсүрэн, Жамъяандорж, Наранбат нарын хамт бид дөрөв сууцгаагаад нэг шил виски ууцгаасан. 00 цаг өнгөрч байхад пабнаасаа гараад 10-р хороололд байрлах “Стелла” бааранд орцгоосон. Бид нар бааранд ороод дахиад нэг шил виски аваад ууцгаасан, тэгээд би уусан архиндаа согтчихсон, бааран дотор хүмүүс маргалдахаар нь би салгах гэж оролдсон, тэгтэл баарны хамгаалагч намайг гавлаад газар хэвтүүлсэн тэгтэл миний амьсгаа түжигдээд амьсгалж чадахгүй байсан. Би баарнаас гарах үед нэг мэдэхэд намайг гавласан. Би гавтай байхад нэг хүн ирээд миний нүүр лүү өшиглөсөн. Маргаан юунаас болсныг би мэдэхгүй. Би гавтай байхдаа баарны коридорт хажуу тийш хараад хэвтэж байхад миний нүүр лүү нэг хүн ирээд өшиглөөд явсан. Миний нүүр лүү өшиглөсөн хүнийг би танихгүй. Миний гавыг тайлаад босох үед миний нүд тагларчихсан хамар амнаас цус гарчихсан байсан. Одоо нийт эмчилгээнд 4.451.208 төгрөг зарцуулсан. Би их гомдолтой байна, ажил хөдөлмөрөө хийж чадахгүй байгаа.

Зүүн талын 6, 7-р хавирга хугарсан, КТГ зурагт бүтэн биеэр ороход 150.000 төгрөг болсон, дотроосоо кальц уусан, эм тарианы эмчилгээ хийлгэсэн 22.020 төгрөг болсон. Нийт 172.020 төгрөг болсон. Өөр эмчилгээ хийлгээгүй, мөн өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг болсон. Биеийн байдал сайжрахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 26-27, 49/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Н-ын өгсөн:

“...Би Нямсүрэн, Жамъяансүрэн, Н бид нар 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн хорооллын Парадоксын автобусны буудлын Пирамид паб-д 1 шил виски уугаад 23 цагийн үед гараад Баянгол дүүргийн 5-р хороо Стелла бааранд орсон. Бааранд виски уугаад байж байхад манай дүү Н сандал дээр сууж байхдаа уначих гээд нааш цааш болоод байхаар нь дүү Нг согтосныг мэдээд баарнаас 02 цагийн үед гарах гээд хувцасны өлгүүр лүү явж байхад коридорт хүмүүс маргалдаад зогсож байсан. Тэр үед Н боль гээд нэг залуугийн мөрнөөс татсан чинь нөгөө залуу эргэж хараад Нг заамдаад авсан. Би хажууд нь боль гэхэд нөгөө залуу дүү Нг нэг цохисон. Манай дүү бас эргүүлээд нэг цохисон. Тэгээд маргалдаж байхад баарны хамгаалагч нар ирээд дүү Н бид хоёрыг гавласан. Манай дүү Нг хамгаалагч гавлахдаа нүүр лүү нь цохиод газар унагаагаад толгой дээр нь дараад гарыг нь гавласан. Би хажуунаас нь яаж байгаа юм бэ гэхэд намайг болон нөгөө дүүг цохисон залуутай хамт баарнаас гаргасан. Би баарны гадаа байхдаа хамгаалагчаас гуйгаад дотор дүү байгаа би дүүгээ аваад явъя гэхэд за чи тэгвэл гавтай орно шүү гээд намайг гавлаад баар луу хамт орсон. Манай дүү гавтайгаа газар доош хараад хэвтсэн байсан би гавласан хамгаалагчийг чи болилдоо ядаж наад хүнээ босгооч гэж хэлэхэд манай дүү Н ахаа намайг босгооч, салгаач гээд байж байсан. Тэр үед баарны зохион байгуулагч эмэгтэй хүн нь ирээд би тэр эмэгтэй хүнтэй уулзаад байхад нөгөө цохисон залуугийн найз нь улаан оруулгатай малгайтай цамцтай залуу манай дүү Нгийн нүүр лүү өшиглөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ч-ын өгсөн:

“...Баянгол дүүргийн 5-р хороо Стелла баарны үүдэнд таксины дэргэд би тухайн үед зогсож байсан. Бааран дотор маргаан үүсгэсэн 3 залууг гаргаж ирэхэд хөх футболктой залууг шууд баарнаас гаргасан. Баарны гадаа байгаа хөх фудволктой залуу хамт яваа хүнийг гарагж өг гээд дуудахад ягаан цамцтай залуу гарч явах үедээ хар футболктой гавтай залууг өшиглөөд гараад явсан. Хар футболктой залуугийн нүүр нь тэр чигтээ цус болсон...” гэх мэдүүлэг /хх-н 54-55/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Дгийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд үйлчлүүлж байсан хар футболк өмссөн залуу цэнхэр футболк өмссөн залуучууд хоорондоо маргалдаж хамгаалагч нар тэр хоёр залууг үүд рүү такс хэсэг рүү гаргасан. Тэр хоёр залуу, ах дүү хоёр хоорондоо маргалдсан юм. Таксны дэргэд өндөр нуруутай залуу зогсож байхад хар футболк өмссөн залуу араас нь очоод цохисон. Тэгээд маргаан үүсгэх үед би хар футболктой залуу цаана хүмүүстэй маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь хар футболктой залуугийн гарыг гавлаад ахыг нь баарны үүд рүү гаргасан. Буцаад баар луу орох үед том биетэй цэнхэр цамцтай ах маргаан үүсгээд би тэр ахыг боль гэхэд очоод газар байсан залууг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн өгсөн:

“...Цээжний зүүн 6,7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, хамар ясны хугарал хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн хацар, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хавиргын 6,7-р хугарал нь мохоо зүйлийн цохих цохигдох зүйлийн үйлчлэлээр нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл мөн мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-н 67-68/  

 

            - Хохирлын баримтууд /хх-н 29-48/,

  - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-17/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 77/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 79/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 81/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааранд Х.Нг хоёр гарыг ард гавлуулсан байдалтай доош харан хэвтэж байхад буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газарт өшиглөж биед зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн тохой, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бын “...малгайгаа газраас аваад эргээд гарах гэхэд Н газар хэвтэж байсан. Тэр үед би Нг өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Нгийн “...Би гавтай байхдаа баарны коридорт хажуу тийш хараад хэвтэж байхад миний нүүр лүү нэг хүн ирээд өшиглөөд явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Н-ын “...улаан оруулгатай малгайтай цамцтай залуу манай дүү Нгийн нүүр лүү өшиглөөд явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ч-ын “...Баарны гадаа байгаа хөх футболктой залуу хамт яваа хүнийг гаргаж өг гээд дуудахад ягаан цамцтай залуу гарч явах үедээ хар футболктой гавтай залууг өшиглөөд гараад явсан. Хар футболктой залуугийн нүүр нь тэр чигтээ цус болсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Дгийн “...Буцаад баар луу орох үед том биетэй цэнхэр цамцтай ах маргаан үүсгээд би тэр ахыг боль гэхэд очоод газар байсан залууг өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...Цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, хамар ясны хугарал хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл мөн мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг, хохирлын баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Х.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсоноор шүүгдэгчээс 3.525.035 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нд олгож, хохирогч нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 3.525.035 төгрөг гаргуулж хохирогч Х.Нд олгож, хохирогч Х.Н нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ