Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00456

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01804 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02463 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “С” ХХК

          Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

          Нийт 309.299.476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уянгасайхан, нарийн бичгийн даргад Г.Наранхүү  нар оролцов.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь “С” ХХК-тай 2008-07- 23-ны өдөр  гэрээг байгуулж, Пийс тауэр барилгын  1 дүгээр давхарт үйлчилгээний талбай захиалсан. Анх 206 м.кв талбайг 1890 ам.доллар / 1 ам.доллар 1156 төгрөг/-р  худалдан авахаар тохиролцон төлбөрийг төлсөн.   Гэрээний дагуу “С” ХХК 2009 оны 4 дүгээр улиралд барилгыг багтаан ашиглалтанд оруулж чадаагүй, харин 2014-04-04-ний өдөр талбайг хүлээлгэж өгсөн. Талбайн хэмжээ 289,14 м.кв байх ёстой байсан. Талбайг хүлээж авсны дараа  хэмжилт хийлгэхэд 253,55 м.кв буюу 35,89 м.кв дутсан. 2014-04- 04-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, талбайгаа хүлээлцэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Барилгыг 2009 онд багтаж ашиглалтанд орно гэж тооцон, үйл ажиллагаагаа зохицуулсан байтал  тохиролцсоноос хойш 2 жилийн дараа ашиглалтанд орсон. Үүнээс  болж манай компанид ихээхэн хүндрэл учирсан. Мөн хүлээж авсан талбай нь хэмжээндээ хүрэхгүй эд хөрөнгийн доголдолтой байсан. Иймд гэрээний 3.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн 2010-03-01-нээс 2014-04- 03-ныг хүртэлх нийт 1428 хоногийн алдангид 111.198,36 ам.доллар, 1 хоногт 77.87 ам.доллар болсныг гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 1156,24 төгрөгөөр тооцоход 128.571.991,76 төгрөг болж байгаа. Гэрээнд заасны дагуу захиалагчид 289,14 м.кв талбай өгөх ёстой байтал 35,89 м.кв-р дутуу байсан. Иймд 1 м.кв нь 1890 ам.доллар буюу нийт 67.832 ам.доллар болж байна. Үүнийг 1156,24 төгрөгөөр тооцвол 78.430.187 төгрөг болно. Эдгээрийг нэмж нийт 207.002.178,9 төгрөг, ханшийн зөрүү 87.175.066,3 төгрөг бүгд 309 299 476 9 төгрөг болно. Хариуцагч 2014-04-04-ны өдөр талбайг хүлээлгэн өгч, талууд акт үйлдсэн учир алдангийг энэ үе хүртэл тооцсон.  Иймд  гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид нийт 309 299 476 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: “С” ХХК нь “С” ХХК-д холбогдуулан 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний 3.2-т зааснаар алданги нэхэмжилсэн. Гэтэл гэрээний заалтад алдангийг гэрээний нийт үнийн дүнгийн тодорхой хувиар тооцохоор талууд тохиролцсон байдаг. Энэ нь  алданги эсхүл  торгуулийн аль нь болох нь эргэлзээтэй байна. Хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тодорхойлно гэж заасан тул хуульд нийцээгүй алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сараас хойш талбайг ашиглаж байгаа.  Доголдлтой холбоотой шаардлага гаргах  хугацаа өнгөрсөн. Талууд талбайн хэмжээг тодорхойлоод гэрээ байгуулсан ба Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх бүрэн боломжтой байсан. Үүнээс гадна 2014 оны 4 дүгээр сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэтэл талуудын хооронд үүрэг 2008 онд үүссэн, харин 2014 онд талбайн хэмжээ болон үнийн дүнд өөрчлөлт орж, гэрээ байгуулагдсан. Иймд алданги тооцох үндэслэлгүй. 2008 оны гэрээний 3.2-т заасан алдангийн зохицуулалтыг 2014 оны гэрээндээ заагаагүй бөгөөд  алданги тооцохгүй байх зарчмаар гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01804 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасныг баримтлан  “С” ХХК-д холбогдох нийт 309 299 476 төгрөг гаргуулах тухай  “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 704 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02463 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс зохигчдыг 2008-07- 23-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байна гэж шүүх үзсэн нь хуульд нийцэхгүй. Худалдан авагч талбайн хэмжээг шалгаж хүлээж авах үүрэг ногдуулах нь худалдан авагчийг их хэмжээний эрсдэлд оруулах юм. Учир нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, /барилгад хэмжилт хийх эрхийг Барилгын хөгжлийн төвөөс шаардлага хангасан этгээдэд олгодог/ эрх бүхий байгууллагын баталсан норм дүрмийг баримтлан, тусгай багаж хэрэгслээр хэмжилт хийдэг. Хэрэглэгч иргэн, эсхүл худалдан авагч энгийн нүдээр гүйлгэж хараад л тогтоож болдог доголдол биш шүү дээ. Тэгвэл хэмжилт хийх эрхийг тусгай зөвшөөрлөөр олгодог тогтолцоо юунд хэрэгтэй юм бэ? Яагаад хэмжилтийг улсын бүртгэлд бүртгэгдсэн тусгай багажаар хэмждэг юм бэ? Энэ асуултад шүүх хариу өгөлгүй, шууд л хэмжиж аваагүй чинь чиний хохь гэж шийдэж байгаа нь маш их эргэлзээ төрүүлж байна. Мэргэжлийн байгууллагад ажлын хөлс төлж, цаг хугацаа зарцуулж байж, тэд дүгнэлтээ гаргадаг тул өөр нэмэлт ажил хийж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагч талбайн хэмжээгээ шалгаж хүлээж авахдаа шинжээч ажиллуулах үүрэггүй. Мэргэжлийн байгууллага буюу тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж тус хэмжилтийг хийдэг. Маргаан бүхий хэрэг дээр шүүхээс тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг шинжээчээр томилдог биш билүү. Тэгэхээр нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах үедээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан норм, дүрэм стандартын дагуу эрх бүхий байгууллагаар талбайн хэмжээг тодорхойлон хэмжүүлэх боломжтой байсан гэж өмнөх хоёр шатны шүүхээс үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Том талбайн хэмжээгээр дулаан цахилгаан гээд урсгал зардал төлж ирсэн байдлыг … Бэлэн болоогүй, баригдаагүй, ирээдүйд бий болох зүйлийг урьдчилан захиалсан байхад үүнийг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь үнэхээр үндэслэлгүй байна. 2008 онд анх гэрээ байгуулж захиалга өгөхөд уг объект бэлэн болоогүй, барилгын ажил дөнгөж эхэлж байсан учраас 2014 онд буюу даруй 6 жилийн дараа бэлэн болж улсын комисс хүлээж авсан байхад шууд 2014.04.04-ний өдөр /талбай хүлээж авдаг/ өдөр шууд ашиглалтанд орчихсон бэлэн талбай авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өмнөх гэрээний харилцааны үргэлжлэл шүү дээ. Шүүх уг харилцааг 2008-07-23-с эхэлж, 2014-04-04-ний өдөр хүртэл үргэлжилсэн байна гэж үзсэн атлаа анхны гэрээнд давхар, талбайн хэмжээ, өрөөний зохион байгуулалт зэргээ урьдчилан захиалж, ирээдүйд буюу 2009 ондоо багтаан ашиглалтанд ороход ажлын үр дүнг хүлээн авахаар захиалга өгсөн зэрэг ажил гүйцэтгэх гэрээний шинж байгааг огтхон ч анхаарч үзээгүй. Талбайг хүлээж авсан өдрөө байгуулсан буюу 2014.04.04-ний өдрийн гэрээг анхны гэрээний үргэлжлэл гэрээ гэж шүүхээс дүгнэсэн атлаа ашиглалтанд орох хугацааг даруй 4 жилээр хэтрүүлчхээд байхад үүнийг харгалзан үзэлгүй зөвхөн гэрээний алдангийн заалт нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас алданги тооцно гэсэн үгэнд ач холбогдол өгч энэ нь хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талууд гэрээгээр алданги тохиролцсон, гагцхүү тэрхүү алдангийн заалтыг оруулахдаа алдангийн хэмжээг бага байхуйцаар оруулахын тулд л гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас гэж заасан байдаг. Шүүх алдангийн хэмжээг хэт их байна гэж багасгах эрхтэй байдаг шиг талууд яагаад алдангийг бага байлгахаар гэрээндээ зааж болохгүй гэж? Хуульд үүрэг гүйцэтгэгчийг хамгаалах үүднээс мөнгөн дүнгээр төлөх анзын дээд хязгаарыг тогтоож өгдөг болохоос доод хязгаарыг тогтоож өгөөгүй байдаг.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       “С” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, дутуу 45.11 кв.м талбайн үнэ 93,552,419 төгрөг, 1428 хоногийн алданги 128,571,991.76 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 87.175.066 төгрөг  нийт 309,299,476 төгрөг шаарджээ. /хх 1-н 1-3, 171, 228/. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. /хх 1-н 64/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосоныг давж заалдах шатны шүүх  хэвээр үлдээсэн байна. 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... шүүх гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй... доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй...талбайг хүлээж авсан өдрийн буюу 2014.04.04-ний өдрийн гэрээг анхны гэрээний үргэлжлэл гэрээ гэж дүгнэсэн атлаа ашиглалтанд орох хугацааг даруй 4 жилээр хэтрүүлсэн байхад алдангийн талаар заалтын үгэнд ач холбогдол өгсөн нь хуульд нийцэхгүй байна...” гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

       1. С ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2008-07-23-ны өдрийн болон 2014-04-04-ны өдрийн 08/07/23 дугаар  гэрээг үндэслэжээ.

       Талууд байгуулсан гэрээгээ “хөрөнгө оруулалтын гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээ нь  худалдах-худалдан авах гэрээний агуулгатай байна. Тодруулбал, уг гэрээгээр С  ХХК нь Улаанбаатар хотын, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах PEACE TOWER худалдаа үйлчилгээний зориулалттай барилга /цаашид  “PEACE TOWER барилга” гэх/-ын 1 дүгээр давхарын 104 тоот талбайг шилжүүлэх, нэхэмжлэгч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

       Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

       Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, худалдан авагчийн үүргээ биелүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй байв. /хх 1-н 17/ 

       2. С ХХК-тай 2008-07-23-ны өдрийн гэрээг “Ньюкиви монголия” ХХК, 2014-04-04-ны өдрийн гэрээг “С” ХХК тус тус байгуулсан бөгөөд Ньюкиви монголия ХХК-ийн 2014-12-08-ны өдрийн 14/01 дугаар албан бичигт “...2008-07-23-ны өдрийн гэрээг байгуулахад Ньюкиви монголия ХХК-г төлөөлж захирал И.Батбаяр гарын үсэг зурж 123.600 ам.доллар төлсөн...харилцан тохиролцсоны дагуу С ХХК үлдэгдэл төлбөрийг барагдуулснаар С ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж 104 тоот 289.14 кв.м үл хөдлөх хөрөнгө С ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн тул...уг эд хөрөнгөтэй холбоотой бүх шаардах эрхийг С ХХК-н захирал И.Батбаярт олгосон...” гэжээ .

        Ньюкиви монголия ХХК, С ХХК нь С ХХК-тай гэрээ байгуулж, PEACE TOWER барилгын 1 дүгээр давхарын тодорхой хэмжээний талбайг худалдан авсан, гэрээний зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн, уг гэрээтэй холбоотой шаардах эрхээ   “Ньюкиви монголиа” ХХК нь “С” ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон байна. 

       Иймд “С” ХХК-тай гэрээ байгуулсан “Ньюкиви монголиа” ХХК нь “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний шаардах эрхийг “С” ХХК-д шилжүүлсэн талаарх шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. /хх 1-н 153, 237., хх 2-н 53/

       3. Шүүх нэхэмжлэлээс “...талбайн зөрүүд 93,552,419 төгрөг, ам.долларын ханшийн зөрүүд 87.175.066 төгрөг...” гаргуулах шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийг зөрчөөгүй   байна. 

      “С” ХХК-ийн өмчлөлд шилжсэн цэвэр талбайн хэмжээг нэхэмжлэгч нь Инжкон ХХК-ийн тогтоосноор 209.51 м.кв /хх 1-н 29-36/ гэж тодорхойлсон, харин шүүхээс томилогдсон шинжээч Тоонто-гранд ХХК-ийн дүгнэлтээр тухайн талбай 209.71 м.кв байгаа  /хх 2-н 22-25/ нь 2008-07-23-ны өдрийн гэрээнд зааснаас бага биш тул “...кв.м зөрүүд 93,552,419 төгрөг...” гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий  байна.

       Эд хөрөнгийг хүлээн авах өдөр байгуулагдсан гэрээнд “...нийт 289.14 м.кв үүнээс  цэвэр талбай 247.07 м.кв, дундын өмчлөлийн талбай 42.07 м.кв...” гэж заасан нь нэхэмжлэлийн дээр дурдсан шаардлагыг хангах нөхцөл болохгүй байна. Эд хөрөнгийн хэмжээг гэрээний гол нөхцөлийн нэг байхаар талууд тохирсон тохиолдолд гэрээний зүйлийг хүлээн авахдаа уг нөхцөл байдлыг тодруулах буюу мэдэх боломжтой. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээн авснаас хойших хугацаанд эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мэдэх боломжгүй байсныг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  254, 255 дугаар зүйлийг зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэв. 

        4. 1428 хоногийн алдангид 128,571,991.76 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.   

        Нэхэмжлэлд дурдсан хоёр гэрээ болон зохигчийн тайлбараас үзвэл талууд 2014-04-04-ний өдрийн гэрээгээр 2008-07-23-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6., 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн байна.    

       2008-07-23-ны өдрийн гэрээнд 2014-04-04-ний өдрийн гэрээгээр өөрчлөлт оруулахдаа  хариуцагчаас алданги гаргуулах нөхцөлийг заагаагүй байх тул “С” ХХК-с алдангид 128,571,991.76 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1., 8 дугаар зүйлийн 8.1.1., 232 дугаар зүйлийн 232.3-н зохицуулалтыг зөрчинө.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2017/02463 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1.704.457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ