Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ХШТ/107

 

  Д.Н-т холбогдох

                          эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                     

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, иргэний хариуцагчийн өмгөөлөгч У.Азжаргал, С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 905 дугаар магадлалтай, Д.Н-т холбогдох 2309032760051 дугаартай хэргийг иргэний хариуцагч ... гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогт Н.

 

Шүүгдэгч Д.Н- нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... сэхээн амьдруулах тасагт ...-аар ажиллаж байхдаа тус тасагт ... байсан ... сар ... хоногтой А.О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч А.О- эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксийн хариу урвалын улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Н-ын сувилах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

шүүгдэгч Д.Н-ын сувилах эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ...-ээс 303.454.800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгож, иргэний хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс тус зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Д.Н- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,” гэснийг “... Д.Н-т Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,” гэж,

6 дахь заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ...-ээс 210.732.500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгож, иргэний хариуцагч гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч ...-ийн гаргасан “шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч ... хууль ёсны төлөөлөгч гаргасан гомдолдоо ... Эрх зүйн зохицуулалтын хүрээнд: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг үндэслэн иргэний хариуцагчаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах зохицуулалтаар 210.732.500 төгрөгийг гаргуулахдаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар тооцоолол хийсэн байх боловч уг тооцоолол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зөвхөн “эсхүл” гэдгээр хохирогчид аль ашигтайгаар шийдвэрлэнэ гэж үзэхдээ хохирогчид бус хохирогч тал буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэх агуулгаар хуулийн үзэл баримтлал, үгийн шууд утгыг баримтлалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Монгол хэлний үгийн утга, нийтээр хүлээн зөвшөөрсөн ухагдахуунаар “эсхүл” гэдэг нь аль нэгийг нь сонгох гэсэн утгатай ба шүүхүүд тийнхүү сонгохдоо хохирогчид аль ашигтайгаар шийдвэрлэх боловч “хор уршиг” гэх ойлголт нь гэм хороос гадна нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирлоос үүдэлтэй үр дагаварт хамаарна.

Гэтэл шүүхүүд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгээр тооцоолол хийхдээ мөн зүйлийн 511.3-т заасан зохицуулалтыг анхаараагүй, түүнийг няцаан үгүйсгээгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлээр эдийн бус гэм хорыг арилгах талаар хуульчилсан ба 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ" гэсэнтэй нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

Иргэний хуулийн ерөнхий ангийн Арван наймдугаар бүлэгт “гэм хорыг арилгах” нийтлэг үндэслэлийг хуульчилсан ба мөн хуулийн тусгай ангийн 511 дүгээр зүйлээр зохицуулагдаагүй харилцаанд ерөнхий ангийн зохицуулалт үйлчлэхээр байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалтыг хэрэглэхдээ “хуульд өөрөөр заагаагүй бол” хэрэглэхээр хуульчилсан байхад үүнийг шүүхүүд анхаараагүй, хэрхэн хуульд өөрөөр заагдаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ.

Иргэний хариуцагч ... нь төсөвт байгууллага бөгөөд Төсвийн тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актууд өдөр тутмын үйл ажиллагаанд үйлчилдэг.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т "зарцуулалтын эрх" гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг” ойлгохоор хуульчилсан бөгөөд тухайн сэтгэцэд учирсан хор уршигт төлөх 210.732.500 төгрөгийг зарлагдах төсвийн багцын ангилал төрөлгүй, тийнхүү зарцуулах эрхгүй байдаг.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.9-д зааснаар “энэ хуулийн үйлчлэлд хамаарах хуулийн этгээд, албан тушаалтан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас улсад учруулсан хохирол, зөрчлийн хариуцлагаа бүрэн хүлээдэг байх” зарчим үйлчилдэг бөгөөд энэхүү зохицуулалтаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлахад хуульд өөрөөр заасан гэж үзэж байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх”-аар, 4.2.10-т “төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх” зарчмуудын хүрээнд манай эмнэлэг төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаас 210.732.500 төгрөгийг зарцуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг хэрэглэхгүй, хуульд өөрөөр заасан тул тухайн хэм хэмжээг хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна.

1.2. Гэм хорын хэр хэмжээний хүрээнд: Аливаа шаардах эрх нь нөгөө талдаа үүргийг үүсгэсэн байх шаардлагатай бөгөөд гэм хор гэх ойлголт нь хуульд заасан үүрэг тул хуульд ямар тусгай урьдчилсан нөхцөлийг хангавал үүрэг үүсэхийг нарийвчлан зохицуулсан байдаг.

Иргэний хуулийн системчлэлээс авч үзвэл эдийн бус гэм хорыг арилгахад ерөнхий зохицуулалт нь 228-230 дугаар зүйлээр, нийтлэг шаардах эрх нь 497 дугаар зүйлээр зохицуулагддаг ба нарийвчилсан шаардах эрх нь 498-514 дүгээр зүйлээр тус тус зохицуулагдахаар хуульчлагджээ.

Гэтэл шүүхүүд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн хувийн байдал, бусад хууль тогтоомжоор хязгаарласан, хориглосон, заавал биелүүлэх ёстой хэмнэлтийн дэглэм, тухайн гэмт хэрэгт хэрхэн хамааралтай байсан эсэх, хохирогч болон хохирогч талын нөхцөл байдлуудыг тал бүрээс бүрэн бодитой авч үзэж, сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Учир нь, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.3-т “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж, 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус зохицуулсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/905 дугаартай магадлалын 9 дэх талд “Хэдийгээр нялх хүүхдэд өмнө нь зохих өвчнүүд туссан байх боловч тэдгээр өвчнүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд амь насаа алдахад нөлөөлөөгүй байна" гэж дүгнэжээ. Манай эмнэлгийн үйлчлүүлэгч сувилахуйн алдаанаас болж, амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон нь бидний хувьд нөхөж гүйцэхээргүй сургамж, цаашид өдөр бүр анхаарвал зохих зүйл боловч бид ... дүүргийн ... хорооны 145.000 гаруй иргэдийн эрүүл мэндийн манаанд өдөр бүр ажиллаж, 30 гаруй төрийн болон олон улсын байгууллага, 12.000 гаруй аж ахуйн нэгж харьяалагдан яаралтай тусламж үйлчилгээг өдөр бүр, цаг минутаар үзүүлж ажилладаг.

Хохирогч хүүхдийг эмчилбэл зохих дээд шатлалын эмнэлгүүд түүнд үйлчилгээ үзүүлээгүй, татгалзсан учраас бид эмчийн тангараг, ард иргэдийн эрүүлийг хамгаалах үүргээ биелүүлж, эмчилгээ хийсэн. Шинжээчийн 2829 дугаар дүгнэлтээр “Эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксийн хариу урвал нь маш богино хугацаанд түргэн явцтай тул эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ” гэх дүгнэлт, шинжээч Ө.С-ийн мэдүүлэг, Эрүүл мэндийн яамны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн албан бичиг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан бичиг, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэг зэрэг баримтуудаар бидний үйл ажиллагаа хангалттай нотлогдон тогтоогдсон ба иргэний хариуцагч нь хохирогчид бүхий л эмнэлгийн тусламж, үйлчилгээг тухайн үед цаг алдалгүй үзүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд иргэний хариуцагчийн энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд нөлөөлсөн тухайд: Хор уршгийн тооцооллын хүрээнд шийтгэх тогтоолын 15 дахь талд иргэний хариуцагчаас өгсөн 5.500.000 төгрөгийг хор уршгийн хэмжээнээс хасаж тооцоогүй нь үндэслэлгүй байхад үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг эрх бүхий этгээдийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон байхад шүүхүүд сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй атлаа хор уршгийн хэмжээг өндрөөр тогтоосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дахь талд “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно” гэж дүгнэсэн атлаа сэтгэцэд учирсан хор уршигт 303.454.800 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, дээрх алдааг бүрэн зөвтгөж чадаагүй буюу зөвхөн “303.454.800” төгрөгийг “210.732.500” төгрөг болгон бууруулахдаа нотлох баримтын буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.2. Сэтгэцийн хор уршгийн хүрээнд: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг уншиж танилцуулахдаа болсон үйл явдлыг тодорхой уншиж, танилцуулсан тул надад нэмж хэлэх зүйл алга. Баримтаар ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй..." гэсэн байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй байхад шүүхээс санаачилгаараа сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хариуцагчаар мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт аливаа эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагч нь нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах болон мөн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан 7 төрлийн эрхийг эдлэхээр хуульчилжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар бидэнд холбогдуулж нэхэмжлэл гараагүй, нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах эрх олгогдоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй.

2.3. Иргэний хариуцагчийн хувийн байдлын хүрээнд: Манай эмнэлэг нь 1987 онд “Бүх ард түмний социалист уралдаан”-д I байр, 1988 онд “Бүх ард түмний социалист уралдаан”-д II байр, “Эхэд ээлтэй эмнэлэг”, “Ахмадад ээлтэй байгууллага”, “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллага, “Шилдэг татвар төлөгч” байгууллага, 2005, 2008, 2012, 2014, 2015 оны ажлаар Нийслэл, дүүргийн хэмжээнд I, II байр, 2009 онд НЭМГ-ын “Хүний төлөө” медаль, 2015 онд “Нийслэлийн Шилдэг тохижилттой байгууллага”, 2002, 2005, 2010, 2014 онд 4 удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар тус тус шагнагдсан иргэний хариуцагчийн хариуцвал зохих төлбөрийн үүрэгт нөлөөлнө гэж үзэж байна.

 Гурав. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: 3.1. Хуний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг шүүхүүд зөрчиж дүгнэсэн. Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” /цаашид “Аргачлал” гэх/-ыг баталсан.

Аргачлалын 1.3-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна" гэж, 3.1.1-т “нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох”, 3.1.2-т “хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах”, 3.1.3-т “хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх” гэсэн үндсэн зарчмыг баримтлахаар тус тус батлагдсан байна.

Мөн аргачлалын 3.4-т “Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хэмжээ буюу 100 хувь болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан" гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрчсөн.

Тодруулбал, тухайн гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 550.000 төгрөг бөгөөд үүнийг 150 дахин нэмэгдүүлсэн дүн нь 82.500.000 /550,000*150/ төгрөг байна. Өөрөөр хэлбэл, аргачлалд зааснаар тухайн сэтгэцэд учирсан хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэх дээд хязгаар нь 82.500.000 төгрөг байх шаардлагатай. Мөн тухайн дээд хязгаарыг нэмэгдүүлэхэд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээ /82.500.000 төгрөг/-г 2 дахин нэмэгдүүлж 165.000.000 төгрөг болгох хууль зүйн боломжтой атал анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хор уршгийн хэмжээг өндрөөр тогтоосон байдаг.

 Тухайн сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахад “хуульд хохирогчид ашигтайгаар шийдвэрлэх”-ээр хуульчилсан байхад “хохирогч талд буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчлагдаагүй болохыг шүүхүүд анхаараагүй байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж хуульчилсан.

Үүнийг аргачлалын дөрөв дэх хэсэгт нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал гэж баталсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А- нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол, төлбөр нэхэмжлээгүй, түүний “сэтгэцийн эмгэг”-ийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл /2,750,000 төгрөгөөс 7,144,500 төгрөг/-ээр эрх бүхий шинжээч дүгнэсэн байхад хор уршгийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

3.2. Иргэний хариуцагчаар ...-г оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” 15 дугаар тогтоолын 1.1-т “... Мөн хэсэгт заасан “эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ” гэж тайлбарласан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилжээ.

Гэвч ... хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдэд хамаарахгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу энэхүү гомдлын 1.1 болон 1.2-т зааснаар хуульд өөрөөр заасан хуулийн этгээдэд хамаардаг.

Дөрөв. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд:

Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт амь хохирогчийн ойр дотнын хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хэмжээний дотор нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоохоор хуульчлагдсан боловч, ингэхдээ Иргэний хуульд заасан нөхөн төлбөрийн дүнг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн эсэх зэрэг шалгууруудыг харгалзан уян хатан тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нь түүний ар гэрт нь олгож буй нэг удаагийн шинжтэй сэтгэцийн хор уршгийн нөхөн төлж, арилгах агуулгатай учраас аливаа хэлбэрээр ашиг олгох зорилгогүй байх учиртай. Урьдчилан тогтоосон аргачлалын дагуу нөхөн төлбөр тогтоохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулан иргэний журмаар нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь хууль ёсны зарчимд нийцдэг.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр олгох тухай Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтад мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг иш татан хэрэглэхээр заагаагүй учраас иргэний эрх зүй дэх гэм хор, эрүүгийн эрх зүй дэх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахад гагцхүү хуульд заасан зохицуулалтыг нэг мөр хэрэглэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгохоор байна.

Хүн нас барсан гэмт хэргийн хохирогчид нэг удаагийн мөнгөн төлбөр олгохдоо гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс шалтгаалж, хуульд заасан дээд доод интервалд нийцүүлэн шийдвэрлээгүйд гомдолтой байна. Хууль хэрэглээний хувьд, хор уршиг, нөхөн төлбөр хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Өөр шалтгаанаас болж сэтгэцэд нь хор уршиг учирсан асуудлыг энэ хуулиар шийдвэрлэхгүй ба нөхөн төлбөр нь төлөгдөхүйц байх ёстой.

Гэм хорын нөхөн төлбөрийг мөнгөөр төлүүлж байгаа шалгаан нь учруулсан гэм хорыг арилгах буюу эмчилгээний зардлыг төлүүлэх зорилготой учраас нөхөн төлбөр нь төлөгдөхүйц бөгөөд хүрэлцэхүйц байх ёстой. Түүнээс биш ашиг олох зорилгоор нөхөн төлбөр авах нь сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах хуулийн үзэл баримтлал, зохицуулалтын мөн чанарт нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/905 дугаартай магадлалд иргэний хариуцагч ...-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч ... өмгөөлөгч У.Азжаргал хэлсэн тайлбартаа “... иргэний хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж, хяналтын шатны шүүх хуралдаанд нэмэлт тайлбар хэлэх хүсэлттэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч өөрийн гэм буруутайд үйлдлээс болж бусдад учруулсан хохирлыг төр хариуцахаар заасан буюу Улсын дээд шүүхийн 2006 оны 45 дугаар тогтоолоор “хуульд өөрөөр заагаагүй, үүнээс өөр нарийвчилсан зохицуулалт байгаа бол” гэж ойлгохоор тайлбарласан. Анхан болон давж заалдах шатны шүүх ... нь өөрөө төрийн өмчид хуулийн этгээд учраас Төсвийн тухай хууль, Төрийн хяналтын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрөөр заасан зохицуулалтыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг зөрүүтэй буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, ... нь Орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ийм учраас Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч тухайн хуулиудыг дагаж мөрдөх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тус тус зааснаар Улсын төсвөөс олгосон хөрөнгийн Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулж, тайлагнах, үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах эрх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 10-т зааснаар Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, хандив тусламж, түүнтэй адилтгах зарлага гаргахыг хориглосон. Төрийн хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2.6-д үндсэн чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой, хандив тусламжийн шинжтэй зарлага санхүүжүүлэлт гаргахгүй байх зарчмын хүрээнд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т хуулиар зөвшөөрөөгүй бусад санхүүжүүлэлтийг хориглосон. Түүнчлэн Төрийн хяналтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, дэмжлэг олгохыг мөн адил хориглосон. Иймээс ...т Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар ямар хэмжээний дэмжлэг тусламж, нөхөн төлбөр олгохыг заасан бэ гэвэл мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч байгууллагын ажилтны буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан бөгөөд учирсан хохирол буюу бодитоор гаргасан зардал, эмчилгээний, эсхүл оршуулгын зардлыг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага хариуцахыг зөвшөөрсөн. Тодруулбал, сэтгэцэд учирсан хор уршгийг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага хариуцахыг хуулиар зөвшөөрөөгүй. Нөгөөтээгүүр, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “сэтгэцэд учруулсан хор уршгийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж нарийвчлан зохицуулсан. Төрийн хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “санхүүгийн сахилга бат түүнтэй холбоотой харилцаанд энэ хуулийг баримтлах бөгөөд бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг илүү, давуу хүчинтэйд үзэж хэрэглэнэ” гэж хуульчилсан. Дээр дурдсан хуулиудаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох ...-т сэтгэцийн хор уршгийг арилгах, үүнийг ажилтны өмнөөс гаргаж өгөх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд үүнийг зөвшөөрөөгүй учраас хуульд өөрөөр заасан нөхцөлд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Ингэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуульд өөрөөр заасан нөхцөлийг үгүйсгээгүй байж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан хувийн эрх зүй, хуулийн этгээд ажилтны өмнөөс ажил олгогч хариуцлага хүлээлгэх зохицуулалтай адилтган хэрэглэснийг буруу гэж үзэж байна. Учир нь, төрийн үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр хариуцах зохицуулалтын зорилго болон үзэл баримтлалын хувьд өөр юм. Хувийн эрх зүй, хуулийн этгээд ажилтны өмнөөс хариуцлага хүлээхдээ өөрийн хөрөнгөөс хариуцлага хүлээж байгаа бол төр хуульд өөрөөр заагаагүй бол хариуцлага хүлээлгэх үндэслэл нь даатгуулагч буюу татвар төлөгч төсвийн мөнгөнөөс гаргах гэж байгаа учраас хуульд өөрөөр заасан буюу тухайн хохирлыг хариуцахгүй байх үндэслэл тусгагдсан байх шаардлагатай. 2022 онд Шүүх шинжилгээний тухай хуулийг даган Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т нэмэлт өөрчлөлтүүд орохдоо сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах, түүний шаардах эрхийг хэн хариуцах, ямар хэмжээтэй байх талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгахдаа мөнгөн хэлбэрээр арилгана, тухайн мөнгөн хэлбэрийг хариуцах субъект нь гэм хор учруулсан этгээд буюу шүүгдэгч байна гэж заасан. Хэрэгт авагдсан баримт болон хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А- нь шинжээчийн дүгнэлтийн дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх хүсэлтээ илэрхийлж, оршуулгын зардлыг төлөгдсөн, баримтаар ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй болохоо илэрхийлсэн. Иймээс дээрх дурдсанаас дүгнэж үзвэл шүүх хуулийг хэрэглэхдээ нарийвчилсан зохицуулалт нь ерөнхий хэм хэмжээнээс эхэнд хэрэглэгдэх, шинээр баталсан хэм хэмжээ өмнө нь үйлчилж байсан хэмжээнээс давуу хүчинтэй үйлчлэх, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан хуульд өөрөөр заасан нөхцөлд хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарт дурдсан Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрөө заасан нөхцөлийг харгалзан сэтгэцийн хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж, ...-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Хуульд зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь батлагдсан төсвийн ангиллын хүрээнд зохих журмын дагуу тодорхой зардлуудыг зарлагдах эрхтэй. Сэтгэцийн хор уршиг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу заавал шинжилгээний байгууллага буюу шинжээч тогтоосон байх шаардлагатай. Сэтгэцийн хор уршиг арилгуулах хуулийн зорилго нь тэр хүнд сэтгэцийн хор уршиг учирсан байхаар заасан бөгөөд хэрэв учраагүй бол арилгахгүй. Учирсан хохирлыг нь нөхөн төлөх, түүнд зохих нөхөн төлбөрийг гаргуулах зорилготой. Шинжээчийн дүгнэлтээр хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон учраас Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасан аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож, хамгийн дээд хэмжээ нь тухайн үеийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр үржүүлж тооцвол 2 дугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн доод хэмжээ нь 2,750,000 төгрөг, дээд хэмжээ нь 7,144,500 төгрөг болохоор байхад шинжээчийн дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд тодорхой үндэслэлийг зааж үгүйсгээгүй атлаа хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Нөхөн төлбөрийн хэмжээг шударга үндэслэл бүхий тогтоох, тухайн аргачлалд заасан 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1-3-т тус тус заасан зарчмыг баримтлан хохирлын нөхөн төлбөр, хор уршиг нь төлбөрийн тэнцвэртэй байдал болон ашиг бий болгохгүй байх ёстой гэсэн зарчимд заасныг үндэслэх шаардлагатай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд заасны дагуу тухайн сэтгэцийн хор уршгийн зорилгын дагуу учирсан хор уршигт нь тохирсон нөхөн төлбөрийг гаргуулах ёстой байхад үүнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд ..-ээс сэтгэцийн хор уршгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хор уршгийг буруу тооцоолсон байгааг хяналтын шатны шүүхээс залруулж, ...т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч ... өмгөөлөгч С.Пүрэвсүрэн хэлсэн тайлбартаа “... иргэний хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол болон өмгөөлөгч Ч.Азжаргалын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Аливаа гэм хор учирсан нөхцөл байдлыг, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзах болон гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзах шаардлага байдаг. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бүрэлдэхүүний тухайд санаатай, хор уршигт болгоомжгүй хандсан нөхцөл байдлыг илэрхийлдэг. Гэтэл шүүгдэгч Д.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн тариаг санаатайгаар хийсэн үү, эсхүл хайхрамжгүй хандсанаас болсон уу гэдэг нөхцөл байдлыг талаар тайлбар хийж өгнө үү гэж хүсэж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.Н- нь ...-т ...аар ажиллаж байхдаа тус сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байсан ... сар ... хоногтой А.О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу ...ийн стандартад заасан тарилга хийхэд баримтлах аюулгүй үйл ажиллагааг баримтлаагүй хохирогчид хийсэн тарианы улмаас эмийн бодисын шалтгаант харшлын шокоор нас барсан болох нь нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгч Д.Н-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ эсхүл зохих ёсоор биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл нь эмч, эмнэлгийн ажилтан буюу эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн эс үйлдэхүйн шинжийг хангасан байх бөгөөд үүний улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх сэтгэцийн хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргадаг. Шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас эдийн бус гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “энэ хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан байна. Гэтэл энэ хэргийн шүүгдэгч Д.Н- нь ..-д  ажилладаг бөгөөд хэрэг гарах үед ажил үүргээ гүйцэтгэж явсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцах үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд тухайн иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул тухайн байгууллагын эрхийн асуудал байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заалт нь шууд тогтоосон хэм хэмжээ байна. Гэтэл энэ хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэл гэж тогтоосон байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар хувьчилж тооцохоор тогтоосон. Үүний дагуу энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэл гэж шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан тул аргачлалын дагуу тооцож, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нөхцөл байдал үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Д.Н-т холбогдох хэргийг иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

... хүүхдийн тасагт ... ажилтай Д.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэхээн амьдруулах тасгийн ...ийн ажлыг түр орлон гүйцэтгэж байхдаа тус тасагт эмчлүүлж байсан ... сар ... хоногтой нялх хүүхэд А.О-д ээлжит 18 цагийн тариаг хийхдээ “... тарих эмийн бодисоо зааврын дагуу 3 удаа уншиж шалгах” зааврыг зөрчиж, шүүгээнд байсан ойролцоо нэршил, савалгаатай тарианы нэрийг шалгалгүй өөр тариа тарьсаны улмаас тэрээр 1 цагийн дараа эмийн бодисын амь насанд аюултай харшлын шалтгаанаар нас барсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж хэргийн бодит байдлыг сэргээн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Эмнэлгийн мэргэжилтэн ... Д.Н-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хайнга хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас нялх хүүхдийн амь нас хохирсон нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч эхийн “... би өөрөө эх хүн учраас хүүхдийг эхээс нь салгамааргүй байна” гэсэн хүсэлтийг харгалзан шүүгдэгчид чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулсан нь хүүхэд асрах чөлөөтэй гэх шүүгдэгчийн хувийн байдалд тохирсоноос гадна Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин анхан шатны шүүх “... эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд” гэсэн хуулиар тогтоогоогүй үндэслэлээр зорчих эрхийг нь хязгаарласнаас гадна сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ гэмт хэрэг үйлдэх үеийнх бус хэрэг хянан шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сонгож буруу хэрэглэсэн байсныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгох, өөрчлөх байдлаар зөвтгөж зассан боловч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчиж болохгүй хил хязгаарыг хуулийн зорилгод үл нийцэх байдлаар буюу аймгийн хилээр тогтоосон нь хуулийн буруу хэрэглээ учир залруулалгүй орхисон нь эрүүгийн харилцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх” зорилтыг хангахгүй байна.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх эдийн бус гэм хорыг мөнгөөр арилгуулах шаардах эрхийг баталгаажуулахдаа гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн хариуцвал зохих гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

 

Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шууд ба шууд бус хохирол гэж шинж чанар, үр дагаврыг харгалзан ялгамжтай авч үздэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт болно.

 

Иргэний хуульд заасан дагуу ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээнэ гэж заасан боловч иргэний эрх зүй дэх гэм хор гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн хохирол, хор уршиг гэх ухагдахуунаар илэрхийлэгдэх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан шууд буюу бодит хохирлыг тэргүүн ээлжинд төлөх үүргийг ажил олгогчид хариуцуулах нь зүйтэй боловч түүний үр дагавар шууд бус хохирол болох хор уршгийг ажил олгогчоор арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд эдийн бус гэм хорыг арилгах тухай мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж ямар нэгэн салаа утгагүйгээр тодорхой хуульчилсан тул гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний хариуцагч, ...-ээс бус гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчээс гаргуулах өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахдаа нөхөн төлбөр тооцох хэмжээг дараах байдлаар тогтоох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

 

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаас гадна таамаглалд бус гагцхүү тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан арга ашиглаж цуглуулсан баримт сэлт, нотолгоонд үндэслэсэн байх ёстой.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх төрөөд дөнгөж ... сар ... хоноод нас барсан нялх хүүхдийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан монгол эмэгтэй хүний дундаж наслалт болох 76.85 жилийг суурь болгож, түүнээс зөрүүг хасч 76.63 жил наслах боломжтой байсан мэтээр таамаглалд тулгуурласан тооцооллоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг тогтоосон нь бодит байдлыг тогтоох эрүүгийн эрх зүйн нотолгооны зарчимтай харшилсан хууль хэрэглээний буруу жишиг гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хөгшин, залуу, хүүхэд хэн ч бай хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг статистик таамаглалд үндэслэж тогтоосон насаар бус гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82.500.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч Д.Н-аар нөхөн төлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, “... оршуулгын зардалд 5.5 сая төгрөг төлсөн. Хуулийг буруу тайлбарлаж хуулийн үзэл баримтлал, зохицуулалтын мөн чанарт нийцэхгүй шийдвэр гаргаж төлбөр ноогдуулсан тул ...-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр “... амь хохирогч А.О-ын хууль ёсны төлөөлөгч И.А-гийн сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон гэмт хэргээс шалтгаалж уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл” /хавтас 3, 129-131 дэх тал/-д хамааруулжээ.

 

Гэтэл гэмт хэргийн улмаас ... сартай охин нь нас барснаас болж эх И.А- сэтгэцийн гүн хямралд орж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны 11 дүгээр сарын 04-нөөс 20-ныг хүртэл 16 хоног хэвтэж эмчлүүлсэн /хавтас 1, 232-250 дахь тал/ баримт хэрэгт авагдсан учир хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нь хуульд нийцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 905 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “... Д.Н-т Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож ...” гэснийг “... Д.Н-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай” гэж,

 

1.2. “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ...-ээс 210.732.500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгож …” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н-аас 82.500.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, иргэний хариуцагч, ... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                              Ц.ОЧ

 

                                                              М.ПҮРЭВСҮРЭН                    

 

                                                                              Ч.ХОСБАЯР

 

                                                                                          Б.ЦОГТ