Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 799

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч О.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-д холбогдох эрүүгийн 1809015620582 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Дэмбэрэл овгийн Агийн Со.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.С нь Моннис моторс” ХХК-д нягтлан бодогч, бүртгэлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт  байрлах 16 дугаар байрны 46 тоот гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаараа нэмэгдсэн өртгийн албан татварын ebarimt цахим төлбөрийн системд “Моннис моторс” ХХК-ийн нэвтрэх эрхийг ашиглан 17 ширхэг хуурамч худалдан авалтын мэдээллийг шивэх замаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хууль бусаар авч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 5,638.672 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ:

“...Би анх 2010 онд сургууль төгсөөд энэ газарт ажилд орж байсан. 2014 оны 8 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2015 оны 11 р сард ажилдаа орсон. 2016 оны 2 дугаар сараас ебаримт цахим бүртгэлд шилжсэн. 2 дахь жирэмсний амралтаа аваад буцаад ажилдаа орохдоо бүртгэлийн ажилтнаар ажилд орсон. Засварт орж байгаа машинуудыг бүртгэдэг байсан. Кассын хүн ажил  амжихгүй байна гээд би тусалдаг байсан. 2017 оны 6 дугаар сард жирэмсний амралтаа авсан. Манай нөхөр ШУТИС-д суралцдаг байсан. Аав маань өвдөөд өр ширтэй байсан. Хүнд байдалд байсан болохоор энэ үйлдлийг хийсэн. Тухайн үед компаниас дуудаад уулз гэсэн. Захирал болон ерөнхий нягтлан хоёртой уулзсан. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлсөн байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.С-ын өгсөн:

“...Би 2010 оны 07 дугаар сараас эхлэн “Моннис моторс” ХХК-нд автосэлбэгийн нягтлан бодогчийн албан тушаалд ажилд орсон. Уг албан тушаалд ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар жирэмсний амралтаа авсан. Тэгээд 2015 оны 11 сард эргэн ажилдаа ороход намайг нягтлан бодогч хийлгээгүй бүртгэлийн ажилтан хийлгэсэн. Дахин 2017 оны 03 сараас хойш жирэмсний амралтаа авсан одоогоор ажлаа хийгээгүй. Надад гаргасан гомдлын талаар бол үнэн. Би буруутай үйлдэл хийсэн. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас  надруу залгаад ирж уулз гэсэн би маргааш нь 15-ны өдөр очиж уулзахад намайг  328 сая төгрөгийн борлуулалтын 18 ширхэг баримт хэвлэн өөртөө ашиглан татварт бүртгүүлсэн гэж хэлсэн. Уг хуурамч худалдан авалт нь 2017 оны 07 дугаар сараас эхэлсэн байна гэж надад хэлсэн. Миний бодлоор бол өөрийн мэдэж байгаагаар 2017 оны 10 сард анхны хуурамч шивэлтийг хийж бүртгүүлсэн хэдэн төгрөгийн дүнгээр шивэж бүртгүүлсэн санахгүй байна. Тэрнээс би 10 хавьцаа хуурамч шивэлтийг хийж татварын НӨАТ-ын сугалааг хэвлэн гаргасан. Түүнээсээ 5 ширхэгийг өөртөө, ээж Ут 1 ширхэгийг,  Э гэх дүүдээ 1 ширхэгийг, Ч гэх хадам эгчдээ 1 ширхэгийг өгч бүртгүүлсэн. Гэхдээ яг хэдэн төгрөгийн баримт хэвлэн  татварын санд бүртгүүлснээ санахгүй байна. Баатарын О гэх хүнээс бусдыг танина. Г-ын И нь миний нөхөр, Пүүжийн У миний ээж, Ан Э миний дүү, У миний эгч, Г-ын Ч манай хадам эгч. Би бүртгэлийн ажилтан хийдэг байхдаа компаний борлуулалт бүрт үйлчлүүлэгчид  үйлчилгээний баримтыг хэвлэн өгөхдөө Е-баримтыг нь хэвлэн өгдөг ажил хийдэг байсан. Би гар утсаараа кодыг нь хийж ороод тухайн баримтуудыг гарган авдаг байсан. Утсан дээр зургийг нь гаргаад бүртгүүлдэг байсан. Компанийн системд нэвтрэх ажиллаж байх хугацаандаа мэдсэн. Нэвтрэх нэр нь байгууллагын регистер нэвтрэх код нь 4 оронтой 1920 гэсэн тоо. Борлуулалтын дүнг өөрөө зохиогоод хийдэг байсан. Татварын буцаан авалтыг авах гэж энэ үйлдлийг хийсэн. 2017 оны буцаан авалтаар би 1,700.000 төгрөг, И 1,400.000 төгрөгийн буцаан авалт авсан. Гэхдээ бусад нь өөрсдийн хэрэглээний худалдан авалтуудын дүн бас нэмэгдсэн. Миний энэ үйлдлээр татварын ерөнхий газар хохирсон. Би илүү авсан татварын буцаан авалтаа эргүүлж төлөхөд бэлэн байна. Яг хэдэн төгрөг төлөхийг тооцож гаргавал төлнө. Татварын ерөнхий газрын даргын нэг тушаал байдаг. Түүний дагуу аж ахуйн нэгж нь дараа жилдээ тайландаа засвар оруулах эрхтэй гэж байдаг. Түүний дагуу “Моннис моторс” ХХК нь тайландаа засвар оруулчихвал нэг их хохирол учраад байхгүй. Хэрэв тайландаа засвар оруулахгүй бол татвар төлөх асуудал үүсэх байх гэж бодож байна. “Моннис моторс” ХХК-ний нягтлан бодогч Өнөржаргал нь надтай уулзахдаа тайландаа засвар оруулна гэж хэлсэн. Тэгэхээр “Моннис моторс” ХХК –нд ямар нэгэн хохирол учраагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 18-19, 31/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Д-ийн өгсөн:

“...Би уг хэрэгт Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсийн албан бичгийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно. А. Со нь Татварын ерөнхий газраас  ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/2437 дугаарт албан бичгийн хавсралтанд дурьдсан мөнгөн дүнгээр хууль бусаар татварын буцаалтыг авч төрд хохирол учруулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд шинэчлэгдэж батлагдахдаа эцсийн хэрэглэгчийн төлсөн татварын 2 хувийг буцааж олгохоор хуульчлагдсан. Гэтэл А.С худалдан авалт хийгээгүй байж Моннис моторс компанийн нэр дээр хуурамч худалдан авалт шивж, уг худалдан авалтыг хийсэн мэтээр татварын нэгдсэн системд шивж оруулан хууль бусаар татварын буцаан олголтыг авсан байна. Уг хохирлыг төлж барагдуулахыг А.Сос нэхэмжилж байна. Хохирол учирсан эсэхийг бол би одоогоор тогтоох боломжгүй, татварын нэгдсэн системд А.С худал мэдээ явуулснаар Моннис моторс компани нь бараа борлуулснаар татварын системд бүртгэгдэнэ. Энэ нь Моннис моторс компаний тайланд бүртгэгдэж тусгагдаж явах ёстой. Компанийн тайланд уг худалдан авалтыг тусгаагүй болвол компани татвараас зайлсхийсэн зөрчил болж, татварын хэлтэсээс хариуцлага тооцно...”гэх мэдүүлэг /хх-н 99/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Иын өгсөн:

“...Ан Со нь миний гэр бүлийн хүн, эхнэр минь байгаа юм. Бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа гэр бүлийн баталгаатай 2 хүүхэдтэй. Би Моннис моторс ХХК-иас ямар нэгэн худалдан авалт хийгээгүй. Татварын буцаан авалтын мөнгө орж ирэхэд надад хэлсэн. Хуурамчаар компанийхаа е-баримтыг бүртгүүлсэн гэж надад хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Би тэр үед яаж байгаа юм бэ болохгүй гэж хэлсэн. Эхнэрийнхээ буруутай үйлдлийн улмаас авсан буцаан авалтын мөнгийг татварт төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Э өгсөн:

“...Ан Со бол манай төрсөн эгч, 2017 оны 10 дугаар сард байхаа сайн санахгүй байна. Манай эгч А.С манай байрны 3 давхарт нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг. Би А.С эгчийн хүүхдүүдийг хардаг. Нэг өдөр эгч манай гэрт ороод ирчихсэн байсан. Тэгснээ надад НӨАТ-ын баримт байгаа чи өөрийнхөө НӨАТ-д санд тэр баримтыг уншуулахуу гэж асуусан тэгэхээр нь би тэгье гээд эгчийн өгсөн кодыг нь үнийн дүнтэй өөрийнхөө гар утсаар НӨАТ-д шивдэг эрхээрээ ороод шивсэн. Би тухайн үед 1 л удаа 10,800.000 төгрөгийн баримтыг татварын санд шивж оруулсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 цаг 50 минутад 19,900.000 төгрөгийн худалдан авалт хийгээгүй, би гар утсан дээрээ кодоо сануулчихсан байдаг. Манай эгч миний гар утсаар шивсэн байх. Би уг баримтыг хуурамч гэдгийг мэдээгүй. Тухайн үедээ нэг их юм бодолгүйгээр шивж оруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А. У-ын өгсөн:

“...Ан Со бол манай төрсөн дүү. Манай дүү 2018 оны 01дүгээр сарын 31-ний өдөр миний гар утсыг нууцаар ашиглаад нэг НӨАТ-ын баримт шивчихсэн байсан тэгээд тэр баримтыг харсан чинь НӨАТ-ын сайт руу нэвтэрдэг эрхээр буюу миний НӨАТ-ын буцаалтаа авдаг эрхээр 19,900.000 төгрөгийн баримт шивсэн байсан. Тэгээд би дараа нь түүнээс асуусан чинь өөрийнхөө компанийхаа нягтлан бодогчийн эрхээр ороод худалдан авалт шивчихсэн юм гэж хэлсэн. Одоо тэр шивсэн баримтын буцаан олголт нь ороогүй байгаа, дараа жилийн эхээр бодогдож орно байх. Би 19,900.000 төгрөгийн худалдан авалт хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Уийн өгсөн:

“...Ан Со нь миний төрсөн охин, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 52 минутад 15,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж татварын нэгдсэн санд шивж оруулаагүй. Би урьд нь татварын нэгдсэн санд баримт шивж оруулж байгаагүй. Би тийм эрх нээгээгүй. Нэг ч удаа буцаан олголт хийж байгаагүй, би бага охин А.Эаар болон А.С, А.У охидуудаараа л худалдан авалт хийсэн баримтуудаа татварын санд шивж оруулуулдаг юм. Тэгээд миний нэрээр өндөр дүнтэй баримт шивсэн байна гэдгийг мэдээд А.Сос асуухад манай охин А. Со шивж оруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Чын өгсөн:

“...Ан Со нь манай бэр НӨАТ-ын баримт авах уу гэхээр би тэгье гээд аваад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 05 минутад 19,500.000 төгрөгийн баримтыг татварын нэгдсэн санд шивж оруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 28/,

 

- хохирогчийн 5,638,672.72 төгрөгийг төлж барагдуулсан мемориалын ордер /хх-н 218/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-н 22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.С нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт  байрлах 16 дугаар байрны 46 тоот гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаараа нэмэгдсэн өртгийн албан татварын ebarimt цахим төлбөрийн системд “Моннис моторс” ХХК-ийн нэвтрэх эрхийг ашиглан 17 ширхэг хуурамч худалдан авалтын мэдээллийг шивэх замаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хууль бусаар авч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 5,638.672 төгрөгийн хохирлыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах замаар гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.С “...Миний бодлоор бол өөрийн мэдэж байгаагаар 2017 оны 10 сард анхны хуурамч шивэлтийг хийж бүртгүүлсэн хэдэн төгрөгийн дүнгээр шивэж бүртгүүлсэн санахгүй байна. Тэрнээс би 10 хавьцаа хуурамч шивэлтийг хийж татварын НӨАТ-ын сугалааг хэвлэн гаргасан. Түүнээсээ 5 ширхэгийг өөртөө, ээж Ут 1 ширхэгийг,  Э гэх дүүдээ 1 ширхэгийг, Ч гэх хадам эгчдээ 1 ширхэгийг өгч бүртгүүлсэн.....” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Д- “...А.С худалдан авалт хийгээгүй байж Моннис моторс компанийн нэр дээр хуурамч худалдан авалт шивж, уг худалдан авалтыг хийсэн мэтээр татварын нэгдсэн системд шивж оруулан хууль бусаар татварын буцаан олголтыг авсан байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.И “...Ан Со нь миний гэр бүлийн хүн, эхнэр минь байгаа юм. Бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа гэр бүлийн баталгаатай 2 хүүхэдтэй. Хуурамчаар компанийхаа е-баримтыг бүртгүүлсэн гэж надад хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Би тэр үед яаж байгаа юм бэ болохгүй гэж хэлсэн. Эхнэрийнхээ буруутай үйлдлийн буцаан авалтын мөнгийг татварт төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Э “...Ан Со бол манай төрсөн эгч, надад НӨАТ-ын баримт байгаа чи өөрийнхөө НӨАТ-д санд тэр баримтыг уншуулахуу гэж асуусан тэгэхээр нь би тэгье гээд эгчийн өгсөн кодыг нь үнийн дүнтэй өөрийнхөө гар утсаар НӨАТ-д шивдэг эрхээрээ ороод шивсэн....” гэх мэдүүлэг,

 

гэрч А.У Ан Со бол манай төрсөн дүү. Манай дүү 2018 оны 01дүгээр сарын 31-ний өдөр миний гар утсыг нууцаар ашиглаад нэг НӨАТ-ын баримт шивчихсэн байсан...” гэх мэдүүлэг

 

гэрч П.У”... Ан Со нь миний төрсөн охин, миний нэрээр өндөр дүнтэй баримт шивсэн байна гэдгийг мэдээд А.Сос асуухад манай охин А. Со шивж оруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г. Ч “... Ан Со нь манай бэр НӨАТ-ын баримт авах уу гэхээр би тэгье гээд аваад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 05 минутад 19,500.000 төгрөгийн баримтыг татварын нэгдсэн санд шивж оруулсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Моннис моторс” ХХК-д нягтлан бодогч, бүртгэлийн ажилтнаар ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны байдлаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд шүүгдэгч А.С нь жирэмсний амралттай байсан, өөрөөр хэлэх юм бол албан үүргээ гүйцэтгэж байгаагүй тул Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх зүйлчилж шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар

  Хавтаст хэргийн 218 дугаар талд авагдсан баримтад үндэслэн шүүгдэгч А.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.С-ыг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Дэмбэрэл овогт Ан Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ