Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 823

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

  шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал, Г.Баттогтох,

  хохирогч С.Т, түүний өмгөөлөгч С.Сансартуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Дт холбогдох эрүүгийн 1905026810841 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___дугаарын регистртэй, С.Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны баруун талын автобусны буудлын орчим иргэн С.Тыг машинаас чирч буулгах үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ:

“...Өмнө мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Т мэдүүлэхдээ:

“...2019 оны 6 дугаар сарын 21-ны орой Рийч Импирал гэсэн компанийн таксийг дуудаж дуудлага өгсөн. Тэгээд таксиндаа суучихаад компанийхаа оффис байгаа газар хүргээд өг гэхэд таны дуудлага өгсөн газар байрлаж байгаа гэсэн тэгээд би энд байхгүй байгаа түрээсийн төлбөрөө өгөөгүйн улмаас хаалгыг нь лацдасан байгаа гэж хэлсэн. Гэтэл лац хөндөгдөөд хаалга онгойсон байсан. Захиралтай чинь холбогдох гэхээр утас нь холбогдохгүй байна гэж хэлэхэд би тэр газар чинь хүргэж өгөхгүй ээ намайг буу гэсэн би буухгүй гэсэн чинь тэгвэл намайг хаашаа ч хамаагүй аваад явлаа гээд явсан. Нарны гүүр нь дээр явж байхад би цагдаа дуудсан, тэгсэн Алтай хотхоны гадаа зогсоод чи цагдаа дууддаг хэн бэ гээд намайг буу гээд чирч буулгасан. Тэгээд би урдаас нь барьцалдаад авсан чинь миний толгойруу цохиж замын хажуу талын жалга руу авч шидэхээр нь би буцаад гүйгээд гараад ирсэн урд нь машин байсан болохоор явж амжаагүй байсан. Буцаад машинд нь ороод суусан чинь чи ямар шазруун хүүхэн бэ үхмээр байна уу гэж хэл амаар доромжилсон. Дараа нь намайг суусан газар минь хүргэж өгсөн тэгэхээр нь би ингэж цусаа гоожуулчихаад гэртээ орж чадахгүй гээд надад эм шархны лент энэ тэр аваад өг гээд өөрийнхөө картыг өгч явуулсан. Надад түрхдэг тос шархны лент авчирч өгөөд гэрт хүргэж өгсөн. Төлбөр хэд гарсан гэхэд мөнгө авахгүй гэхээр нь өөртөө байгаа бэлэн мөнгийг өгөөд буусан. Дараа нь найздаа хэлээд цуг Баянгол дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Дын өгсөн:

“...Намайг 2019 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 01:00 цагийн үед 0241УНК улсын дугаартай авто машинтай халтуур хийгээд явж байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Орос гуравдугаар сургуулийн хажууд байдаг Номуун хотхоны гадаа дуудлага өгсөн хүн байна гэх дуудлагыг авч Номуун хотхон руу явсан. Тэгээд Номуун хотхоны гадаа ирээд дуудлага өгсөн хүнийг дуудуулсан. Тэгээд удаагүй байтал одоо гомдол гаргаад байгаа эмэгтэй миний машинд дуудлага өгсөн хүн байна гээд суусан. Тэгээд тэр эмэгтэй надад дуудлага өгсөн такси компаний эздийг олж өг гээд байсан. Тэр үед би тэр эмэгтэйг дуудлагын такси компанийн байсан Номуун хотхоны урд байдаг Саррора төвийн гадаа хүргэж өгсөн. Тэгсэн чинь тэр эмэгтэй танай компани энд байхгүй байгаа гэж хэлээд машинаас буухгүй байсан. Тэгээд тэр эмэгтэйд би энд л байдаг байсан, би өөр юм мэдэхгүй байна, одоо машинаас буучих гэсэн чинь тэр эмэгтэй танай компани энд байхгүй байгаа, байгаа газрыг нь олж өг та нар муу сайн луйварчид гээд агсраад байсан. Тэгээд би тэр эмэгтэйг машинаас буучих гэсэн чинь тэр эмэгтэй машинаас “би буухгүй”  гэж хэлээд нэг хөлөөрөө машины сандал руу тулаад тамхи татаад суугаад байсан. Тэр үед би тэр эмэгтэйг машинаас буулгах гэж нэг удаа баруун гарнаас зууран татсан боловч тэр эмэгтэй хөлөөрөө машинд тулаад буугаагүй. Тэгээд би тэр эмэгтэйд би гэртээ харимаар байна энд хүрсэн мөнгөө өгөөд буучих гэсэн чинь, тэр эмэгтэй та нар муу сайн луйварчид байгаа газраа зааж өг гээд суугаад байхаар нь би “би тэгвэл гэртээ харьлаа шүү буучих” гэсэн чинь тэр эмэгтэй “хамаагүй” гээд машинаас буухгүй болохоор би машинаа асаагаад гэрлүүгээ буюу Алтай хотхон руу явсан. Тэгээд би нөгөө эмэгтэйн хамтаар машинтайгаа Нарны гүүрэн дээр явж байтал тэр эмэгтэй гар утсаараа таньдаг цагдаатайгаа ярьж байгаа бололтой “намайг нэг такси барьцаалчихлаа, чи энд хүрээд ирээч” гээд инээгээд яриад байсан. Тэгээд би нарны гүүр өнгөрөөд Алтай хотхоны хажуу талын автобусны буудал өнгөрөн машинаа зогсоогоод нөгөө эмэгтэйд хандан  “одоо би баруун эргээд гэрлүүгээ орлоо, машинаас буучих” гэсэн чинь тэр эмэгтэй “буухгүй, дарга цэрэг нараа олж өг, мөнгө олж өг” гээд машинаас буухгүй гээд байхаар нь би “та намайг яагаад хохироогоод байгаа юм бэ, би таныг хохироогоогүй биздээ, та намайг би таныг танихгүй биздээ” гэж хэлтэл, тэр эмэгтэй “хохьчино, би чамайг хохирооно” гээд байсан. Тэр үед би машинаасаа буун, машинаас буухгүй байсан эмэгтэйн талаар очиж хаалгыг нь онгойлгон машинаасаас татаад буулгасан. Тэгээд тэр эмэгтэйг машинаас буулгачихаад буцаад машинаа тойроод суух гэсэн чинь нөгөө эмэгтэй буцаад миний машинд суучихсан. Тэгээд би буцаад нөгөө эмэгтэйн хамтаар анх суусан болон надад дуудлага өгдөг такси компани байсан Саррора төвийн гадаа очиж тэр эмэгтэйг буулгаад гэрлүүгээ харьсан. Би тэр эмэгтэйг машинаас буучих гэхэд буухгүй болохоор нь хаалгаа онгойлгоод тэр эмэгтэйн баруун гарнаас нь татан буулгах гэхэд тэр эмэгтэй буухгүй гээд нилээн зууралдаж, ноцолдож байгаад буусан.

Миний унаж яваа машин бол банк бус санхүүгийн байгууллагаар авсан машин бөгөөд тэр дуудлага өгөөд байгаа газар бол зүгээр дуудлага өгч байгаа хүмүүсийн дуудлагыг тараадаг компани байгаа юм. Тэрнээс хохирогч эмэгтэйн яриад байгаа шиг такси бааз биш зөвхөн дуудлага хүлээн авч тараадаг компани байгаа юм. Би өөрөө хувиараа таксинд явдаг болохоор тэр компани дуудлага ирсэн даруй өгөөрэй гээд бүртгүүлсэн байсан. Би тэр компанийн байсан Саррора төв дээр очиж нэг удаа бүртгүүлээд явж байсан. Тэрнээс хойш тэр компанийн сард өгдөг хураамжийг нь банкаар шилжүүлээд явдаг болохоор очих шаардлага байхгүй. Би тэр эмэгтэйг машинаас татаад буулгасан чинь тэр эмэгтэй машинаас буухдаа газар хоёр өвдгөөрөө өвдөглөөд суусан. Тэр үед би эмэгтэйг хоёр гарнаас барьж татаж босгохдоо өөрөөсөө холдуулан хажуугаараа татан          холдуулаад машиндаа суух үед тэр эмэгтэй миний машинд буцаад суучихсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Тын өгсөн:

“...Манай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компаний обьектод түрээсээр байрлаж байсан Рийч Имприал нэртэй такси компани түрээсийн мөнгөө төлөхгүй болохоор манай компани тухайн такси компанийн байрлаж байсан оффиссыг лацадсан юм. Тэгээд тэр такси компаниас хүн ирэхгүй байж байснаа 2019 оны 6 дугаар сарын 22-ны орой би ажлаасаа гарч дэлгүүр орох гэтэл нөгөө лац тавьсан такси компаний байрлаж байсан өрөөний хаалга үүд нь онгорхой, манай компаниас тавьсан лац нь хөдөлсөн байсан. Тэр үед би нөгөө такси компаний Зууннаст /утас 99745276/ гэх хүн гэрээ байгуулсан боловч сүүлд өөр хүн хариуцаж байгаа гээд 99310680 гэсэн утасны дугаар өгсөн бөгөөд тэр дугаар луу залгасан чинь авахгүй байсан. Тэгээд би тэр такси компаний дуудлагын утас болох 11331212 гэсэн дугаарлуу залгатал захиалга авч байхаар нь би дуудлагын такси дуудсан. Тэгээд удаагүй байтал 91118654 гэсэн утасны дугаартай, улсын дугаар 0241 УНК гэсэн дугаартай машинтай жолооч залуу ирсэн. Тэгээд би тэр таксинд суугаад жолооч нь “хаа хүрэх үү” гэхээр нь би “танай компанийн оффис байгаа газар очъё” гэтэл тэр залуу манай компани энд байдаг  гээд хуучин манай оффисыг заагаад байсан. Тэр үед би “танайх эндээс гарчихсан, лац тавьсан байхад хөдөлгөсөн байна, танай оффис руу хүргээд өг” гэсэн чинь тэр залуу “чадахгүй” гэсэн. Тэр үед би “танай такси компаниар үйлчлүүлж байна, чи хүргэх газар минь хүргээд өг” гэсэн чинь тэр залуу “чи чадахгүй машинаасаа буу” гэхээр нь би “буухгүй” гэсэн боловч тэр залуу “чамайг би хаашаа ч хамаагүй аваад явлаа шүү” гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд тэр залуу Нарны гүүрэн дээр явж байхад нь би замын цагдаад дуудлага өгсөн чинь тэр таксины жолооч залуу Алтай хотхоны хажууд байдаг автобусны буудал орчим зогсоод “чи муу цагдаа дууддаг хэн бэ, машинаас буу” гэхээр нь би “буухгүй, чи намайг хүргэж өгөх газар минь хүргээд өг” гэсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд миний сууж байсан талаар ирэн хаалга онгойлгоод намайг машинаасаа чирж буулгасан. Тэгээд машинаасаа чирж буулгаж байхдаа миний толгой орчим нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний тэнцвэр жаахан алдагдсан чинь нөгөө таксины жолооч миний хоёр гарнаас барин авч өргөөд газар шидсэн. Тэр үед би газар унангуутаа босч ирээд нөгөө таксины жолоочийн машинд суусан. Тэгээд тэндээс бид хоёр шууд манай оффисруу явсан. Тэгээд манай оффисын гадаа ирээд байхад би таксины жолоочид бэлэн мөнгийн картаа өгөөд эмийн сан оруулсан. Тэр хооронд би машинаас буун таксины жолоочийн машины дугаарыг нь гар утсан дээрээ авсан. Тэгээд таксины жолооч эмийн сангаас гараад ирсэн хойно би машинаас бууж найзыгаа дуудан цагдаа дээр ирж өргөдөл өгсөн.

Намайг таксины жолооч чирж буулгахад миний хоёр гар болон баруун хөлийн шилбэ, өвдөг, зүүн хөлийн шилбэ, өвдөг, зүүн шанаа орчим газруудад зулгарсан, баруун ташааны ард хэсэг болон нуруу орчим хөхөрсөн байсан. Бас баруун зүүн гарны тохой орчим базсанаас үүдэлтэй хөхрөлт үүссэн байсан. Мөн тухайн үед би бүжгийн бэлтгэлийн пүүз өмсчихсөн явж байсан бөгөөд тэр залууд зодуулах үед миний пүүзний нэг талынх нь ул хагарсан байсан. Миний хувьд хэрэг болсон өдрийн маргааш нь би нөгөө такси компани руу залгаад болсон асуудлын талаар ярихад такси компанийн хүмүүс нь тоохгүй, миний өөдөөс “наад асуудал чинь бид нарт хамаагүй, тэр таксины жолоочтойгоо өөрөө учраа олохгүй юу” гээд тоохгүй байсан. Үнэндээ миний ийм байдалд орсон нь тэр такси компаниас болсон. Тэр такси компани болон таксины жолооч нарт хоёуланд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 7816 тоот: 

1. С.Т-н биед зүүн шанаа, баруун шуу, зүүн сарвуу, зүүн гуя, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.5.6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

 3.7. Дээрх гэмтлүүд нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны баруун талын автобусны буудлын орчим иргэн С.Тыг машинаас чирч буулгах үедээ биед зүүн шанаа, баруун шуу, зүүн сарвуу, зүүн гуя, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Дын “...Би тэр эмэгтэйг машинаас буучих гэхэд буухгүй болохоор нь хаалгаа онгойлгоод тэр эмэгтэйн баруун гарнаас нь татан буулгах гэхэд тэр эмэгтэй буухгүй гээд нилээн зууралдаж, ноцолдож байгаад буусан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Тын “...тэр залуу Нарны гүүрэн дээр явж байхад нь би замын цагдаад дуудлага өгсөн чинь тэр таксины жолооч залуу Алтай хотхоны хажууд байдаг автобусны буудал орчим зогсоод “чи муу цагдаа дууддаг хэн бэ, машинаас буу” гэхээр нь би “буухгүй, чи намайг хүргэж өгөх газар минь хүргээд өг” гэсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд миний сууж байсан талаар ирж хаалга онгойлгоод намайг машинаасаа чирж буулгасан. Тэгээд машинаасаа чирж буулгаж байхдаа миний толгой орчим нэг удаа гараараа цохисон. Тэр үед миний тэнцвэр жаахан алдагдсан чинь нөгөө таксины жолооч миний хоёр гарнаас барин авч өргөөд газар шидсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 7816 тоот:  дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч С.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсоноор 227.100 төгрөгийг шүүгдэгч С.Даас гаргуулж хохирогч С.Тд олгох шийдвэр гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх 5 минутын завсарлага авч дээрх хохирлыг нөхөн төлсөн гэсэн 1 хуудас баримтыг шүүхэд гаргасан тул шүүгдэгч С.Дыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Дт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 1 нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Т нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ