Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 805

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Бид холбогдох эрүүгийн 1905032960937 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермес” худалдааны төвийн орчим иргэн Э.Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хамрын ясны далд хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод нэг шүдний сулрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, эрүү, хүзүү, бүсэлхийд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өглөө ажил дээрээ 10 цагийн орчим ирсэн. Тухайн үед би ээлжийн амралтаа аваад орсон ба би хөдөөнөөс 2-3 литр Монгол архитай ирээд амралтын юм гээд ажлын хүмүүстээ задалсан. Уг архийг байгууллагын гадаа машинд борлуулагч Э, М, У бид дөрөв хамт миний машин дотор задлаад уг архийг Э, М, бид гурав хувааж уусан. Тэгтэл У Э хоёр архи ууж байхдаа түрүүлж болсон Ут яаж ажилладаг талаараа тодорхой хэлж өгч тусладаггүй гээд У Эрдэнболдод хэлээд маргалдсан. Тухайн үед У архи уугаагүй эрүүл миний машиныг бариад би эсрэг талд нь суугаад хойд суудал дээр Э, М хоёр сууж байсан. Э Утэй маргалдаж байхдаа хойноос миний малгайг авч шидээд хойноос 2-3 удаа нудараад мөр лүү цохихоор нь би машинаас буугаад Эын сууж байсан талын хаалгыг онгойлгож баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохиход Э буугаад ирэхээр нь баруун хөлөөрөө нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн. Тэгтэл У машинаас бууж ирээд бид хоёрыг боль гэж болиулаад машин бариад ажлын хашаа руу орсон. У машиныг агуулахын дэргэд тавьсан ба У ажилдаа яваад, Э машинаас бууж яваад би машин дотроо унтсан байсан. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг гэмтлийг би Эод нүүр лүү нь гараараа, хөлөөрөө цохиж учруулсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-ын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 19-ны өглөө 10 цагт би Б, М, У нартай хамт Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10-р хороолол 3-р эмнэлгийн замын урд автобусны буудлын урд хүнсний дэлгүүрээс 0,75 литрийн архи нэгийг аваад бид дөрөв Бийн машинд уусан. Эхлээд М, Б хоёр нутгаас юм ирсэн гээд намайг дуудаад нэрмэл архи 2 литрийг уусан. Дараа нь 0,75 литрийн архиа уусан. Б машины урд сууж байгаад архины хундага аваад өг гээд байсан тэгснээ намайг машинаас буугаад ир гэсэн. Б намайг машинаас буулгаад цохиод зодсон. Миний хамарнаас цус гараад байж байгаад бид ажлын хашаа руу орсон. Манай ажил Хермес төвийн хажууд байдаг болохоор ажлын хашаанд очоод Б бас намайг зодсон. Тэгээд машинаас нь буугаад зугтаад гэрлүүгээ явсан. Тэр оройдоо өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 9864 тоот: 

1. Э.Э-ын биед хамрын ясны далд хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод нэг шүдний сулрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, эрүү, хүзүү, бүсэлхийд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27/,

 

- хохирогчийн “...хохирлыг бүрэн барагдуулж авсан...” тухай хүсэлт /хх-н 62/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 33/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермес” худалдааны төвийн орчим иргэн Э.Э-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хамар ясны далд хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод нэг шүдний сулрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хамар, эрүү, хүзүү, бүсэлхийд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Бийн “...Э буугаад ирэхээр нь баруун хөлөөрөө нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг, 

хохирогч Э.Э-ын “...Б машины урд сууж байгаад архины хундага аваад өг гээд байсан тэгснээ намайг машинаас буугаад ир гэсэн. Б намайг машинаас буулгаад цохиод зодсон. Миний хамарнаас цус гараад байж байгаад бид ажлын хашаа руу орсон. Манай ажил Хермес төвийн хажууд байдаг болохоор ажлын хашаанд очоод Б бас намайг зодсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 9864 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэргийн 62 дугаар талд хохирогч “...хохирлыг бүрэн барагдуулж авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Бид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Н.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ