Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 806

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батсайхан,

  өсвөр насны шүүгдэгч Х.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.У-, өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Х.Хт холбогдох эрүүгийн 1805040170834 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Х.Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Х.Х нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс-2” худалдааны төвийн жимсний лангуун дээр байсан иргэн С.Д-гийн эзэмшлийн “Айфоне-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 346.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ:

“...Тэр өдөр ээжтэйгээ хөдөө явах гээд Барс-2 захаас жимс авсан. Жимсний дунд гар утас байхаар нь хүн мартаад явчихсан байх гээд авсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Х.Хын өгсөн:

“...Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ээж Ш.У-ийн хамт БГД-н 20-р хороонд “Барс-2” худалдааны төв дотроос хөдөө явах гээд жимсний лангуун дээрээс жимс авах гээд нэг жимсний лангуун дээр очиход нэг эгч байсан ба уг лангууны жимсэн дунд нэг утас байсан. Тэгэхээр нь би тэр утсыг хүн мартаад явчихсан юм болов уу гээд хүн харж байгаад авчихсан юм. Би тухайн үед тэр утсыг лангууны эгчийн утас гэдгийг мэдээгүй хүн мартаад явчихсан байх гэж бодсон. Тэгээд би маргааш нь хөдөө явчихсан юм. Би тухайн утсыг авчихаад ашиглаж байсан ба удалгүй намайг цагдаагаас дуудсан. Шаргал өнгийн IPHONE-6 содон тэмдэггүй гар утас байсан би тухайн үед гар утас хулгайлж байна гэж төсөөлөөгүй хүн барьж яваад үлдээсэн гэж бодоод жимсэн дунд байсан гар утсыг аваад явсан. Би одоо ээж Уранчимэг аав Хүдэр 2 дүү нарын хамт СХД-ийн 1-р хороо задгай 40-08 тоот хаяган дээр амьдарч байгаа 107-р сургуульд 10в ангид сурч байгаа...” гэх мэдүүлэг \хх-н 41-42\,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Д-гийн өгсөн:

“...2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг орчимд БГД-ийн 20-р хорооний нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төв дотор байдаг жимсний лангуун дээр ажлаа хийж байхдаа өөрийн эзэмшлийн IPHONE-6 загварын утсаа лангуун дээрээ тавьсан байсан  тэгээд ээж хүү хоёр бололтой 2 хүн үйлчлүүлээд явсны дараа би гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд утасруугаа залгахад 2-3 удаа дуудаад миний утас салсан. Тэгэхээр нь хяналтын камер харахад түрүүн үйлчлүүлсэн 2 хүний дараа миний утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдсан гар утас саарал ягаан өнгийн IPHONE-6 загварын содон тэмдгийг анзаараагүй 2018 оны 07-р сарын 19-ний өдөр Тэди төвөөс 370.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би утасныхаа имэйл кодыг [email protected] би утсаа алдсаны дараа буюу маргааш нь миний утасны  Id дээр олон зураг гарч ирсэн. Түүнээс нэг зургийг нь угаалгаж өгсөн энэ хүүхэд зургаа авахуулаад байгаа энэ хүүхдийг сэжиглэж байна. Бас бичлэг дээр энэ хүүхэд ээжтэйгээ хамт явж байсан. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-26/,

 

  • Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19/,
  • Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 20/,
  • Нас тоолсон тэмдэглэл /хх-н 21/,
  • Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 30-31/

 

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Х нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс-2” худалдааны төвийн жимсний лангуун дээр байсан иргэн С.Д-гийн эзэмшлийн “Айфоне-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 346.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч “...жимсний лангуун дээрээс жимс авах гээд нэг жимсний лангуун дээр очиход нэг эгч байсан ба уг лангууны жимсэн дунд нэг утас байсан. Тэгэхээр нь би тэр утсыг хүн мартаад явчихсан юм болов уу гээд хүн харж байгаад авчихсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Д-гийн “...“Барс-2” худалдааны төв дотор байдаг жимсний лангуун дээр ажлаа хийж байхдаа өөрийн эзэмшлийн IPHONE-6 загварын утсаа лангуун дээрээ тавьсан байсан. Тэгээд ээж хүү хоёр бололтой 2 хүн үйлчлүүлээд явсны дараа би гар утсаа хайгаад олоогүй. Тэгэхээр нь хяналтын камер харахад түрүүн үйлчлүүлсэн 2 хүний дараа миний утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Х.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Х.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч С.Д-д гэмт хэргийн улмаас 346.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 30-31 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Х.Хыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч өсвөр  насны шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд заасныг хэрэглэж 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан цаашид засарч хүмүүжих боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Хт 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Х.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Хт 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, өсвөр насны ялтан Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ялтан Х.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ