Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 810

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч О.Б

шүүгдэгч/хохирогч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Н нарт холбогдох эрүүгийн 1905032610950 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, О.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, С.Н.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-151в тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Нын биед халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Н нь 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-151в тоотод хадам эх Т.О-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Нын өгсөн:

“...Би хадам руу утсаар залгаад дугуй хагарсан гэхэд чамшиг хүүхэнтэй хүүхдээ суулгахгүй гэхээр нь би буцаж очсон. Тэгэхэд нөхөр унтаж байхаар нь бөөн хэрүүл болгочихоод унтлаа гээд зүүн гар хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхэд хадам ээж намайг цохиод түлхээд байхаар нь би зөрүүлээд түлхсэн. Тэгэхэд хойшоо унасан, Тэгээд босч ирэхдээ чи намайг зодлоо гэсэн харсан чинь зүүн чих нь нидрэгдээд цус болсон байсан. Тэгсэн чинь нөхөр босч ирээд намайг нүүрлүү цохиод, зүүн шанаа руу цохисон, унасан хойно толгойруу дээрээс цохиод өшиглөсөн тэгэхэд ээж нь намайг үснээс зулгаагаад чирээд байсан. Тэгэхэд том бэр нь орж ирээд болиулсан тэгээд би босч ирээд тэрүүгээр хэрүүл хийж муудалцсан. Тэгээд гараад цагдаа дуудах гэсэн цэнэг дуусчихаад нөхрийн утсанд сим картаа хийгээд залгасан чинь нөхөр ирээд намайг баруун гараараа хүзүү ороогоод боосон. Тийчигнээд унахад том бэр нь хадам ээжтэй ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Б-ийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө 00 цагийн үед өөрийн эхнэр Н зхнэрийн хамаатны дүү О, манай төрсөн ах Б, эхнэр нь С бид нар Таац-н караоекед орж дуулж сууж пиво ууцгаасан. Тэндээсээ шөнө 02 цагийн үед гараад БГД-н 22-р хороо Зүүн Нарангийн 15-151 в тоот гэрт ирж 1 шил 0,7 5 литрийн архи хувааж уусан. Тэгээд урд хашаанд байдаг манай найз Бадарчийн гэрт ороод манай ах Б, Бадарч, манай эхнэр 3 архи авах гэж гараад манай эхнэр машинаас мөнгө авч өгчихөөд буцаад ороод ирсэн. Тухайн үед эхнэрийн дүү Отэй мөнгө төгрөгийн асуудлаас болж бага зэрэг маргаан үүссэн байсан. Манай эхнэрийн дүү түүхий эд авдаг юм би тэгээд “цэг" гээд хэлснээс болж намайг доромжиллоо гээд маргаан үүссэн. Тэгээд эхнэр орж ирээд бид гурав Бадарчийн гэрээс хэрэлдэж гараад буцаад манай ахын хашаанд очоод О намайг 2,3 удаа толгой руу цохиод байхаар нь би хоолой руу нь түлхсэн. Тэгэхэд газраас төмөр аваад намайг толгойруу цохихоор нь тухайн үед манай эхнэр орж ирээд салгасан. Тэгээд эхнэрийн дүү О найзтайгаа яваад манай ээж Отгоо гарч ирээд манай эхнэрийг хөөгөөд уурлаад би эхнэртэйгээ маргалдаад манай эхнэр машинаа унаад явсан. Тэгээд би ээжийнд орж унтаж байхад эхнэр орж ирээд намайг өшиглөөд сэрээгээд пиавар сандал аваад 2,3 удаа бие рүү цохиод хэрүүл маргаан үүссэн. Тухайн үед би нилээд согтуу байсан доошоо толгойгоо бариад сууж байхад нэг мэдсэн ээжийн чихнээс нь цус гарсан байхаар нь би уурлаад эхнэрээ нүүр лүү нь 3 удаа алгадаад хөөгөөд гаргасан. Тэгээд гадаа орилоод байхаар нь би гадаа гараад дахиад алгадаад хашаанаас гараад явсан. Би тухайн үед согтуудаа эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Нын өгсөн:

“...Миний бие нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 00 цагийн орчим нөхрийн ах Б эхнэр нь С өөрийн нөхөр Б нартай пабд сууж 500 грамм пиво 3 ширхэг, 500 грамм архи нэгийг аваад хувааж уусан. Тэндээсээ гараад Таацын караоке руу орох гэж байхад хамаатны охин нэг найзтайгаа ирсэн байсан тэрүүгээрээ жолоогоо бариулсан байсан. 03 цагийн үед караокед манай нөхөр агсам тавиад л байсан урд шөнөжингөө уусан байсан тэндээс хааж байна гээд байсан болохоор гялс тооцоогоо хийчихээд гараад хорооллоор баар хайгаад олдохгүй болохоор таацын караокегоос таньдаг гээд барменаас архи пиво аваад дээшээ гэрлүүгээ өгсөөд ахынд нь очсон орж суугаад л архи пивоо уусан. Ах нь тасарсан байгаа шүү битгий мууд гэж хэлсэн. Тэгээд сууж байхад нөхрийн том ах нь Бадарч гээд нөхрийн найзыг нь дуудсан, тэр хооронд хадам ээж ирээд уурлаад хүүхдүүд чинь уйлаад шөнөжин юм боллоо гээд утсаа доошоо шалруу шидээд буцаагаад авахад дэлгэц нь хагарсан байсан. Тэгэхэд дэлгэц нь хагарсныг том ах Б нь хараад өөрийнхөө утсыг ээжрүүгээ шидсэн чинь ээж буцаагаад энэ хогоор чинь яадаг юм гээд буцаагаад шидсэн. Тэгээд нөхөр бид 2-ыг чирээд гэрлүүгээ орсон тэгсэн нөхөр буцаад ахынх руугаа орсон тэгээд би хүүхдээ тэврээд хамаатныхаа охиныг авах гээд орсон чинь нөхөр хамаатны охинтой муудалцаад мөнгө архи яриад байсан. Тэгснээ гаръя гээд найз Бадарчийнх руу бөөнөөрөө ороод нөхөр надаас 100,000 төгрөг нэхээд шилжүүл гэхээр нь тэгье гээд юун мөнгө юм гэхэд нөхөр хамаатны охинтой урьд нь уухад хамаатны охин тооцоог нь дааж байсан тэрний хариу болгож нөхөр архи авна гэж мөнгө нэхсэн. Тэгээд тэр 2-т би гадаа машинд мөнгө байгаа гээд машинаас 30,000 төгрөг авч өгөөд архинд явуулсан. Тэр хооронд нөхөр хамаатны охинтой ам мурийсаар байгаад муудалцаж зодолдсон ингэхдээ нөхөр боож унагачихаад гараад явахад нь хамаатны охин араас нь хөөгөөд төмөр бариад төмрөөр цохисон, тэгсэн чинь хадам ээж хамаатны охиныг чи дандаа ирэхээрээ ингэдэг гээд алгадсан ингэхэд нь том ахын хүүхэд нь Мөнх-Эрдэнэ лоом бариад хамаатны охин руу дайрсан, тэгэхэд нь хамаатны охин лоомыг нь авах гээд Мөнх-Эрдэнийг хөөхөд том ах харчихаад хүүхэд рүү дайрлаа хүүхэд зодох гэлээ гээд хамаатны охин руу дайраад байсан.

Тэгээд бөөн хэрүүл зодоон болсон. Хамаатны охиныг яв битгий ингэ гээд хэлэхэд яваад өгсөн би ч 2 хүүхдээ аваад бас хамаатны охины араас явсан. Араас нь явж байтал дугуй хагарсан явж чадахаа больчихлоо гэхэд хамаатны охин хамаагүй ээ явъя одоо буцаж очих гээ юу гэхээр нь би явахгүй дугуй хагарсан гэхэд, өөдөөс уурлаад гэрлүүгээ харьсан. Би хадам руу утсаар залгаад дугуй хагарсан гэхэд чамшиг хүүхэнтэй хүүхдээ суулгахгүй гэхээр нь би буцаж очсон. Тэгэхэд нөхөр унтаж байхаар нь бөөн хэрүүл болгочихоод унтлаа гээд зүүн гар хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхэд хадам ээж намайг цохиод түлхээд байхаар нь би зөрүүлээд түлхсэн. Тэгэхэд хойшоо унасан, Тэгээд босч ирэхдээ чи намайг зодлоо гэсэн харсан чинь зүүн чих нь нидрэгдээд цус болсон байсан. Тэгсэн чинь нөхөр босч ирээд намайг нүүрлүү цохиод, зүүн шанаа руу цохисон, унасан хойно толгойруу дээрээс цохиод өшиглөсөн тэгэхэд ээж нь намайг үснээс зулгаагаад чирээд байсан. Тэгэхэд том бэр нь орж ирээд болиулсан тэгээд би босч ирээд тэрүүгээр хэрүүл хийж муудалцсан. Тэгээд гараад цагдаа дуудах гэсэн цэнэг дуусчихаад нөхрийн утсанд сим картаа хийгээд залгасан чинь нөхөр ирээд намайг баруун гараараа хүзүү ороогоод боосон. Тийчигнээд унахад том бэр нь хадам ээжтэй ирж салгасан. Тэгээд би үеэл ах эгч рүүгээ залгасан...” гэх мэдүүлэг /хх-н 11-13, 19-21/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.О-гийн өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 26-нд орой БГД-н 22-р хороо Зүүн Нарангийн 15-151 в тоот гэртээ байхад манай хүү Б эхнэр 2 хүүхэдтэй ирээд төрсөн ах Бтой манай хашаанд машинаа янзалж байгаад 2 хүүхдээ надад орхиод орой 21 цагийн үед Нын үеэл, дүү нь дуудаад тэд нар яваад өгсөн. Тэгээд үүрээр 06 цагийн үед манай хашаанд байдаг том хүү Бгийн гэрт бүгдээрээ согтуу ирээд архи ууж байхаар нь би загначихаад буцаад гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цагийн үед шуугилдаад байхаар нь гараад хартал Нын үеэл дүү нь согтуу хашаан дотор Б, Б нарыг гартаа төмөр барьсан хөөгөөд байсан. Тэгэхэд манай том хүүгийн хүүхэд газар байсан лоом аваад нуух гэж байхад тэр эмэгтэй араас нь чулуу аваад хөөгөөд байсан. Тэгээд хамт ирсэн найз эмэгтэйд нь нөгөө үеэл охиныг аваад яв гээд тэр 2 гараад явсан. Тэгэхэд араас нь манай бэр Н хашаанд байсан машинаа унаад явсан. Тухайн уед манай хүү Б манайд орж ирээд газар унтаж байсан. Тэгэхэд удалгүй Н буцаж ирээд Бат-Эрдэнийг унтаж байхад нь бос гээд өшиглөөд хараагаад байсан. Тэгэхээр нь би боль гээд Нын хацар луу нь алгадсан. Тэгэхэд намайг цохиод байхаар нь би түлхсэн. Тэгэхэд Н ширээн дээрээс миний гар утсыг аваад надруу шидэхэд миний зүүн чихрүү оноод цус гарсан. Тэгэхэд Н орилж чарлаад агсраад байхаар нь гаднаас манай том бэр С хүүтэй орж ирээд салгах гэтэл Б гэнэт босч ирээд Ныг чирээд аваад гарсан. Тэгэхэд би араас нь гараад очиход Б Ныг цохисон юм шиг байсан. Тэгээд Б хувцсаа өмсөөд зугтаагаад явсан. Намайг манай бэр Н гараараа хэд хэдэн удаа цохиод мөн миний ширээн дээр байсан гар утсыг аваад надруу шидэж миний чихний дотор талыг сэтэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн 9331 тоот: 

1. С.Н-н биед зүүн доод зовхи, зүүн хацар, оочинд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, хоёр шуу, зүүн бугалга зүүн сарвуунд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн 9331 тоот: 

1. Т.О-гийн биед зүүн чихэнд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 43/,

 

- хохирогч нарын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-н 101, 103/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63, 70/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 66, 72/

- эрүүгийн хариуцлага хүл-ээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 91, 93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

 - Шүүгдэгч О.Б нь 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-151в тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Нын биед халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед зүүн доод зовхи, зүүн хацар, оочинд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, хоёр шуу, зүүн бугалга зүүн сарвуунд цус хуралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 шүүгдэгч О.Б-ийн “...эхнэрээ нүүр лүү нь 3 удаа алгадаад хөөгөөд гаргасан. Тэгээд гадаа орилоод байхаар нь би гадаа гараад дахиад алгадаад хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Нын “...нөхөр босч ирээд намайг нүүрлүү цохиод, зүүн шанаа руу цохисон, унасан хойно толгойруу дээрээс цохиод өшиглөсөн тэгэхэд ээж нь намайг үснээс зулгаагаад чирээд байсан. Тэгэхэд том бэр нь орж ирээд болиулсан тэгээд би босч ирээд тэрүүгээр хэрүүл хийж муудалцсан. Тэгээд гараад цагдаа дуудах гэсэн цэнэг дуусчихаад нөхрийн утсанд сим картаа хийгээд залгасан чинь нөхөр ирээд намайг баруун гараараа хүзүү ороогоод боосон. Тийчигнээд унахад том бэр нь хадам ээжтэй ирж салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн 9331 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч С.Н нь 2019 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-151в тоотод хадам эх Т.О-гийн биед халдаж биед зүүн чихэнд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Нын “...нөхөр унтаж байхаар нь бөөн хэрүүл болгочихоод унтлаа гээд зүүн гар хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхэд хадам ээж намайг цохиод түлхээд байхаар нь би зөрүүлээд түлхсэн. Тэгэхэд хойшоо унасан, Тэгээд босч ирэхдээ чи намайг зодлоо гэсэн харсан чинь зүүн чих нь нидрэгдээд цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.О-гийн “...Н ширээн дээрээс миний гар утсыг аваад надруу шидэхэд миний зүүн чихрүү оноод цус гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн шинжээчийн 9331 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч С.Н, Т.О- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 101, 103 дугаар талд хохирогч С.Н, Т.О- нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч О.Б, С.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Б, С.Н нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Б, С.Н нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б, С.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаярын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, С.Н нарыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ