Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 848

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

  шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Эөд холбогдох эрүүгийн 1905000000903 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудалд иргэн З.У-ын эзэмшлийн I phone XS Max 256 Gold загварын гар утсыг хананы буланд цохиж хугалж хууль бусаар устгасны улмаас 3.599.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн бол нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эийн өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Мичид нэртэй зочид буудалд орсон. Энэ үед хамт найз М байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тээврийн хэрэгсэл жолоодохгүй ийш тийш явж байснаас гээд буудалд орж архи дарс ууцгаасан юм. Харин шөнийн 03 цаг өнгөрч байхад найз охин Уянгын гар утас дуугарсан учир би утсыг нь авахад эрэгтэй хүн залгаж Уянгатай яръя гэсэн. Хэн бэ гэхэд хэн байх нь чамд хамаагүй гэх мэтээр хэлэхээр нь утсаар маргасан. Энэ үед би 00 өрөөнд орж ярьсан. Ингээд 00 өрөөнөөс гараад Уянгын эзэмшлийн гар утсыг баруун гартаа барьж байгаад гар утаснаас болж дандаа хэрүүл болох юм гээд 00 өрөөний гадна булан хэсэгт цохиод гар утсыг нь эвдчихсэн. Уянгын гар утас нь I phone XS Max 256 Gold загварынх бөгөөд 2019 оны 02-р сард байх яг өдрийг нь санахгүй байна. Уянга бид хоёр хамт явж байгаад мобиком төвөөс 4.499.000 төгрөгөөр худалдан авсан. Уг гар утасны төлбөрийг Уянга нь өөрөө өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.У-ын өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Мичид нэртэй зочид буудалд найз залуу болох Б.Э, манай найз эмэгтэй М нарын хамт орсон. Бид нар буудалд орж архи дарс ууцгаасан. Тэгтэл шөнийн 02-03 цагийн орчимд байх миний гар утас дугарсан чинь Э нь миний гар утсыг аваад 00-н өрөө рүү орж дотроос түгжээд залгасан хүнтэй утсаар яриад буцаж гарч ирэхдээ 00-н өрөөний ханын буланд баруун гартаа миний гар утсыг барьж байгаад цохиж хугалаад дахин ашиглах боломжгүй болгож эвдэж сүйтгэсэн. Миний гар утас бол I phone XS Max 256 Gold загварынх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шинээр нь 4.499.000 төгрөгөөр өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

  - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 17-18/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мичид зочид буудалд иргэн З.У-ын эзэмшлийн I phone XS Max 256 Gold загварын гар утсыг хананы буланд цохиж хугалж хууль бусаар устгатны улмаас 3.599.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эийн “...найз охин Уянгын гар утас дуугарсан учир би утсыг нь авахад эрэгтэй хүн залгаж Уянгатай яръя гэсэн. Хэн бэ гэхэд хэн байх нь чамд хамаагүй гэх мэтээр хэлэхээр нь утсаар маргасан. Энэ үед би 00 өрөөнд орж ярьсан. Ингээд 00 өрөөнөөс гараад Уянгын эзэмшлийн гар утсыг баруун гартаа барьж байгаад гар утаснаас болж дандаа хэрүүл болох юм гээд 00 өрөөний гадна булан хэсэгт цохиод гар утсыг нь эвдчихсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч З.У-ын “...миний гар утас дуугарсан чинь Э нь миний гар утсыг аваад 00-н өрөө рүү орж дотроос түгжээд залгасан хүнтэй утсаар яриад буцаж гарч ирэхдээ 00-н өрөөний ханын буланд баруун гартаа миний гар утсыг барьж байгаад цохиж хугалаад дахин ашиглах боломжгүй болгож эвдэж сүйтгэсэн...” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Б.Эөд холбогдох хэргийн улмаас хохирогч З.У-ад 3.599.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч З.У-ын шүүхэд гаргаж өгсөн “...Эөд гаргасан гар утасны нэхэмжлэлдээ ямар нэгэн гомдол санал болон хохирол байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Эөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг нөхцөл байдал мөн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эөд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эөд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нумарч эвдэрсэн гар утас 1 ширхэгийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ