Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 818

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Цт холбогдох эрүүгийн 1905034670989 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . дугаарын регистртэй, Э.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны гадна иргэн Б.Г-гийн биед халдаж хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дээд уруулын цус хуралт, 1 шүдний хугарал, хамрын доод хэсэг, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Цын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 27-ны 23 цагийн үед найз Т манай гэрийн гадаа ирээд надруу залгаад гараад ир хоёулаа гадуур шоудъя гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад очиход Т ганцаараа байсан. Тэгээд бид 2 эхлээд хорооллын эцсийн нэгэн пабад 2 лааз пиво уугаад тэндээсээ 00 цаг өнгөрч байхад гараад Москва их дэлгүүрийн буудал дээр байдаг шинэ нээлтээ хийсэн баар луу ороод хүн тус бүр 3 лааз пиво уусан. Тэгээд дараа нь Сиа нэртэй баар луу манай найз оръё гээд уг бааранд ороод хүн тус бүр нэг пиво уугаад сууж байснаа манай найз гэнэт алга болсон. Тэгээд хойноос нь гарсан чинь нэг залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд яасан талаар асуухад энэ залуу нэг залууг заагаад энэ эмэгтэй хүн цохиод байна гэсэн. Тэгээд би найз Тд хандан наадах чинь ямар хамаатай юм бэ харъя гэсэн. Тэгээд байж байсан чинь хажуунаас нэг өндөр нуруутай залуу гарч ирээд та 2 яагаад байгаа юм бэ гээд Т бид 2 руу дайраад байсан. Тэгээд тэр өндөр залуу нь Тын нүүр лүү нэг удаа эхэлж цохисон. Тэгсэн чинь эмэгтэй хүн цохисон гэх намхан залуу нь намайг нэг удаа нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж нэг цохиод газар унахаар нь нүүр лүү нь өшиглөсөн. Тэгэж байтал хүмүүс зодоон салгаад удалгүй цагдаа нар ирсэн. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна миний буруу..” гэх мэдүүлэг /хх-н 55-58/,     

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-гийн өгсөн:

“...Би өөрийн эхнэр М найз Д нарын хамт Сиа гэх баар луу 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед орсон. Тэгээд хүн тус бүрийн 2-3 шил пиво уусан. Тэгээд баарнаас гарах үед би эхнэртэйгээ маргалдсан би эхнэрээ хардаж маргаан үүсгэсэн. Тэгээд баарнаас гараад гадаа нь маргалдаж байгаад би эхнэрийгээ гэдэс рүү нь түлхсэн. Тэгсэн чинь хажуунаас нэг залуу чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байна гэсэн. Тэгээд би юу ч санахгүй байна нэг мэдсэн чинь газар дээшээ хараад хэвтэж байсан. Миний хамар хугарсан, уруул язарсан, нэг шүд хугарсан байгаа. 2.018.868 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн үед өөрийн нөхөр Б.Г-гий найз Д нарын хамт Баянгол дүүргийн 14-р хороо Си бааранд орсон. Тэгээд уг бааранд ороод хүний 2-3 шил пиво уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай нөхөр намайг харж уурлаад байсан. Тэгээд баар хаагаад гадаа гарсан. Гадаа манай нөхөр намайг хардаж маргалдаж байгаад миний гэдэс рүү түлхсэн чинь хажууд зогсож байсан 2 залуу эмэгтэй хүн цохилоо гээд бужигнаад өнгөрсөн. Тэгээд ойр хавьд байсан залуучууд зодооныг салгасан. Тэгээд би очоод хартал манай нөхрийн нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд тэнд байсан нэг хүнийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Дгийн өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн үед өөрийн найз Гүндсамбуу түүний эхнэр М нарын хамт Баянгол дүүргийн 14-р хороо Сиа бааранд орсон. Бааранд 3-4 шил Сэнгүр нэртэй пиво уусан. Бааранд бүжиглэж байгаад баар хаахаас өмнө нэг охинтой уулзаад түрүүлээд гараад явсан. Тэгээд зам хөндлөн гараад юм ярьж байгаад таксинд суулгаж өгөөд буцаад баарны гадаа ирэхэд манай найз Гүндсамбуу үл таних 2 залуутай маргалдаад зогсож байсан. Тэгснээ намхан залуу манай найзын нүүр лүү нэг удаа цохисон тэгээд тэр 2 зууралдаад цааш явсан. Би өндөр залуутай цохилцсон. Тэгээд болиод байж байсан чинь цааана манай найзыг намхан залуу нь газар унагаагаад нүүр лүү нь өшиглөж байсан. Тэгээд би салгаад найзыгаа дуудтал ямар ч ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тын өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14-р хороо Сиа бааранд найз Ц-ын хамт орсон. Уг бааранд ороод би 4 шил тайгер нэртэй пиво уусан. Манай найз 5 шил пиво уусан. Тэгээд баарны гадаа гараад тамхи татаад зогсож байтал нэг үл таних залуу нэг охиныг алгадаад түлхээд унагааж байсан. Тэгэхээр нь би очоод эмэгтэй хүн арай хатуу хандаад байгаа юм бишүү гэж хэлэхэд нөгөө залуу чи юу гээд байгаа юм бэ гээд надтай маргалдсан. Тэгсэн чинь энэ манай эхнэр гээд бид 2 хоорондоо юм яриад байж байтал замын нөгөө талаас надтай маргалдаж байсан залуугийн найз нь гээд нэг залуу ирсэн. Тэгээд бид хоёрын маргаан дундуур орж ирээд юу болоод байгаа юм гээд зандарсан. Тэгэхээр нь бид хоёр ярилцаж байна гэсэн чинь сүүлд ирсэн залуу намайг шууд нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би нөгөө өндөр залуутай зууралдсан. Тэгсэн чинь нөгөө манай найз Ц- эмэгтэй хүн түлхдэг хүнтэй зодолдож эхэлсэн. Удалгүй орилох чимээ гарахад эргээд хартал хүмүүс зодооныг салгаж байсан. Эмэгтэй хүн түлхдэг залуугийн нүүр нь нил цус болчихсон газар хэвтэж байсан. Тэгсэн надтай зууралдаж байсан залуу шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 10444 тоот: 

1. Б.Г--н биед хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дээд уруулын цус хуралт, 1 шүдний хугарал, хамрын доод хэсэг, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Гэмтэл авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 36/,

 

- хохирогч Б.Г-гийн “...Ц-тай сайн дурын үндсэн дээрээс эвлэрсэн. Цаашид надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 71/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны гадна иргэн Б.Г-гийн биед халдаж хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дээд уруулын цус хуралт, 1 шүдний хугарал, хамрын доод хэсэг, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Цын “...тэр өндөр залуу нь Тын нүүр лүү нэг удаа эхэлж цохисон. Тэгсэн чинь эмэгтэй хүн цохисон гэх намхан залуу нь намайг нэг удаа нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлж нэг цохиод газар унахаар нь нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,    

 

хохирогч Б.Г-гийн “...Би өөрийн эхнэр М найз Д нарын хамт Сиа гэх баар луу 2019 оны 8 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед орсон. Тэгээд хүн тус бүрийн 2-3 шил пиво уусан. Тэгээд баарнаас гарах үед би эхнэртэйгээ маргалдсан би эхнэрээ хардаж маргаан үүсгэсэн. Тэгээд баарнаас гараад гадаа нь маргалдаж байгаад би эхнэрийгээ гэдэс рүү нь түлхсэн. Тэгсэн чинь хажуунаас нэг залуу чи эмэгтэй хүнтэй яаж харьцаж байна гэсэн. Тэгээд би юу ч санахгүй байна нэг мэдсэн чинь газар дээшээ хараад хэвтэж байсан. Миний хамар хугарсан, уруул язарсан, нэг шүд хугарсан байгаа...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Мын “...манай нөхөр намайг хардаж маргалдаж байгаад миний гэдэс рүү түлхсэн чинь хажууд зогсож байсан 2 залуу эмэгтэй хүн цохилоо гээд бужигнаад өнгөрсөн. Тэгээд ойр хавьд байсан залуучууд зодооныг салгасан. Тэгээд би очоод хартал манай нөхрийн нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч У.Дгийн “...манай найзыг намхан залуу нь газар унагаагаад нүүр лүү өшиглөж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Тын “...Ц- эмэгтэй хүн түлхдэг хүнтэй зодолдож эхэлсэн. Удалгүй орилох чимээ гарахад эргээд хартал хүмүүс зодооныг салгаж байсан. Эмэгтэй хүн түлхдэг залуугийн нүүр нь нил цус болчихсон газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 10444 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 71 дүгээр талд хохирогч Б.Г- “...Ц-тай сайн дурын үндсэн дээрээс эвлэрсэн. Цаашид надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Э.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Цт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Э.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ