Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 822

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн 1905036050962 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... дугаарын регистртэй, Б.Ө.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 гудамжны нийтийн байрны 01 тоотод маргааны улмаас хохирогч Б.М-гийн толгой, нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн зулайн хуйханд няцарсан шарх, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Өын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэрүүлэг дромын 1 дүгээр гудамжны 01 тоотын нийтийн байранд гэртээ найз С, А болон Агийн найз Н, дүү М, Ү нарын хамт байхад Н найз залуу Ш, М гэх залуутай 2,5 литрийн тал шил пиво авчирсныг хувааж уугаад нэмж 0,75 литрийн нэг шил архи, 2,5 литрийн 2 шил пивотой авч уугаад юм яриад сууж байхад М гэх залуу бид нарын ярьсан юмыг үгүйсгээд байсан. Дуучин Донжоогийн талаар ярьж байтал намайг ёжилж шоолж инээгээд байсан чинь найз С чи яагаад байгаа юм гээд аяга аваад шидтэл хана оноод хагарсан. Би уурлаад ширээн дээр байсан шилтэй архийг аваад Мгийн толгойруу нэг удаа цохиж хагалаад бид 2 барьцалдаад зодолдож байхад А бид 2-ын дундуур орж салгасан. Хажууд С Штай барьцалдаж байсан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авчирсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-гийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед найз Штай хорооллын эцэст уулзаад байрны дундах саравчин дотор 2,5 литрийн нэг шил пиво уугаад сууж байтал Шын найз охин Н дуудаад 00 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ирэхэд Н, С, Өлзийбаяр, А болон өөр 2 залуу байсан. Ш бид 2 ууж байсан тал пиво гаргаж ирээд бүгдээрээ ууж дуусаад дахиж 0,75 литрийн нэг шил архи, 2,5 литрийн 2 шил пиво авч уусан. 2 залуу нь архи пиво уугаагүй. Бид нар юм яриад хөзөр тоглоод сууж байхад би Өлзийбаяр гэх залуутай хип хоп хамтлагийн дуучдын талаар яриад жаахан маргатал С гэх залуу нь намайг давраад байгаарай гэлүү нэг юм хэлээд надруу аягатай пиво шидтэл намайг онолгүй хана оноод аяга нь хагарсан. Тэгтэл Өлзийбаяр гэх залуу нь босч ирээд ширээн дээр байсан тал шилтэй архийг аваад миний толгойруу нэг удаа цохиж толгой хагалсан. Би толгойгоо бариад доошоо хараад зогсож байтал Өлзийбаяр надруу яагаад байгаа юм гээд орилж байснаа дахиж ирээд миний нүүрлүү 2-3 удаа гараараа цохисон. Ш үүдэнд Стэй барьцалдаад зогсож байсан. Н бид нарын дундуур ороод салгаад гүйгээд байсан. Бусад нь бол салгахгүй хараад зогсоод байсан. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан. Бид нарыг цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирээд би өргөдөл гаргасан. Өлзийбаяр надаас уучлалт гуйн миний эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн тул одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Сгийн өгсөн:

“...Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хойд талын 2 давхар нийтийн байрны 1 тоотод эхнэр А болон найз Өлзийбаяр, М, Ү, Н нарын хамт хөзөр тоглоод сууж байхад орой 23 цагийн үед Н найз залуу Ш танихгүй нэг залуутай 2,5 литрийн нэг шил пиво авч ирсэн. Бид нар ууж байгаад дахиж 0,75 литрийн нэг шил архи, 2,5 литрийн 2 шил пиво аваад бүгдээрээ уусан. Ү пиво аягалж байгаад Штай хамт ирсэн М гэх залууд хөгшөөн пиво уу гээд өгтөл Н нилээн согтоод хөлөө жийгээд сууж байснаа Үлүү хөлийнхөө хуруугаар чичээд чи яахаараа манай найзыг хөгшөөн гэдэг юм тэнэг бацаан минь гээд байсан чинь эхнэр А болиоч гээд босоод явсан. Тэгтэл М нь орж ирснээсээ хойш бид нарын ярьж байсан яриаг үгүйсгээд өдөөд байхаар нь би түрүүнээс хойш дуугүй байгаад байхад давраад байгаарай гээд Млүү аягатай пиво шидтэл аяга нь хана оноод хагарсан. Тэгтэл Өлзийбаяр чи найз яагаад байгаа юм гээд дундуур орж ирээд Мтэй маргаж байгаад ууж байсан архины шилийг аваад Мгийн толгойруу нэг удаа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-н 9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Шын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Мтэй хорооллын эцэс дээр уулзаад байж байтал манай найз охин Н над руу залгаад уулзая гэхээр нь за гээд БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн орон сууцанд заалгаж байгаад ирсэн. Ирэхэд манай найз охины найз Үжин түүний нөхөр С түүний найз болох нэг залуу болон 3 дүү гэх эрэгтэй байсан. Тэгээд бид нар тоглонгоо 2.5 литрийн савлагаатай 2 ширхэг Сэнгүр пиво хувааж уугаад би найз охин Н хажуу талаар ороод унтсан. Унтаж байхад хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь сэрэхэд Сгийн найз гэх залуу манай найз Мгийн толгой руу архины шилээр толгой цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 10931 тоот: 

1.2. Б.М-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 16/,

 

- хохирогчийн Өлзийбаяр надаас уучлалт гуйж эмчилгээнд зардал болох 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн маргаангүй болсон тухай хүсэлт /хх-н 36/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 19/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 гудамжны нийтийн байрны 01 тоотод маргааны улмаас Б.М-гийн толгой, нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн зулайн хуйханд няцарсан шарх, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Өын “...Би уурлаад ширээн дээр байсан шилтэй архийг аваад Мгийн толгойруу нэг удаа цохиж хагалаад бид 2 барьцалдаад зодолдож байхад А бид 2-ын дундуур орж салгасан....” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.М-гийн “...Өлзийбаяр гэх залуу нь босч ирээд ширээн дээр байсан тал шилтэй архийг аваад миний толгойруу нэг удаа цохиж толгой хагалсан. Би толгойгоо бариад доошоо хараад зогсож байтал Өлзийбаяр надруу яагаад байгаа юм гээд орилж байснаа дахиж ирээд миний нүүрлүү 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Сгийн “...Өлзийбаяр чи найз яагаад байгаа юм гээд дундуур орж ирээд Мтэй маргаж байгаад ууж байсан архины шилийг аваад Мгийн толгойруу нэг удаа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Шын “...Сгийн найз гэх залуу манай найз Мгийн толгой руу архины шилээр толгой цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн 10931 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэргийн 36 дугаар талд “...Хохирогчийн Өлзийбаяр надаас уучлалт гуйж эмчилгээнд зардал болох 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн маргаангүй болсон...” тухай хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Өт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ