Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 827

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

хохирогч М.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Эд холбогдох эрүүгийн 1903007610343 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ регистрийн дугаартай, О.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.50 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараахь зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,09%-ийг согтолттой үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын Хаан банкны урд замд Тоёота Рав-4 маркийн 38-99 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс хот тохижилтын газар ОНӨААТҮГ-н Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгч М.Эыг ажлаа хийж байхад нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э мэдүүлэхдээ:

“...Миний биеийн байдал одоо маш тааруу байгаа. Толгой эргэж, нуруу өвддөг, тодорхой хэмжээний зүйлийг даахгүй болсон. 5 литр ус даахгүй шахуу болсон. Би хохиролд 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашид миний эрүүл мэнд хэрхэн яаж өвдөхийг би мэдэхгүй байна. Тийм учраас цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Эын өгсөн:

“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй гэрчийн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөв ярьсан. Эмчилгээний болон бусад зардалд баримтаар 4 сая гаруй төгрөг баримтгүйгээр хоол хүнсний мөнгө гэж сая гаруй төгрөг, хамгийн сүүлд 2 сая төгрөг Эын данс руу шилжүүлсэн. Нийт 7 сая гаруй төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Эын өгсөн:

“...Би Бичил хорооллын тэр хавийн гудамж талбайг цэвэрлэх хувиартай байдаг юм. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 06 цагт шууд ажилдаа гарсан. Бид нар тэрэг шүүр болон ажлын багаж хэрэгслээ өөрсдийн ажлын ойролцоо газраа тавьдаг юм. Ажлын багажаа аваад шууд ажилдаа гарсан. Тэгээд Бичилийн Хаан банкны урд талын замын зогсоол дээр хөндлөн тавьсан машинуудын голоор ороод хогийг нь шүүрдээд зам руу гарах үед намайг машин мөргөсөн юм шиг байсан. Нэг мэдсэн газар хэвтэж байсан. Нэг ухаан орсон толгойноос цус гарч байсан хөдлөх гэтэл хөдлөж болохгүй байсан. Тэгээд ухаан орж гараад байсан нэг мэдсэн Хөдөлмөр аюулгүйн ажиллагааны инженер Цэвэлсүрэн ирчихсэн байсан. Машинд мөргүүлснээс болж нуруу цууралттай, хугаралттай, хавирганууд үенээсээ мултарсан, тархи доргилттой, хавантай, баруун шанаа, толгойн орой, арын хэсэгт шалбарсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ц-гийн өгсөн:

“...Тухайн осол болсон өдрийн өглөө 05 цаг гээд баруун 4 замаас миний ажил эхэлсэн. Тэгээд би ажлаа хийж байгаа хамгийн түрүүнд 06 цагийн үед Хасбаатарын гудамжинд ажлаа хийж байсан Этой тааралдаад ХАБ-н зааварчилгаа авсан уу гарын үсэг зурсан уу гэж асуухад зурсан гэсэн. Тэгээд цаашаагаа ажлаа хийгээд явсан. Тэгээд Гэсэр сүм дээр явж байхад М гээд мастер нь залгаад Э машинд мөргүүлчихлээ гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь зэрэгцээд түргэний машинаар ирж байсан. Э ганцаараа амьдардаг учраас эмнэлэг дээр зураг авхуулах асрах сувилах бүх асуудлыг хариуцаж хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 051146 тоот:

1. Toyota маркийн RAV4 2.4i 16V VVT-i загварын 38-99 УНП улсын дугаартай АСА315001965 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Зүүн их гэрэл ажиллахгүй, их бие кузов-ын биед сэвтэй гэх эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Их бие кузов-н хувьд сэвтэй гэх эвдрэл гэмтэл нь уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтэл юм. Зүүн их гэрэл ажиллахгүй байгаа нь осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм.

4. Зүүн их гэрэл ажиллахгүй байгаа нь орчны харагдах нөлөөнөөс хамаарч уг осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм.

5. Уг автомашин нь ABS шингэн дамжуулагч тоормосны системтэй.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа хэвийн байна гэх дүгнэлт /хх-н 70-71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8038 тоот:

1. М.Э-н биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөлөнцрийн шугаман хугарал, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, хугарал орчмын нугасны хатуу хальсан дээрх цус хуралт, тархи доргилт, баруун зулайд шарх, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 75/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Гарьдын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 тоот:

1. Жолооч Отгонбаяр овогтой Энхтуул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Мижиддорж овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг дүрмийн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэх мөрдөгчийн магадлагаа /хх-н 76-77/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-н 6-12/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 104/,

- Хохирлын баримтууд /хх-н 111-123/,

- Мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-н 125/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 152-163/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 91/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92/,

            -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.50 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараахь зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,09%-ийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын Хаан банкны урд замд Тоёота Рав-4 маркийн 38-99 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс хот тохижилтын газар ОНӨААТҮГ-н Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгч М.Эыг ажлаа хийж байхад нь мөргөж биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын баруун хөлөнцрийн шугаман хугарал, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, хугарал орчмын нугасны хатуу хальсан дээрх цус хуралт, тархи доргилт, баруун зулайд шарх, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Эын “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

 

хохирогч М.Эын “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 06 цагт шууд ажилдаа гарсан. ... Бичилийн Хаан банкны урд талын замын зогсоол дээр хөндлөн тавьсан машинуудын голоор ороод хогийг нь шүүрдээд зам руу гарах үед намайг машин мөргөсөн юм шиг байсан. Нэг мэдсэн газар хэвтэж байсан. Нэг ухаан орсон толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Ц-гийн “...Э машинд мөргүүлчихлээ гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь зэрэгцээд түргэний машинаар ирж байсан. Э ганцаараа амьдардаг учраас эмнэлэг дээр зураг авхуулах асрах сувилах бүх асуудлыг хариуцаж хийж байсан...” гэх мэдүүлэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 051146 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8038 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Гарьдын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хохирлын баримтууд, Хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас О.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч О.Эыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч М.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд, депозит дансны хуулга, шүүх хуралдаанд хохирогч шүүгдэгч нарын өгч буй мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч О.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Эд 27.10 дугаар зүйлийг 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хамгийн доод хэмжээг буюу 1 жилээр хугацаагаар тэнсэн харгалзах тухайн саналыг тус тус гаргасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Эд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан В ангиллын 848712 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В ангиллын 848712 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ