Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 849

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ч холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Ч.Ч

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12-154 тоот хашаанд иргэн Г.Г-ын хашаанд зөвшөөрөлгүй орж ирлээ гэх шалтгаанаар толгой тус газар нь цохиж, биед нь өшиглөн зүүн чих, зулайн хуйх, баруун гарын 5 дугаар хурууны язарсан шарх, цус хуралт, дух, зүүн шанаа, хоёр гарын сарвуу, тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ:

“...Г нь согтуу байсан. Албаар хашааны банз авсан, урьд нь бас ийм үйлдэл гаргаж байсан. Би нойрмог байсан, уурандаа зодсон нь үнэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Чын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би гэртээ унтаж байсан чинь шөнийн 02 цагийн орчим манай хашааны хаалга цохих мөн нохой хуцах чимээ гарахаар нь хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан чинь хөрш айлын Г гэх согтуу залуу манай хашааны банзыг хугалаад хашаанд ороод ирчихсэн ална би хулгайч биш гэж хэлж намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа хашааны хугархай банзаар Гын толгойн тус газар луу хөл гар руу нь хэд хэдэн удаа өшиглөчихсөн. Тэгтэл Г газар уначихсан. Мөн Г нь их согтуу байсан учраас хөл дээрээ тогтож чадахгүй газар унаад байсан. Гын хажууд эхнэр Х- нь байсан бөгөөд Гыг аваад явсан. Би гэртээ ороод амарч байсан чинь цагдаагийн 2 алба хаагч ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирч мэдүүлэг авчихаад гэрт эргүүлэн хүргэж өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 51-53/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Г-ын өгсөн:

“...Би биеэ хянах чадваргүй согтуу байсан. 2019 оны 3 дугаар сарын 05-ны өглөө сэрээд харсан чинь толгойгоо боочихсон орон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар эхнэр Х-ээс асуусан чинь чи бид хоёр гэртээ харих гэж яваад би чамайг айлын хашаа түшүүлээд зогсоосон чинь хашааны завсраар айл руу орчихсон байсан. Тэгтэл нохой хуцаад хашааны эзэн гэх Ч чи муу хашаа руу дайрч орж ирлээ хашааны банз хулгай хийх гэж байна гэж хэлэн зодсон талаар хэлсэн. Түүнээс биш би юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Эмчилгээний зардал хэдэн төгрөг гарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Х-ийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би манай хүү Т шинэ гэр бариад гэрийн найр хийсэн. Тэгээд би тухайн найрнаас тараад нөхөр Гын хамт гэрлүүгээ харих гэсэн чинь худын талын хамаатны хүмүүс машинтай дөхөөд буучих гэхэээр нь би нөхрийн хамт суугаад явж байгаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо 364 дүгээр худагны харалдаа нөхрийн хамт буугаад цаашаагаа гэрлүүгээ дээшээ  өгсөөд нарийн гудамжаар орох үед манай тэр хавьд амьдардаг нэг залуу ганцаараа хажуугаар зөрөх гэсэн чинь нөгөө хүн амандаа үг хэлсэн чинь манай нөхөр муудалцах гээд юу гээд байгаа юм гэхээр нь би чимээгүй бай би авч явж байна гээд хажуугаар нь нөхрийгөө аваад дээшээгээ өгсөөд явж байсан чинь нөхөр бие засмаар байна гэхээр нь шээчих гэсэн чинь манай нөхөр бие зассан чинь нөгөө залуу та нар хашааны банз авч байна гэсэн чинь манай нөхөр юу яриад байгаа юм би бие засаж байна гэчихээд цаашаагаа явж байгаад нөхөр хашааг нь налаад зогссон чинь манай нөхөр хашааны завсраар цаашаагаа уначихсан. Тэгээд би араас нь татаад босгох гэсэн чинь нөгөө залуу та нар хашаа хороо эвдэлчихлээ банз хулгай хийлээ гэхээр нь би болсон явдлыг хэлсэн чинь бушуу хашаанаас гар гээд байсан. Тэр үед манай нөхөр нөгөө залууг чи хулгайч гэж хэлчихээд хашаанаас нь гарах гэсэн чинь манай нөхөр согтуу явж чадахгүй дөрвөн хөллөхөөр нь би босгох гээд сугадаад өргөсөн чинь нөгөө залуу гартаа хадаастай мод барьчихсан алаад хаячихъя гээд хүрч ирэхээр нь би болиоч гээд дундуур нь орсон чинь модоо хаячихсан. Тэгээд би нөхрөө түр орхичихоод хаалгыг нь онгойлгоод эргээд харсан чинь манай нөхрийг нөгөө залуу чулуугаар толгой руу нь цохиод хөлөөрөө хонго гуя руу нь өшиглөөд зодоод байсан. Тухайн үед манай нөхрийн зүүн талын чихний ар талд язарсан оёдол тавиулсан, зүүн гарын чигчий хуруу язарч цус гарсан, хоёр хөл, гар нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-20/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 3117 тоот: 

1. Г.Г-ын биед зүүн чих, зулайн хуйх, баруун гарын 5-р хурууны язарсан шарх, цус хуралт, дух, зүүн шанаа, хоёр гарын сарвуу, тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 30/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 61/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12-154 тоот иргэн Г.Г-ын хашаанд зөвшөөрөлгүй орж ирлээ гэх шалтгаанаар толгой тус газар нь цохиж, өшиглөн зүүн чих, зулайн хуйх, баруун гарын 5 дугаар хурууны язарсан шарх, цус хуралт, дух, зүүн шанаа, хоёр гарын сарвуу, тохой, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Чын “...Г гэх согтуу залуу манай хашааны банз хугалаад хашаанд ороод ирчихсэн ална би хулгайч биш гэж хэлэн намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа хашааны хугархай банзаар Гын толгойн тус газар луу хөл гар луу нь хэд хэдэн удаа өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Г-ын “...2019 оны 3 дугаар сарын 05-ны өглөө сэрээд харсан чинь толгойгоо боочихсон орон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар эхнэр Х-ээс асуусан чинь чи бид хоёр гэртээ харих гэж яваад би чамайг айлын хашаа түшүүлээд зогсоосон чинь хашааны завсраар айл руу орчихсон байсан. Тэгтэл нохой хуцаад хашааны эзэн гэх Ч чи муу хашаа руу дайрч орж ирлээ хашааны банз хулгай хийх гэж байна гэж хэлэн зодсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Х-ийн “...би нөхрөө түр орхичихоод хаалгыг нь онгойлгоод эргээд харсан чинь манай нөхрийг нөгөө залуу чулуугаар толгой руу нь цохиод хөлөөрөө хонго гуя руу нь өшиглөөд зодоод байсан. Тухайн үед манай нөхрийн зүүн талын чихний ар талд язарсан оёдол тавиулсан, зүүн гарын чигчий хуруу язарч цус гарсан, хоёр хөл, гар нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 3117 тоот дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Чад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Г.Г- нь хавтаст хэргийн 17 дугаар талд “...Эмчилгээний зардал хэдэн төгрөг гарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 70 дугаар талд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт тус тус гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Чад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ч.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Чыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч . Чулууны Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ