Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар ХШТ/2025/106

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, Б.Ц-д холбогдох эрүүгийн 2526000000125 дугаартай хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... овогт Б-ны Ц, 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, урьд 3 удаа ял шийтгүүлсэн:

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 01 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Прокуророос Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэгтгэн, шүүгдэгчийн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 03 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 01 жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Буяндалай хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 01 жил 01 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Магадлалыг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний ... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаарт зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилжээ. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлүүлээгүй үлдсэн 01 жил 01 сар 16 хоногийн ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж нэгтгэхдээ нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхээр ял оногдуулах атал, тухайн зүйл, заалтад заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэхээр байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...01 жил 01 сар 29 хоногийн ...” гэсэн атал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “01 жил 01 сар 16 хоног” гэж зөрүүтэй бичсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хяналтаараа илрүүлж зөвтгүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна.”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Гэвч хяналтын прокурор Ц.Эрдэнэбат нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 09:00 цагт товлогдсон А.Э-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан бөгөөд өмнөх шүүх хуралдаан дуусаагүй, шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан байхад оролцвол зохих талуудыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан байхад прокурорыг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна гэж үзэхээр байна.

Иймд 124 дүгээр шийтгэх тогтоол, 46 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Прокуророос хоёр шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн оролцогчийн эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Б.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон согтуурлыг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэргийн үйл баримтыг шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан зөв сэргээн дүрсэлж, түүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийсэн боловч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулж хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг сүүлд шинээр оногдуулж буй ижил төрлийн нэмэгдэл ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарласан буюу нэмж нэгтгэсэн ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон эрх хасах ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй агуулгатай байтал, уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй мэтээр дүгнэж, багасгаж 3 жилээр оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт гарсан дээрх зөрчлийг зөвтгүүлэх арга хэмжээг авалгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд биечлэн оролцохоор бичгээр гаргасан прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхгүйгээр оролцогчийн эрхийг хязгаарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хэм хэмжээг үзэхэд, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ гаргасан бол прокурорыг заавал оролцуулахаар ойлгогдож байна.

Энэ хэргийн хувьд прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй шалтгаан нь шүүх хуралдаан давхацсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэсэн хэдий боловч давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаанд оролцох талаар гаргасан прокурорын хүсэлтийг хэлэлцэж, шалтгааныг тодруулж оролцуулах арга хэмжээг авах ёстой байсан.

Иймд хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Шүүгдэгч Б.Ц нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жил 06 сарын хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ … аймгийн … сумын … дүгээр багийн нутаг дэвсгэрт … улсын дугаартай “…” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүхээс Б.Ц-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

3.Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ял нэгтгэх журмыг буруу хэрэглэсэн байна гэж үзэв.

 

3.1.Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, улмаар эрх хасах нэмэгдэл ялыг эдэлж дуусахаас өмнө дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын дээд хэмжээг арван хоёр жилээр тогтоожээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-д өмнөх болон сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэхдээ нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрх хасах ялын дээд хэмжээ болох 3 жилээс хэтрүүлж болохгүй гэсэн агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулаагүй байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

3.2.Шүүх өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдэлсэн хугацааг сүүлийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тооцож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим нь нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшихгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. 

 

Ялтан шүүхээс оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солих үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, мөн ялтан тэнсэх журмыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, мөн ялтан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн ялтан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд ял оногдуулж, өмнөх болон сүүлийн тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт тус тус нийтлэг байдлаар хуульчлан зохицуулсан болно.

 

Ийнхүү ялтан шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялыг өөр хүнд төрлийн хүнд ялаар сольж эдлүүлэх, түүнчлэн ялтан шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн эсхүл гэмт хэрэг үйлдсэн  бол тэнссэн болон хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх журам хэрэгждэг нь шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцдэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан эрх хасах ялд нэгтгэхэд шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтална.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн хувьд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас эрх зүйн байдал нь өөрчлөгдөж, эрх бүхий байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн тул түүний шинээр гэмт хэрэг үйлдсэн өдрөөр тасалбар болгон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ял эдлэх хугацаа тоолохыг зогсоож, эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд Б.Ц-д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхэлснээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 02 сар 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж, эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 13 хоногийн ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг 03 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулав.

 

4.Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан прокурорт шүүхээс шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн атал прокурор шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтээ ирүүлээгүй байх тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь прокурорын давж заалдах шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй тул эсэргүүцлийн “...прокурорыг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28ы өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 03 /гурав/ жил 03 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

6 дахь заалтын “...гурван жилийн хугацаагаар...” гэснийг “...03 /гурав/ жил 03 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоол болон Өвөрхангай Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 40 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлээс “прокурорыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

 

                             ШҮҮГЧИД                                            Б.БАТЦЭРЭН

 

                                                                                           Ц.ОЧ

 

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ