Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1307

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/03919 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 987 832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                     ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                            ХХХХ

Хариуцагч                                                       ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                               ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ногооны наймаа эрхэлдэг бөгөөд 2009 оноос ХХХХ надаас бөөнөөр ногоо авч жижиглэнгээр худалддаг байсан. ХХХХ нь ногоо авах захиалгыг утсаар өгөхөд би ногоог нь нийлүүлж зарагдаад дуусахад ногооны үнийг ХХХХ надад өгдөг байсан. 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ХХХХ нь 52 000 000 төгрөгийн ногооны үнийг надад буцаан төлөөгүй атал дахин ногоо нийлүүлэхийг хүсэхэд нь би өөрөө ногоогоо Хятадаас зээлээр авч буцаагаад мөнгийг нь төлдөг учир боломжгүй гэж түүнд хэлсэн. Ингээд тэрээр нөхөр н.Хүрэлбаатарын хамт ирж, надаас авсан мөнгөө өгөх боломжгүй бөгөөд банкинд мөнгө төлж байгаа болохоор зээлийн гэрээ байгуулъя гэсэн санал тавьсны дагуу 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүний дараа надаас дахин ногоо зээлээр авсан боловч 23 626 900 төгрөгийн ногооны үнийг бас л төлөөгүй. Ингэж явсаар 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ХХХХ ирээд банкны зээлийн 15 000 000 төгрөгт байр нь хураагдах гээд байгаа учир уг зээлийг намайг төлж өгөөд, байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлээд аваач, зээлээ төлөөд байраа буцаагаад шилжүүлээд авна, хэрэв чадахгүй зээлийн хугацаа дуусвал байраа зээлийн төлбөрт төлье, тэгээд бүх зээлээ нэмээд гэрээгээ шинэчилж хийе гэсэн. Би бодож байгаад зөвшөөрсөн. Учир нь хэрэв энэ байрыг банкинд алдвал би ХХХХ өөс өмнөх зээлийн төлбөрөө авч чадахгүй байсан учир зөвшөөрч, түүний банкны зээл            15 364 988 төгрөгийг төлж Зээлийн гэрээг шинэчилж хийсэн. Ингээд энэ банкинд төлсөн төлбөр дээрээ өмнөх зээл 52 000 000 төгрөгийг, мөн сүүлд нэмж авсан ногооны зээлийн үнэ 23 626 900 төгрөгийг нэмж 90 991 888 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг байгуулахдаа энэ мөнгийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцож, хэрэв хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээг байгуулснаас хойш зээлийн төлбөрийн 15 000 000 төгрөгөнд 2 ширхэг машин шилжүүлж өгсөн бөгөөд одоо үндсэн зээлээс 75 991 888 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 75 991 888 төгрөг, алданги 37 995 944 төгрөг, нийт 113 987 832 төгрөгийг ХХХХ өөс гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч ХХХХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2003-2008 онд Шонхор захад павильон түрээслэн ХХХХ-той хамтран ажиллаж байсан. Энэ үед нялх хүүхэдтэй оюутан байсан болохоор ХХХХ ганцаараа павильоныг ажиллуулж бүх тооцоог хийж байсан. Би 2008 оны 6 дугаар сараас павильондоо ажиллан ХХХХ гоос ногоо авч мөнгийг нь тухай бүрд нь төлж явсан. Гэтэл ХХХХ надтай хамт ажиллаж байсан ХХХХ-ын түүнээс зээлээр авсан ногооныхоо үнийг төлөхгүй явсаар 52 000 000 төгрөг болсныг надаас шаардаж, өмгөөлөгчтэйгөө хамт ирж шахаж дарамталж байгаад 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 52 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Дараа нь 52 000 000 төгрөгийн хүү, алданги өсч 90 991 888 төгрөг болсон гэж нотариат дээр 2 цаг гаруй хугацаанд гаргахгүй байлган 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан юм. Би тухайн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээнүүд байгуулагдсан гэх өдөр нэг ч төгрөг зээлж аваагүй болно. ХХХХ гоос 2008 оны 6 дугаар сараас 2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд зээлж авсан ногооны үнэнд түүний ХААН банкин дахь дансанд 225 212 200 төгрөг, бэлнээр 105 207 000 төгрөг, нийт 330 419 200 төгрөгийг төлсөн байсан болно. Би ХХХХ той байгуулсан зээлийн гэрээнүүдээр мөнгө зээлээгүй, авсан ногооныхоо үнийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр Зээлийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 52 000 000 төгрөгийн, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 90 991 888 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхэд гаргасан. Шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргахад ХХХХ болон түүний өмгөөлөгч нараас зээл өгсөн гэдгээ нотолж чадаагүй, авсан ногооны мөнгөө өгөөгүй гэж байсан ч хэзээ, хэдийд авсан, хэдэн төгрөгийн ямар хэмжээтэй ногоо байсанг нотолж чадаагүй. Миний гаргасан нэхэмжлэлд шууд хамааралтай байхад гэрээний үүргийн дагуу сөрөг нэхэмжлэл гаргаагүй нь өгсөн гэх ногооныхоо талаар нотлох баримт байгаагүйтэй холбоотой байсан гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаартай тогтоол гарсны дараа ногооны үнэ гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтын дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ-өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 108 000 000 /нэг зуун найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 987 832 /таван сая есөн зуун наян долоон мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 727 889 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 697 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу талууд хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь заалтад нийцсэн гэх дүгнэлтийг хийхдээ гэрээний талаар талууд эхлээд тохирсон асуудлаа тодорхой хугацааны дараа өөрчилсөн хэлцлийн үр дагаварын ялгааг нягтлан үзээгүйгээс дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээний "нэмэлт нөхцөл"-д 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчингүй болгож, зээлийн энэ өдрийн гэрээтэй нэмж нэгтгэн, зээлийг 90 991 888 төгрөгөөр шинэчлэн хийж байна" гэсэн тохиролцоонд хүрчээ. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл нөхцөлийг бүрэн хангасан асуудлыг нягтлан үзээгүй байна. Мөн талууд байрыг 75 000 000 төгрөгөөр үнэлж, тухайн үнэ ямарч үед өөрчлөгдөхгүй байх тохиролцоо хийснийг шүүх анхаарсангүй. Энэ талаар ХХХХ шүүхэд удаа дараа шүүхэд гаргасан тайлбараараа гэрээний нийт үнийн дүнгээс байрны үнийг хасч, үлдэгдэл 15 991 888 төгрөгнөөс 10 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сард өгсөн, үлдэгдэл 5 991 888 төгрөг микро автобус өгч төлбөрөө дуусгавар болгосон гэж мэдүүлсээр байхад шүүх байрны үнэ дээр алданги тооцож гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 3 000 000 төгрөг төлсөн асуудлыг талууд маргаагүй нөхцөлд шүүх энэ талаар холбогдох нотлох баримтгүй гэж үзсэн талуудын мэтгэлцээнд хөндлөнгийн байх шүүх нэхэмжлэгч тал давуу байдал бий болгоход чиглэсэн гэж үзэхээр байна. Гэрээний зохицуулалтын дэс дараалал нь гэрээний 2 дахь хэсгийн алданги гаргуулах заалтыг дараагийн нэмэлт нөхцөлөөр өөрчилсөн агуулгын шинж чанартай хэлцэл хийснийг шүүх дүгнэхдээ 11 дэх заалтыг гэрээний 2 дахь заалт үгүйсгэж байгаа мэтээр үйл баримтын дэс дарааллыг алдагдуулж, хойноос урагшлуулах хандлагаар авч үзсэнээрээ алдаа гаргаж, үндэслэлгүйгээр алдагинд 36 000 000 төгрөг гаргуулахаар хийсвэр дүгнэлт хийлээ. Энэ нь нэхэмжлэгч ХХХХ-ийн алданги шаардах эрхээ алдсан гэж үзэх гол баримт юм. Аливаа зохицуулалт нь эхний хэлцлээ дараа нь хүчингүй болгох, хэвээр үлдээх зэргээр өөрчилдөг зарчмын асуудлыг шүүх урвуугаар буруу тайлбарлан хэрэглэснээрээ алдаатай шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс зөвхөн зээл, алданги гаргуулах эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийжээ. Зүй нь зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх, ялангуяа 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийсэн гэрээ хийх болсон эрх зүйн үндэслэл, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар зээлийг нэн даруй буцаан шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн эсэх зэрэг асуудлыг тал бүрээс нь авч үзэж тухайн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс талуудын хооронд үүссэн мэтгэлцээний аль хэсгийг шүүх хүлээн авах эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 5 дугаар сарын 12-ны 102/ШШ2016/03919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шйидвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрийн гүйцэтгэлд үндсэн зээлд 75 991 888 төгрөг, алдангид 37 995 944 төгрөг нийт 113 987 832 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 72 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 90 991 888 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай зээлэх талаар хэлцэл хийгдэж, зээлийн төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр 7 582 657 төгрөгөөр төлөх, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Уг зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээнээс үүссэн үүргийн харилцан тооцож 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт талуудын тайлбар, гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Зээлийн гэрээ” хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Зээлийн гэрээний 2 дахь заалтад “Зээлдүүлэгч зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч ХХХХ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ өөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, алданги шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь 2009 оноос эхлэн нэхэмжлэгч ХХХХ гоос бөөнөөр ногоо авч худалдан авч, борлуулж байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд харилцан тооцоо нийлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг, зээлийн гэрээний үүргээр сольсон байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, уг хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх талаар талууд маргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцаа нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтэрсэн асуудалд хариуцагчийг дангаар буруутгах боломжгүй байх тул анхан шатны шүүх алдангийн хэмжээг 50 хувь буюу 36 000 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж 10 000 000 төгрөгийн хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулах нь боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 75 000 000 төгрөгөөс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 72 000 000 төгрөгийг алдангийн 10 000 000 төгрөгийн хамт гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/03919 дүгээр шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ өөс 82 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 987 832 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “…хариуцагаас 697 950 төгрөг...” гэснийг “…хариуцагчаас 567 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХ өөс төлсөн 697 950 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                          ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО